Есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жил эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд сургуулиудын үдийн цай хөтөлбөр асуудал дагуулж хэд хэдэн "но" ар араасаа хөвөрлөө.  Хамгийн сүүлийн жишээ нь, 79-р сургуулийн сурагчдад үдийн цайнд нь түлэгдэж, хатсан талх өгч байгаа нь илчлэгдсэн юм.

Үүнээс өмнө олон сургуулийн үдийн цайг хүүхдийн эрүүл мэндэд заналхийлсэн унд өгч байгааг мэргэжлийн хяналтын газрынхан шалгалт хийж тогтоочихсон. Улсын тэргүүний ууган сургууль хүртэл сурагчдад хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус хаяг, шошгийн зөрчилтэй шинжилгээний бичиггүй нарийн боовыг мөн л юуных нь тодорхой бус жүүсний хамт өгч байсныг тус сургуулийн багш нар нь олон нийтэд хүргэж, эсэргүүцсэн юм.

Хамгийн ноцтой асуудал нь сургуулиудын гал тогоог НӨАУГ бусдад түрээсэлдэг гэж буй. Гэтэл сургуулиудын захиралууд эмчээ ажлаас нь хална хэмээн айлган сүрдүүлж үдийн цай гэгдэж ирсэн бэлэн бүтээгдэхүүнийг тараадаг. Тэр нь хоол гэхээсээ илүүтэй хор болж байгааг  эцэг, эхчүүд төдийгүй багш нар нь хэлж байгаа юм. Ямар ч амт, чанаргүй зүйлийг гаднаас хир буртагтаа баригдсан хүнсний зориулалтын бус саваар зөөж шууд хүүхдүүдэд өгдөг аж. Үүнийг нь ихэнхи хүүхдүүд голоод иддэггүй хогийн сав руу хаядаг гэдгийг нэгдүгээр сургуулийн багш нар ярьсан. Ийнхүү төрийн төсвөөс хүүхдийн эрүүл мэндийг бодон төсөвлөсөн мөнгийг завшиж байгаа эл үйлдлийг зогсооё. 

Зарим сургуулиуд нь үдийн цайг хэдийнээ үдийн хоол болгочихоод 5 өдрийн турш хүүхэд нь ямар орц, найрлага орсон хоол идэж байгааг батлаад нээлттэйгээр үзүүлж байна. Гэтэл нөгөө талдаа түлэгдэж, хатсан талх, нэг ширхэг цайны печень өгч нүд хуурч байгаа захиралуудтай хариуцлага ярих эрх мэдэлтэн алга уу? Өнөөдрийг хүртэл удаа дараа гарч байгаа үдийн цайтай холбоотой асуудалд хариулт өгч, дорвитойхон дуугарсангүй. 

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 217 сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжиж байгаа аж. Тэгвэл ирэх оноос цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийн зардлыг нэмнэ хэмээн төсөвт тусгажээ. Зардлыг нэмсэн ч захиралууд өөрсдийн ашиг хонжоо харсаар байвал ямар ч үр дүнгүй, байдал хэвээр үргэлжилнэ. Хариуцлага үүрэх ёстой бол үүрүүлээд, хэрэгжүүлэлт  хатуу хяналт тавих чухал гэдгийг дээрх жишээнүүд харуулж байна.