Үнэмлэхүй олонхийн гацаа

-Ц.Нямдорж: УИХ-ыг тараавал би та нарын эсрэг ажиллана шүү-

Эрх баригч МАН-ынхан дотоод зөрчлөө нуухаар хичээдэг ч тэдний үг, үйлдэл байнга зөрсөөр байгаа. Тиймдээ ч сонгуулийн өмнөх жил үнэмлэхүй олонх байснаа бататган мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хэлэлцэхийн оронд, тарж, бууж өгөх тухай ярих болов. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх эсэх асуулдлаар ард нийтийн санал асуулга явуулахаар парламентын танхимд дэмжиж, тохирсон. Гэтэл нөгөө талдаа УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаар бичиг үйлдэн, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Мэдээж намын санаачилга мэт боловч ЖДҮ зэрэг асуудалд холбогдсон гишүүд нь “дээл”-ээ нөмөрчихгүйн тулд зөв харж инээж, буруу харж уйлсаар гарын үсгээ зурсан.

Хуульд зааснаар багадаа 51 гишүүн гарын үсэг зурснаар УИХ тарах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой. Гэтэл нэгэнт нь дээрх тоонд хүрэхгүй нь тодорхой болсон. Хоёрдугаарт Ерөнхийлагч Ард нийтийн санал асуулгад хориг тавьчихсан. Мөн УИХ-ын намрын чуулганыг эхлүүлэх хуулийн хугацаа тулчихсан зэргээс шалтгаалан МАН-ынханы эхлүүлсэн санаа, цуглуулсан гарын үсэг хүчин төгөлдөржихөөсөө өмнө салхинд хийсэн одов бололтой.

Түүнчлэн МАН-ын бүлгийнхэн өнгөрөгч долоо хоногийн сүүлээр хуралдаж, улстөр дэх акулууд нь удирлагуудаа аятайхан байхыг сануулан, бүрэн эрхийн хугацаагаа сануулсан байна. Тодруулбал, бүлгийн хуралд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланоролцож, “Намын удирдлага болоод генсекийн зүгээс ээлжит бус сонгууль зохион байгуулахыг дэмжиж байгаа” хэмээн ам алдсаныг нь “бор шувууд” түгээж эхлэв. Гэвч түүний энэ үгийн хариуд парламент дахь МАН-ын бүлгийн акулууд ихэд дургүйцэж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Г.Занданшатар аа, энэ УИХ-ыг тараавал би та нарын эсрэг ажиллана шүү. Ард түмэн миний үгийг сонсоно. Чи хүний үгээр хэтэрхий явж, энэ парламентыг самарч гүйцлээ. УИХ тараана гэдэг байж болохгүй асуудал. Би их тэвчиж байгаа шүү”” гэх зэргээр бухимджээ. Бүлгийн хуралдааны үеэр Л.Элдэв-Очир гишүүн ч “Манай удирдлагууд хэт бусдын үгэнд автаж байна. Ийм олуулаа парламентад суучихаад ганц хүний улс төрд ороод сөхрөөд байж болохгүй” гэх утгатай үгсийг ч урсгасан байна.

Хэдий МАН-ын бүлгийнхэн гарын үсэг зурсан эсэх асуудал хөндөгдөж байгаа ч ээлжит бус сонгуулиас илүү эрх баригчид бус хэсэг бүлэг хүний санаачилга газар авахаар төлөвлөгдсөн гэдгийг тэдний зарим улстөрч ийн бататгаж орхив. Тиймдээ ч гарын үсэг зурсан нь тухайн үед туршилт, тоглоом наадгай байсан мэтээр тохуурхаж буй мэт хариултыг ч зарим хүн өгөх болсон. Үнэмлэхүй олонх болчихоод өнөөдөр цөөн хүний ашиг, сонирхолд нийцүүлэн МАН үгүй болох суурийг цутгаж байгаа нь олон жил парламентад суусан гишүүдийн хувьд эмгэнэл. Харин нөгөө талдаа тэдний зарим нь дээрх үйл явцад гар, бие оролцохдоо өөрсдийн хууль бус үйлдлээ “барьцаалуулчихсан” улсаа бус өөрийгөө бодох хэмжээнд хүргэсэн хэрэг. Тиймээс л шатрын нүүдлээс ч далд явагдах болсон улстөрийн л явц гацаанд орж байгаа бололтой.

Б.Отгонзаяа

www.Erennews.mn