Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө сайжруулсан түлшний угаарын хийнд нийт 28 иргэн хордож, эмнэлгийн тусламж авсан ч дөрвөн иргэн амь насаа алдсан.

Засгийн газраас хэрэгжүүлсэн утаагүй түлш хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн сайжруулсан түлш хэрэглэн угаартсан хүний тоо одоогоор 35-д хүрээд байна. Хоёр хүүхэд ЭХЭМҮТ-д, таван том хүн Цэргийн төв эмнэлэгийн Хордлогийн яаралтай тусламжийн үндэсний төвд эмчлүүлж байгаагаас 16 настай хүүхдийн биеийн байдал муу байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комисс өнгөрсөн бямба гаригийн 23:00 цаг өнгөрч байхад хуралдсан. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан “Тавантолгой түлш” компани, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас Онцгой комиссын гишүүд өндөржүүлсэн байдалд шилжсэн юм.

 

15 АЙЛ ӨРХ, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН 17 ЦЭГЭЭС ДЭЭЖ АВЧ ШИНЖИЛГЭЭНД ЯВУУЛЖЭЭ

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээг хийлгэх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” гэсэн. Үүний дагуу НМХГ сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартсан иргэдийн хэрэглэж байсан шахмал түлшний дээжээс шинжилгээ авч лабораторид хүргүүлж, харьцуулсан шинжилгээ хийсэн байна. Тодруулбал, 15 айл өрх, “Тавантолгой түлш” компанийн хоёр цэг, нийт 17 цэгээс 23 төрлийн дээж авч шинжилгээнд явуулжээ. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

 

Ж.Батбаясгалан: ТҮЛШИНД АСУУДАЛ БАЙХГҮЙ, ИРГЭД БУРУУ ХЭРЭГЛЭСНЭЭС БОЛЖ УГААРТСАН

 

Энэ асуудлаар өчигдөр дахин Нийслэлийн онцгой комиссоос байгуулсан ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хуралдаж мэдээлэл хийсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Барьцалдуулагч бодисыг Гаалийн лабораторийн шинжилгээ хийж байж, Монгол Улсад импортоор оруулж ирдэг. Барьцалдуулагч бодисыг шинжилгээнд өгсөн. 15 айл өрх, “Тавантолгой түлш” компанийн хоёр цэг, нийт 17 цэгээс 23 төрлийн дээж авч, гурван лабораторид шинжлүүлсэн. Хийнд хордох, шингэнд хордох гэж ялгахаас биш яг тийм бодисоос  хордсон гэсэн хариу Эрүүл мэндийн байгууллагаас гардаггүй юм байна. Нийт 50 орчим иргэн хийнд хордсон гэдэг мэдээлэл байна. Энэ сарын 3-5-ны өдрийн хооронд 35 иргэн хийнд угаартсан байдлаар эмнэлгийн байгууллагад хандсан. Үүнээс дөрөв нь амь насаа алдсан. Шууд түлшнээс хордсон гэж хэлэхэд өрөөсгөл. Албан ёсоор дүгнэлт гарснаар зургаан хүн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал хүнд байна. Энэ түлш бол маш том реформ. Одоо борлуулалт, үйлдвэрлэл зогсоогүй хэвийн явагдаж байгаа. Борлуулалтын цэг дээр үйлдвэрийн түлш байна уу, үгүй юу гэдэгт шинжилгээ хийж байна. Үйлдвэрлэх явцад бүхий л шинжилгээг хийж байж худалдаалдаг. Хуурамч түлш, эсвэл янз бүрийн асуудал гараагүй л бол түлшинд эргэлзэх ямар ч шаардлага байхгүй. Бүгд л түлэх ёстой түлш” гэсэн юм.

 

С.Даваасүрэн: ХОРДСОН ИРГЭД БҮГД “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” КОМПАНИЙН ТҮЛШ ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДСОН

 

НМХГ дэд дарга С.Даваасүрэн “Есдүгээр сард хамгийн сүүлийн байдлаар “Тавантолгой түлш” компанид сайжруулсан түлшнээс 1,3,5,7,9 сард үйлдвэрлэгдсэн  түүврийн байдлаар 14 төрлийн дээж авч шинжилгээ авсан. Бат бэх чанар нь заримдаа стандартад хүрээгүй. Бусад үзүүлэлт хангалттай сайн гарч байсан. Шинжилгээний хариуны хувьд худалдаалагдаж болох юм гэдэг дүн гарсны улмаас худалдаанд гаргасан. 200 мянган айл өрх зэрэг түлэхэд нэг хүрэхгүй айлд ийм зүйл тохиолдлоо. Бүтээгдэхүүнд асуудал байхгүй. Харин айл өрхийн буруу хэрэглээнээс болсон байх гэж үзэж байна. Энэ түлш бороонд норохгүй, нарны тусгал тусгахгүйгээр хадгалах ёстой. Гэвч буруу хадгалснаас алдаа гарч байна.

 

Хордсон хүмүүс ихэнх нь ханан пийшэн хэрэглэсэн байсан. Хордсон иргэд хаанаас, аль компанийн түлш хэрэглэсэн нь смарт карттай тул хялбархан мэдэгдсэн. Бүгд “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг хэрэглэсэн нь тогтоогдсон ” гэсэн юм.

 

Р.Даваадорж: УГААРТ ХОРДСОН 16 НАСТАЙ ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ МАШ  ХҮНД БАЙНА

 

ЭХЭМҮТ-ийн Хандалт, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж “Энэ сарын 2-3 нд шилжих шөнөөс эхлэн хүүхэд ЭХЭМҮТ-д, харин насанд хүрсэн иргэд Цэргийн төв эмнэлгийн ХЯТҮТ-д нийт 28 хүн эмчлүүлээд, гарсан. Хоёр хүүхэд ЭХЭМҮТ-д таван хүн ХЯТҮТ-д эмчлүүлж байна. Одоогоор 16 настай хүүхдийн биеийн байдал маш  хүнд байна. Ирсэн хүмүүс бүгд ижил нэг шинж тэмдэгтэй, угаарын хордлоготой ирсэн. Тэдгээр иргэд шахмал түлшний угаараас хордсон гэх өгүүлэмжийг өгч байгаа. Дандаа үүрээр, шөнийн цагаар иргэд угаартан эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Эмч нар бид дүгнэлт өгч чадахгүй. Гэхдээ зуухаа буруу ашигласнаас, болсон гэж бодож байна. Гэхдээ техникээс болсон уу, нүүрснээс болсон уу гэдгийг мэргэжлийн байгууллага шалгаж, нэгдсэн дүгнэлт гаргах байх. Хэвтэн эмчлүүлсэн хүмүүс хордлого тайлуулах эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан” гэлээ.

 

 

Б.Намуунтамир

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин