Өнгөрсөн өдрүүдэд “Улаан бал” нэвтрүүлгээрээ олны танил болсон сэтгүүлч Ч.Лодойсамбуу нэгэн дугаарынхаа үеэр Монгол Улсын төрийн далбааг урсан нь олны дургүйцлийг хүргэн ихээхэн шүүмжлэл хүртээд байгаа юм.

Харин Ч.Лодойсамбуу нэвтрүүлгийнхээ зураг авалтын үеэр Төрийн далбаа урснаа ингэж тайлбарлав.

“Гудамжинд явж байгаад зодуулах үйлдэл хийлээ дээ чи! гэж нэг биш хүн занангуй зэмлэв. Соёмбо хэвлэсэн мяндсан улаан даавуу урлаа гэж зодох тухай ярьж агсарч байгаа ах нар үнэндээ өөрсдийнх нь нүдэн дээр төрийн далбаанд сүслэн мөргөж үзүүлээд нүднээс далд нутгийг нь тонож, ирээдүйг нь дээрэмдэж, төрийг нь самарч байгаа гаруудад алга харшуулан урам өгч суудаг. Дээрэмчнийг бодуулах гэж туг урсан сэтгүүлчийг гудманд таарвал зодно гэх мөртөө хайртай далбааных нь мөн чанарыг хядаж байгаа даргатай хаа нэг таарахдаа шээстэй гарыг нь барих гэж уралддаг. Худлаагаар дүүрсэн хорвоо тэр аяараа мөн чанарынхаа эрэлд хатаж байхад бодох дургүй бид л хэлбэртээ тээглээд хэвтэж байна.
Далбаа нь улсаасаа чухал
Лам нь бурханаасаа том
Хайраасаа хурим нь илүү
Биенээсээ хувцас нь үнэтэй!
Уг нь,
Хүнгүй бол улсгүй, улсгүй бол далбаагүй.
Хүнгүй бол бурхангүй, бурхангүй бол ламгүй.
Хүнгүй бол хайр үгүй. Хайр үгүй бол хурим үгүй.
Хүн үгүй бол хувцас ч байхгүй.
Хүнээс бүх зүйл эхэлнэ. Ямар нэг зүйлийг тахин шүтэж байгаа бол тэр нь хүний төлөө л оршдог. Хүнд нь аюул нүүрлэчихээд байхад ямар ЭД МАТЕРИАЛ түүнээс үнэтэй байх юм? Ах нараас асууя” гэжээ.