*Нэг. “БAЯЛГИЙН САН” БАЙГУУЛСАН ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТУРШЛАГА

Ѳѳрийн БАЯЛАГ гэж тодорхойлсон зүйлээсээ орлого тѳвлѳрүүлж, тѳвлѳрүүлсэн орлогыг ѳнѳѳ ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зорилго бүхий САН- г байгуулж, түүгээрээ дамжуулан баялгийн хуваарилалтыг хийдэг улс орнууд ѳдгѳѳ дэлхий дээр олон болжээ. Олон улсад “Soverieng Wealth Fund” буюу “Улсын баялгийн сан”-гууд туршлага хуримтлуулж хѳгжихийн хэрээр 2010 оны дунд үеэс баялгийн сангуудад нийтлэг шинэ зорилго ажиглагдах болсон нь, тухайн улсын макро эдийн засгийн тогтолцоог хамгаалах үр дүнтэй арга хэрэгслэл мѳн гэдгийг хүлээн зѳвшѳѳрч, практикт ашиглах болсон явдал юм. Аливаа улс оронд ѳѳрийн баялгийн экспортоос үүдэн гаднаас орж ирж буй их хэмжээний валютын урсгалаас дотоодын эдийн засагт учирч болзошгүй сѳрѳг үр дагаврыг хамгаалах, гадаад валютын их хэмжээний урсгалыг үндэсний эдийн засагт зохистой шингээх арга зам нь баялгийн сан болсон тѳдийгүй, энэ сан нь ѳѳрѳѳ макро эдийн засгийг хамгаалах хэрэгслэл болсон гэдгийг дэлхий дахинаараа хүлээн зѳвшѳѳрч ашиглах болжээ. Энэ тѳрлийн сангийн ѳмчлѳгч нь тухайн улс орны Засгийн Газар байдгаараа онцлогтой.

 

2018 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийтдээ 120 орчим баялгийн сан байгаа бѳгѳѳд эдгээрийн нийт актив нь 11 их наяд ам долларт хүрээд байна. 2008 онд Вашингтон хотод баялгийн сангуудын тухай ойлголтуудыг нэгтгэх, түүний үйл ажиллагааны зарчим агуулгыг хууль зүйн хувьд боловсронгуй болгох зорилго бүхий Олон Улсын ажлын хэсгийг ОУВС ийн гишүүн бѳгѳѳд баялгийн сан бүхий 26 орны бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Ингэснээр “Сантьягогийн зарчмыг батлах тухай” Олон Улсын конвецод баялгийн сан бүхий улс орнууд сайн дураар нэгдэн орж, уг баримт бичгийн хүрээнд нийт 24 зарчим, практикийг  үйл ажиллагаанд мѳрдѳхийг хүлээн зѳвшѳѳрсѳн байна. 2009 онд Англи улсад зохион байгуулагдсан Олон Улсын баялгийн сангийн анхдугаар чуулга уулзалтад дэлхийн 30 гаруй орны баялгийн сангийн удирдлагууд оролцож, баялгийн сангийн зарчмыг үйл ажиллагаандаа мѳрдѳхѳѳр хүлээн зѳвшѳѳрчээ.

 

*1953 онд Кувейт улс газрын тосны орлогоосоо хуримтлал үүсгэн байгуулсан “Kuwait Investment Autority” буюу “Кувейтын Хѳрѳнгѳ Оруулалтын Сан” ѳдгѳѳ 592 тэрбум ам долларын хуримтлалтай болсон байна.

*1990 онд “Норвегийн Газрын Тосны Сан” нэрээр байгуулагдсан “Government Pension Fund-Global” сан нь ѳдгѳѳ 1,2 их наяд ам долларын хѳрѳнгѳтэй “Apple”, “Microsoft”, “Nestle” зэрэг компаниудын хувьцааг эзэмшдэг гэдгээрээ тэргүүлж байна.

 

*Одоогоор дэлхийд тэргүүлж буй баялгийн сангууд:

 

1.     Норвегийн тэтгэврийн сан

2.     Хятадын хѳрѳнгѳ оруулалтын корпораци

3.     Абу Дабигийн хѳрѳнгѳ оруулалтын сан

4.     Кувейтын хѳрѳнгѳ оруулалтын сан

5.     Хонг Конгийн хѳрѳнгѳ оруулалтын сан

6.     Саудын Арабын хѳрѳнгѳ оруулалтын сан

7.     Хятадын гадаад валютын удирдлагын хѳрѳнгѳ оруулалтын сан

8.     Сингапурын Засгийн Газрын хѳрѳнгѳ оруулалтын корпораци

9.     Сингапурын Темасек холдинг

10. Саудын Арабын нийтийн хѳрѳнгѳ оруулалтын сан

 

Баялгийн сангууд дараах 4 чиглэлд хѳрѳнгѳѳ байршуулдаг аж. Үүнд:

 

1.     Мѳнгѳн хѳрѳнгѳ түүнтэй адилтгах зүйлс

2.     Тогтмол орлоготой үнэт цаас

3.     Олон Улсын болон үндэсний компаниудын хувьцаа

4.     Хѳдлѳх, үл хѳдлѳх хѳрѳнгѳ, дэд бүтэц, бусад тѳрлийн хѳрѳнгѳ оруулалт

 

*Хоёр. МОНГОЛД “БАЯЛГИЙН САН” БАЙГУУЛАХ ОРОЛДЛОГО

 

*2009 оны 11 сарын 18 ны ѳдѳр “Хүний хѳгжил сангийн тухай” хуулийг УИХ аар баталж, анхны үндэсний хэмжээний санг байгуулжээ. Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой ѳсѳн нэмэгдэх байнгын нѳѳц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилго агуулсан боловч хэрэгжүүлж чадаагүй. Шалтгаан нь, сангийн орлогын эх үүсвэр тогтворгүй буюу иргэддээ бэлэн мѳнгѳ хэлбэрээр тарааснаас санд хѳрѳнгѳ тѳвлѳрүүлэх нѳхцѳлийг бүрдүүлж чадаагүй. Энэ нь эргээд эдийн засагт ѳрийн дарамт үүсгэсэн ба сангийн хѳрѳнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй Тѳр хэт хутгалдсанаар сангийн менежмэнтийн бодлого улстѳрѳѳс хамааралтай болж үндсэндээ дампуурсан байна.

 

*2016 оны 2 сарын 5 ны ѳдѳр “Ирээдүйн ѳв сангийн тухай” хуулийн тѳслийг УИХ баталж, “Хүний хѳгжил сангийн тухай” хуулийг хүчингүй болголоо. Энэ хууль хэрэгжин санд бага зэрэг хѳрѳнгѳ тѳвлѳрч байгаа ч, баялгийн сангийн талаарх олон улсад хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн нийтлэг зарчимуудад нийцэхгүй байна. Энэ хуулиар 1.Ирээдүйн ѳв санг байгуулах 2.Түүний хѳрѳнгийг удирдах Тѳрийн ѳмчит корпорацийн эрх зүйн байдлыг тогтоосон хэдий ч, санд хѳрѳнгѳ тѳвлѳрүүлэхэд гол анхаарлаа хандуулж, хѳрѳнгийг удирдахад оролцох бүтэцийг хуульд заасны дагуу байгуулаагүй байна. Түүнчлэн энэ хуулийн зохицуулалт нь:

 

1.Ѳмчийн тѳрѳл хэлбэрийн талаарх Үндсэн хууль болон Иргэний хуулийн суурь зарчимд тулгуурлаагүй

2.Сангийн дээд удирдлагыг Тѳрийн нэг институцид хэт тѳвлѳрүүлсэн

3.Сангийн хѳрѳнгийг бүхэлд нь урт удаан хугацаанд царцаасан

4.Сангийн хѳрѳнгийн зарим хэсгийг Олон Улсын бас үндэсний томоохон тѳслүүдэд байршуулах боломжуудыг хаасан

5.Корпорацийн эрх зүйн нийтлэг зохицуулалтыг тодорхой тусгаагүй гэх мэт сул талууд байснаас үр дүнд хүрэх боломжгүй гэж дүгнэжээ.

 

 

*Монгол улсын Засгийн Газраас 2018 оны дунд үеэс “Баялгийн Сан”- г олон улсад хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн сан болгон ѳѳрчлѳх практик шаардлага бий болсон гэж үзэн судалгаа хийж эхэлсэн байна. Сантьяагогийн зарчимд “Баялгийн сан гэдэг нь Засгийн Газрын эзэмшилд байдаг тусгай зориулалтын хѳрѳнгѳ оруулалтын сан юм” гэсэн үндсэн зарчмыг одоо шинээр боловсруулж буй “Баялгийн сангийн тухай хууль”-д эрх зуйн хувьд үндэслэл болон баримталжээ.

 

 

Уг баримт бичигт сангийн зорилгыг “Макро эдийн засгийн зорилтыг хангуулах зорилгоор Засгийн Газраас байгуулдаг баялгийн сан нь санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд ѳѳрийн хѳрѳнгийг эзэмшин удирдаж, захиран зарцуулах замаар санхүүгийн зах зээлд хѳрѳнгѳ оруулалт хийж, ѳѳрийн улсын хѳрѳнгѳ оруулалтын стратегийг хэрэгжүүлнэ” гэж заасныг харгалзан Монгол Улсын баялгийн сангийг арвижуулах зохицуулалтыг тусгасан аж.

 

…Монголд “Баялгийн Сан”-г байгуулахдаа улстѳрийн зорилгоор, магадгүй уг хѳрѳнгийг сонгуульд ашиглах ч юм уу, эсвэл сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд ашиглаад байсан мэт дүр зураг ажиглагдаж байна. Ирээдүй үеийнхний сайн сайхны тѳлѳѳ, эсвэл хѳгжлийн алсын бодлоготой уялдуулах гэх мэт санаа нь бодитоор мэдрэгдсэнгүй. Мэргэжлийн зарим хүмүүстэй холбогдон саналыг нь сонсоход, хэд хэдэн асуудал дээр санал зѳрж байна билээ.

 

 

1.     “Баялгийн Сан”- гийн хѳрѳнгийг 20-30 жилийн хугацаанд зарцуулахгүйгээр хадгалах ёстой. Ашиглаж болох шаардлага нь, онц аюултай гамшиг тохиолдсон үед байж болох юм

2.     Дотоод эрсдэлээсээ хамгаалж “Баялгийн Сан”- гийн хѳрѳнгийг гадаадын дансанд байрлуулсан нь дээр

3.     “Баялгийн Сан”- гийн менежмэнтийг дэлхийн хэмжээний туршлагатай байгууллагаар хийлгэж, тэднээс суралцан ирээдүйн мэргэжилтнээ бэлтгэх

4.     “Баялгийн Сан”- нь улстѳрчдийн мэдлээс болон улстѳрийн зорилгоос ангид байх ёстой” гэсэн санаан дээр бүгд санал нийлж байв

 

“Баялгийн Сан” гийн шинэ хуулийг олон улсын туршлагад нийцүүлэхдээ Монголын онцлогийг харгалзан мэрэгжлийн хүмүүсийн саналыг харгалзан үзэх байх. Ѳнѳѳгийн нѳхцѳлд “Баялгийн Сан”- гийн хѳрѳнгийн тодорхой хувийг “Тогтвортой хѳгжлийн бодлогo”-ын суурийг бий болгоход зарцуулах нь зѳв шийдэл ч байж болох юм. Бид, ирээдүйдээ хандсан зѳв бодлого, шийдлийг одоо л эхлүүлэхгүй бол хожимдож мэдэхээр байна.

 

*Гурав. “БАЯЛГИЙН САН”  ГИЙН САНХҮҮЖИЛТ БАС ѲГѲѲЖ

 

Баялгийн сан буюу Хѳрѳнгѳ оруулалтын сан нь дараах байдлаар ялгаа бүхий санхүүжилтийн хэлбэрүүдтэй байдаг. Үүнд:

 

1.     Tѳрийн мэдлийн ашигт малтмалын уурхайн экспортоос \Ботсвана, Кувейт, Чили, Эмират\

2.     Уул уурхайн экспортын татвараас  \Орос, Альяска\

3.     Санхүүгийн илүүдэл хѳрѳнгѳнѳѳс  \БНСУ\

4.     Тэтгэвэрийн сангаас \Франц, Ирланд, Шинэ Зеланд\

5.     Тѳв Банкны нѳѳцѳѳс \Хятад, Сингапур\

6.     Ѳмч хувьчлалын орлогоос  \Австрали, Малайз\

 

“Баялгийн Сан”- г үндсэн зорилгын хувьд ОУВС аас 5 ангилан авч үзжээ. Үүнд:

 

1.     Tогтворжуулалтын сан. Тогтворгүй орлогын сѳрѳг нѳлѳѳг багасгах зорилготой, орлогын хэмжээнээс хамааран зарцуулалтын хэмжээг тодорхойлдог  \Азербайджан, Алжир, Венесуэль, Казахстан, Тринадад ба Тобагo, Чили\

2.     Хадгаламжийн сан. Ирээдүй үедээ зориулан баялаг хуримтлуулахыг зорилго болгодог \ Альяска. Катар, Кувейт\

3.     Валютын нѳѳцийн хѳрѳнгѳ оруулалтын корпорациуд. Гадаад валютынхаа тодорхой хэсгийг ашиглан санхүүгийн зах зээлд ѳндѳр эрсдэлтэй боловч ашиг ихтэй хѳрѳнгѳ оруулалтыг хийдэг \Солонгос, Хятад, Тайвань\

4.     Хѳгжлийн сан. Ашгийг ирээдүйн хѳгжлийн зорилгод ашигладаг \Казахстан, Малайз\

5.     Тэтгэвэрийн нѳѳцийн сан.  Үндэсний тэтгэвэрийн сангийн тодорхой хэсгийг хадгалж, нийгмийн сайн сайхны тѳлѳѳ хуримтлал бий болгодог \Австрали, Ирланд, Шинэ Зеланд, Франц\

 

Монголын Баялгийн сангийн хувьд:

 

*Сангийн орлогын эх үүсвэр хаанаас бүрдэх вэ?

 

1.     Нѳѳц ашигласны тѳлбѳр

2.     Хувьцааны ноогдол ашиг

3.     Орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мѳнгѳ, зээлийн тодорхой хэсэг

4.     Санхүүгийн үүсмэл хэрэгслэл ашиглах

5.     Хѳрѳнгѳ оруулалт хийснээс олох цэвэр ашиг

 

*Иргэд сангаас ямар хэлбэрээр ѳгѳѳж хүртэх вэ?

 

1.     Шууд хэлбэрээр \Орон сууц худалдаж авсаны тѳлбѳр, Сургалтын тѳлбѳр, бэлэн мѳнгѳ\

2.     Шууд бус хэлбэрээр \Тэтгэвэрийн насны иргэдийн нийгмийн амьдралд үзүүлэх дэмжлэг\

3.     Дам нѳлѳѳ  \Уул уурхайн  салбарын бүтээн байгуулалтын үр дүнд ажлын байр бий болгох, Иргэдийн амжиргаа орлогын эх үүсвэр сайжрах\

 

…Бусдаас хамааралтай байх дургүй мѳртлѳѳ хийрхэлээсээ болоод хамааралтай болчихдог, ѳѳрѳѳ хичээж хѳдѳлмѳрлѳхгүй хэрнээ баяжсан нэгнийг үзэн яддаг, болж бүтэхгүй байгаа бүхнийхээ бурууг бусдаас хайдаг, “тѳр биднийг харж халамжлахгүй байна” хэмээн гомдоллодог монголчууд бидний хувьд энэ цаг мѳчид “Баялгийн Сан” зѳв хувилбар байж болох юм гэж бодоод байна л даа. Мэдээж энэ нь тѳгс хувилбар биш хэдий ч цаг үедээ зохицон хэрэгжүүлж болох хувилбар байж болох юм. Зүгээр л сургаар хийрхэж шүүмжлэхээс” Баялгийн Сан”- гийн талаар наад захын ойлголттой болбол тун сайн. Бас дэлхийн нийтийн хандлагыг анзаарч бидэнд тохирохыг сонгож болмоор. Дэлхий нийтээрээ “Аз жаргалтай амьдрах” хувилбарыг олж чадаагүй ч эрж хайсаар л … Mонголчууд бидний хоцрогдол “боломж” болон хувирч болох юм хэмээн би заримдаа мѳрѳѳддѳг юм.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах