Сүүлийн жилүүдэд Улсын их хурлыг тараах эсэх тухай маргалдаж бас Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал гацсан янзтай байгаа, төр, засгийн зарим нөхөд элдэв хэрэгт орооцолдсон гээд улс төрийн сэдэв тун халуухан байгаа.

Үүнтэй зэрэгцээд Монголын түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг нураах устгах гэж буй тухай шуугиан төр, засгийн асуудлаас өндөр авч амтай бүхэн цуурч ажил албаа мартах шахам байх шиг ээ. Бодоход сүүлийн 30-аад жилд туулж өнгөрүүлсэн он цаг, дүр төрхөөрөө “түүх хэлэх” олон олон барилга байгууламж хөшөө дурсгалыг үгүй хийжээ гэдэг нь үнэн юм.

Уг ажил Улсын төв номын сангийн үүднээс И.В.Сталины, Төв талбайн хажуухнаас В.И.Лениний хөшөөг булга татан аваад хог дээр аваачин хаясан, Буянт-Ухаа, комбинатын гэж нэрлэгдэж байсан хоёр ч цагаан хаалгыг ор мөргүй нурааснаас л эхэлсэн л дээ. Бас 1946-1951 онд баригдсан хэд хэдэн байшин, барилга одоо ор мөргүй болж оронд нь олон давхар шилэн голдуу орд босгосон. Тэр бүхэн үүх түүхээс хол, ямар байсны зах зухаас хараагүй өнөөгийнхөнд бол тийм л байх учиртай мэт санагддаг биз. Гэтэл үгүй юм аа. Улаанбаатарт байгаа соёлын өв гэгдэх барилга байгууламжийг устгаад дуусгах нь гэх ярианы дундаас анирдвал Монгол Улсын засгийн газраас Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж тэнд Чингис хааны музей барих шийдвэрийг энэ оны долдугаар сард гаргасан юм билээ. 

 

Цаашлаад Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилгыг шинээр барих юм байх аа. Тэгээд Засгийн газрын шийдвэрийн дагуу Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барих зардалд 400 сая төгрөгийн төсөвтэй тендерийг өнгөрсөн наймдугаар сард зарлаж санхүүжилтын эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Гэтэл үүнийг нь олон нийтийн нэг хэсэг эсэргүүцэж соёлын өвд муйхраар хандлаа гэж үзэж байна. Өчигдөрхөн дөө, Байгалийн түүхийн музей барилгын үүднээ олон хүн байхтай таарлаа. Залуус голдуу юм тэд. Уг барилгын үүд, хашаа довжооны хашлага хааяагүй лоозон бичиг хаджээ.

Соёлын өвийг хамгаалцгаая гэнэ. Түүхэн дурсгалтай музейн байшингаас савраа тат, 1937 онд сэхээтнүүд, лам нараа үгүй хийж байсан шиг одоо дурсгалт барилгуудыг хэлмэгдүүлэх гэж байна. Энэ бол террорист халдлага гэх мэт үгийг тэндээс уншив. Басхүү зарим хүмүүст лоом, жоотуу гэсэн нэр хоч өгсөн ч харагдана. Тэгээд Байгалийн түүхийн музейгээ аварч үлдэе гэсэн хүмүүсийн гарынх үсгийг цуглуулж байна лээ. Энэ зуур Ардын хувьсгал мандахаас өмнө Богдын шар ордны өмнө байгаад энд шилжиж ирсэн хоёр чулуун арслан хэрэв амьтайсан бол одоо уурлах л байсан болов уу гэсэн бодол бас тэнүүчлэх.

1930-аад онд Улсын төв музей уг барилгад төвхнөж байсан түүхтэй юм билээ. Сүүлийн жилүүдэд Байгалийн түүхийн музей нэрээр үзэгч олноо угтах болсон. Байгалийн түүх бол дэлхийн үүслээс эхлээд ургамал амьтан, хүн хэрхэн бий болсон гээд хэдэн зуун мянган жилийн түүхийн процессыг хамардаг. Тэр чанараараа хүмүүст тэр дотор хүүхэд залууст танин мэдэхүйн асар их мэдлэг өгдөг гэдгийг их нурших нь илүүц биз. Харин уг музейг Их Тэнгэрийн ам орчимд шинээр барина гэсэн шийдвэрийг үзэгчдээс нь холдуулж, зугатаалгаж байгаа юм шиг гэж зарим нь шүүмжилж байгааг сонслоо.

Энэ нэг хэрэг гэж үзье. Хэдийгээр музейн байшинг мэргэжлийн хяналтын байгууллагаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан ч энэ барилгад хүчитгэл хийж болно гэсэн санал байдаг аж.

 

Архитекторчид, мэргэжлийн хүмүүс ч бас Байгалийн түүхийн музей нь нийслэлийн дүр төрхийг жинхэнээр нь харуулж бүтээгдсэн анхны барилгуудын нэг. Арслантай гүүрний баруун талд орших Санхүүгийн дээд сургуулийн байшинтай нас чацуу юм шүү гэдгийг нотлоод хүчитгэл хийгээд ашиглаж болох юм шүү гэсэн бий. Даанч энэ музейг хаагаад бүтэн зургаан жил хараанаасаа гаргаж арчилж тордолгүй байснаас болж өнгө зүсээ алдсан нь бас нэг үнэн. Цаашид ч олон барилгыг нураах, сөнөөх нь гэсэн шуугиан их байна. Тухайлбал, театруудын барилгын хувь заяаг дэнсэн дээр тавиад байна гэнэ.

Драмын эрдмийн театрын хувьд 1961 онд ашиглалтад оржээ. Энэ барилгыг уран барилгын эртний өв уламжлалын дагуу жинхэнэ Монгол архитектурын шийдлээр бүтээсэн урлаг, соёлын үнэт өв гэдгийг батлах баримттай юм билээ.

Монголоос өөр улс оронд яг ийм хийцийн барилга байхгүй учир 2011 онд 50-иас дээш жилийн насжилттай есөн бүтээлийг “Азийн архитектурын үнэт өв”-д бүртгүүлэхэд энэ барилга багтжээ. Ухаж бодоод сайн ажиглах юм бол энэ театрын барилгын гаднах багануудын дээд хэсэгт азарганы толгойтой, дотоод талд нь лоож, тайзны хээ угалз баримлууд нь үндэсний хэв шинжтэй төдийгүй барилгын хийцийн далд утга нь Чингисийн найман шарга морины билгэдэл гэж үздэг юм байна. Дуурь бүжгийн эрдмийн театр ч ялгаагүй. Өвөрмөц хийцтэй, төв талбайн нэг чимэг таних тэмдэг (эмблем) нь л дээ. Улсын төв номын сан ч адилхаан. Дахин давтагдашгүй бүтээцтэй барилга.

Тиймээс эдгээр газруудыг зайлшгүй дахин шинэчлэх юм бол түүхэн өнгө төрхийг нь хадгалахын тулд нүүрэн талын хэв маягыг нь хэвээр үлдээж өргөтгөх учиртай гэж барилгын мэргэжилтнүүд хэлж байна.

Бас төв талбайдаа содон Улаанбаатарын нэг таних тэмдэг гэгдэж байсан Хэвлэх үйлдвэрийн хуучин байшинг хүчитгэхдээ олны нүдэнд дассан дүр төрхийг огт гээж зүгээр нэг дөрвөлжин шилэн байшин болгочихсон. Одоо дуурийг театрыг тэгэх юм бол Сүхбаатарын талбайг хүн танимгүй болж таарах байх.

Ерөөсөө манай Монголд түүхэн юмаа устгадаг сүрхий өвчин дэлгэрчээ гэмээр ч юм уу. Гадаад улс оронд бол хэдэн зуун жилийн настай соёлын өвөө хэдэн арван үеэрээ хадгалж хамгаалж байдаг жишээ олон. Ганцхан жишээ гэвэл Францын нийслэл Парис хотын зүрхэн тушаа байдаг Дарь-Эхийн сүм байна. Саяхан энэ сүмд гал гарч шатсныг францчууд аймшигт явдал гэж үзэж байна. 1160-аад онд баригдсан олон удаагийн дайн самууныг давж гарсан 850 жилийн настай энэ сүмийг үзэхээр одоо жилд 13 сая жуулчин очдог гэдгээрээ дэлхийн долоон гайхамшигийн нэг Эйфелийн цамхгаас илүү үнэлэмжтэй гэх юм билээ. Берлинд гэхэд хоёр Германыг тусгаарлаж байсан хана хэрмийн ул мөр, Рейхстаг, Бранденбургийн хаалга гээд бий. Лондонд, Токиод бас олон зуун жилийн настай модон байшин хүртэл хадгалагдаж байдаг юм.

Өмнөд хөрш Хятадад Утай, Гүмбэн, Лхас гээд зөвхөн барилга байшин биш бүхэл бүтэн хот хуучин хэвээрээ байдгийг монголчууд очиж үздэг, сайн мэднэ дээ. Гэтэл манайхан 50, 60 жилийн насжилттай барилгуудаа үгүй хийхээ урьдал болгох юм. Нийслэлийн төв талбайгаас хойших нь том ногоон хашаа босгожээ. Уг хашааг тойрч үзвэл бараг алхаад л “Анхаар! Барилга нурааж байна. Дээрээс юм унана” гэсэн анхааруулга хаджээ. Үгүйлээд бодвол тэнд М.Горькийн номын сан байрлаж байсан дундаа арктай сууц бүхий томоохон байшин байсан нь алга л даа. Тэндээс холгүй Сүхбаатар дүүргийн байшинг “арчиж хаяад” өндөр барилга бариад эхэлж. Ер нь хаа сайгүй л нураалт болж байгаа юм байна. Байдал ийм. Тэгвэл оюун ухаанд нь нураах баллах дон шүглээд байгаа юм бол та минь цаана чинь нураагаад байм байшин барилга олон байна шүү гэдгийг хэлэх гэсэн юм.

 

Хаа байна вэ гэл дээ. Бараг хорин жил дайны хөлд өртсөн мэт царайлан Сөүлийн гудамжны өнгө төрхийг баллаж харагдах “Хангай” зочид буудлын балгас. Уг нь “Сайхан барилга байсан вм л даа. Даанч хувьчлалын шуурганы үеэр тун бүтэлгүй эзэнд очсон “азгүй эд”” гэгдэх болж.

Холуур яв! Аюултай гэсэн хаяг зүүлттэй өтөллөө дөө тэр барилга. Бас зүүн дөрвөн замын урьдах нь арав гаруй жилийн өмнө галд өртөөд дээд хэсэг нь нүүрс, үнс болсон дугуй байшин нэг бий. Эзнээ алдсан гэмээр эд дээ. Гэтэл хэн ч хайхардаггүй нь хачин. Тэгвэл Хан-Уул дүүрэгт нийслэлийн 52 дугаар сургуулийн зүүнхэн талд баригдсан 10 гаруй давхар шар барилга байдаг. Сураг нь гэвэл орон сууцанд наалдуулан зөвшөөрөлгүй барьсан тул буулгах шийдвэртэй юм гэх. Гэтэл буулгана, нураана гээд арван жил бараг боллоо. Хаалга цонх нь хаалттай нэртэй зарим хэсгийг нь хагалж, эвдэлсэн ноорхой юм байгаа. Уг нь эзэнтэй болоод баригдсан байх даа. Энэ барилгыг харах бүрдээ л яасан гаргуундаа гарсан хөрөнгөтэй хүний юм бол гэж бодогддог. Нөгөө гэвэл хотын төв орчимд барьж байгаа үгүй нь мэдэгдэхгүй амьтны араг яс шиг хэрзгэр дутуу барилга олширсон. Ёстой л бульдозероор түрээд хаямаар. Түүний нэг нь төв шуудангийн өмнөх нэгэн сэг шиг барилга. Энэ нь гадна, дотныхонд хичнээн муухай харагддаг гээч. Даангүй нийслэлийн төв талбайд болдог гадаад зочин хүлээн авах, сайн сайхан баяр цэнгэл болноо тэр бүхний зургийг авах үед цаана нь хэзгэр хар юм гарч гай болдог сурвалжлагч бидэнд. Тиймээс барилга байшин нураахаар шизо нь хөдлөөд байгаа хэн нэгэн байгаа бол дуулгахад эднээс л нураах ажлаа эхлээч гэж хэлэх байна. Ядаж л Улаанбаатарт олдохоо больсон газар нь чөлөөлөгдөх баймаар юм.

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: “Зууны мэдээ сонин”