Өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 23-нд 18 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч энгийн иргэний амь насанд халдсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. 

Тэрбээр "Төв аймгийн Улаанцайдам сумын эмнэлэгт хүн нас барсан. Талийгаачийн ар гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.  Хохирогчид гадна биеийн үзлэгийг өчигдөр хийсэн. Задлан шинжилгээг Улаанбаатар хотод хийнэ. Энэхүү шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа болохоор юунаас болж амиа алдсныг одоогоор хэлэх боломжгүй. 2019 оны есдүгээр сарын 23-ны 19:40 цагт сумын эмнэлэгт хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокур, шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийсэн. Хэвлэлийн мэдээллийн хоёр сувгаас мэдээлэл гарсан байгаа. Гэхдээ бас цагдаагийн эх сурвалжаас тодруулга аваагүй болохоор зөрүүтэй тайлбар гарсан.

Харин хэн нэгнийг хамгаалах гэсэн зүйл байхгүй. Бодит байдлын талаар мэдээлэхэд, Төв аймгийн цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч, цагдаагийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явж байсан. Хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдсэн 14 настай хүүхдийг зам шалгалтаар буюу тайлбар мэдүүлэг аваад явж байхад тус сумын нутаг дэвсгэр дээр гар хөл нь цус болсон иргэн хоолны газрын гадаа орилсон байна. Үүний дагуу цагдаагийн албан хаагч нар очиж шалгахад талийгаач 61 настай Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолодож явсан.  Гар хөл нь цус болсон нь ажилчдынхаа хоолны махыг бэлтгэхээр мал төхөөрсөн байж. Ингээд цагдаагийн албан хаагч нар сумын цагдаагийн хэлтэс дээр очиж согтууралын зэргийг нь тогтооно гээд авч явсан байна. Иргэн, цагдаагийн албан хаагч нарын хороонд маргаан үүссэн байна. Авч явж байхад мөн эсэргүүцэлтэй тулгарч энэ үеэр хохирогчийн биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн тайлбар мэдүүлэгтэй байна. Хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно.

Хэргийн бодит үнэнийг тогтоох нь цагдаагийн байгууллагын хийх ёстой ажил болохоор хэн нэгнийг өмөөрөх зүйл байхгүй. Хоёр цагдаагийн албан хаагчийг зугтсан гэсэн асуудлыг тодруулахад, хохирогчийг эмнэлэгт хүргэж ирэхэд дөрвөн иргэн цагдаагийн албан хаагч нарын биед халдсан. Ахлах офицерын толгой хавдсан, жолоо барьж явсан цагдаагийн толгой хагарсан гэсэн мэдээлэл ирсэн. Үүнийг тусдаа хуулийн дагуу шалгана. Хохирогчийн биеийн гадна үзлэг хийгдсэн. Задлан шинжилгээний эцсийн хариу удахгүй гарна" гэлээ.