Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал АУ-ны доктор, профессор Л.Насанцэнгэлтэй ярилцлаа.


-Сүүлийн үед сэтгэцийн эмгэгтэй, ууртай хүмүүс ихэсч байна гэх боллоо. Хүмүүс яагаад ийм их уур бухимдалтай болчихов оо?

-Нийгэм хөгжихөөр сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй хүний тоо өсдөг л дөө. Дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгээр өвчилдөг гэж үздэг. Сэтгэцийн эмгэг нь 2005 онд дэлхий нийтийн өвчлөлийн 10 хувийг эзэлж байсан бол 2020 гэхэд 15 хувь болж нэмэгдэнэ гэж тооцоолсон байдаг. Иймээс хөгжлийг дагаад сэтгэцийн эмгэг өсдөг нь харагдаж байгаа биз дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Номхон далайн баруун бүсийн хөгжингүй орнуудад мэдрэл сэтгэцийн эмгэг хүн амын 27 хувийг эзэлж байхад хөгжиж буй орнуудад 15 хувьтай байдаг. Өндөр хөгжилтэй оронд сэтгэцийн эмгэг өндөр байдаг нь энэ үзүүлэлтээс харагдаж байна. Сэтгэцийн эмгэгийн тархалт манай улсад бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 4-6 дахин бага байсан. Одоо нийгэм хөгжөөд сэтгэцийн эмгэг өссөн байна. 2013 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хийсэн л дээ. Үүнийг 1982-1994 онд хийгдсэн судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин өсөөд, архинд донтох эмгэг 40 дахин өссөн үзүүлэлттэй гарсан.

-Саяхан гаргасан судалгаанаас харахад амиа хорлож байгаа нийт тохиолдлын 80 гаруй хувийг эрчүүд эзэлж байгаа гэсэн байна лээ. Сэтгэл гутралтай холбоотой юу?

-Сэтгэл гутралаар гол төлөв эмэгтэйчүүд өвчилдөг л дөө. Харин сэтгэл гутралд автаж амиа хорлосон тохиолдлыг харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дөрвөөс тав дахин илүү байдаг. Олон улсын судалгаанаас харахад ч эрэгтэйчүүд гол төлөв амиа хорлосон байдаг.

-Эрэгтэйчүүдийн амиа хорлож байгаа шалтгаан нь юу байдаг вэ?

-Дэлхий нийтэд 35 хүртэлх насны хүмүүсийн нас баралтын нэг, хоёрдугаар шалтгаан нь амиа хорлолт байдаг. Ийм насны хүмүүс өвчнөөр нас барахгүй шүү дээ. Амиа хорлож байгаа хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй гэх гээд байдаг. Судалгаанаас харахад 0.5 хувь нь л сэтгэцийн эмэгтэй, 99.5 хувь нь эрүүл хүмүүс байдаг. Улсын прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарч хийсэн судалгаанаас харахад сүүлийн таван жилийн хугацаанд нийт 2055 хүн амиа хорлосон байна лээ. Үүнээс үзэхэд 47 хувь нь амьдралын баталгаат түвшнээс доош амьдралтай гэж гарсан байгаа юм. Дани улсын туршлагаас ч харахад амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд хийж байгаа эхний алхам нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх байсан. Хүүхдийн төлөвшилт мөн маш чухал байдаг. Амиа хорлож буй хүмүүсийн зан үйлийг судлахад дуугүй, хүнтэй сэтгэлээ нээж ярьдаггүй, дотогшоо хүмүүс их байдаг. Дээрээс нь гэр бүлийн маргаантай, архидалттай, хүчирхийлэл дарамттай орчинд өссөн хүүхэд амиа хорлох тохиолдол их. Ийм орчинд өссөн хүүхэд сэтгэл зүйн дархлаа муутай иргэн болж төлөвшдөг. Тулгарсан асуудлыг шийдэхдээ амиа хорлох гаргалгааг сонгох жишээ олон бий. Гэр бүлийн салалт, хойд эцэг эхийн хандлага амиа хорлоход хүргэдэг. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндрөөс үсэрч амиа хорложээ, хүнд дурлаад өөрийгөө боомилжээ гэх зэрэг мэдээг дэлгэрэнгүй нэвтрүүлэх нь өсвөр насныханд сэдэл төрүүлээд байгаа юм шүү дээ. Хүн амиа хорлох шийдвэрийг хоромхон хугацаанд л эрс шийддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх нь чухал. Энэ ажлыг Хууль зүй дотоод хэргийн яам, НХХЯ, БСШУСЯ, ГБХЗХГ, ЦЕГ зэрэг байгууллагууд хамтарч хийх ёстой. Манайд амиа хорлолтыг бүртгэх мэдээлэх тогтолцоо алга. Бүртгэх, мэдээлэх тогтолцоо бий болгох ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байгаа. Энэ ажлын хэсэг дөрөв дэх удаагаа хуралдаж Засгийн газрын тогтоол, журам гаргаж амиа хорлох оролдлогыг бүртгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар ажиллаж байна. Энэ ажлыг хамтарч хэрэгжүүлэхээр зөвлөлдөж байгаа.

-Сэтгэл зүйн боловсрол их чухал юм шиг байна. Сэтгэл зүйн зөв боловсролтой иргэнийг нийгэмд бий болгохын тулд эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж, ярилцаж байх нь тулгарсан бэрхшээлийг даваад гарах сэтгэлийн хаттай иргэнийг бэлтгэж байгаа хэрэг. Хувь хүний сэтгэлийн дархлаа чухал. Манайхан хичээлдээ сайн, англи хэлтэй, төгс хүүхдийг бодоод байдаг. Үнэндээ зөв төлөвшилтэй, зөв харилцдаг, өөрийгөө зөвөөр илэрхийлдэг, өөртөө тулгарсан асуудлыг хялбар зөв аргаар шийдвэрлэх ухаанд суралцуулах хэрэгтэй. Ийм иргэн нийгэмд илүү үнэ цэнэтэй. Мэдээж сурч боловсроход нь тодорхой хэмжээнд анхааралгүй л яахав. Хэтэрхий их ачаалал өгөх нь мэдрэлийн ядаргаанд оруулчихдаг. Ийм хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай болж төлөвшинө. Хүүхдэд цаг гаргаж, хүүхдээр өөрөөр нь яриулж байх хэрэгтэй. Тохирсон асуудлыг өөрөөр нь шийдвэрлүүлж байх нь өөртөө итгэлтэй, болгож өгдөг. Аливаа асуудал гарахад амиа хорлох биш, асуудлыг оновчтой шийдэх чадвартай иргэнийг бэлтгэнэ гэсэн үг. Ийм хувь хүн хүний нөлөөнд автдаггүй, хүн хорт зуршилд уруу татахад “үгүй” гэж хэлэх ухамсартай болно. Энэ нь сэтгэл гутралаас сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийн дархлаатай иргэнийг бий болгоход чухал гэсэн үг. Бидний санааг зовоодог нэг зүйл бол “Хүний доор орохгүй явах ёстой” гэдэг эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавьдаг шаардлагууд.

“Чи заавал тэрнээс илүү байх ёстой” гэж төгс төгөлдрийн үзэлтэй болгож хүмүүжүүлж байна. Хүн болгон хүнээс илүү байх албагүй. Хүүхэд болгон өөрийн гэсэн ертөнцтэй, давтагдашгүй нэгэн шүү дээ. Өөр нэг асуудал нь хар амиа бодсон үзлийг хүүхдэдээ суулгаад байна. Хүнд тусалдаггүй, заавал илүү гарах гэсэн сэтгэхүйтэй байвал тухайн хүн насан туршдаа өрсөлдсөн, аз жаргалгүй, ганцаардаж амьдарна гэсэн үг шүү дээ. Атаархах, хүнд муу санах, үзэн ядах зэрэг нь сөрөг бодол л доо. Ийм муу үг хэлэх, үйл хийх нь яваандаа зуршил болж муу зан үйл болж төлөвшдөг. Эргээд хувь хүнийг сөнөөдөг, сэтгэцийн шалтгаант сэтгэцийн эмгэгтэй болгодог байхгүй юу. Сэтгэл гутралд автахад ч хүргэнэ.

-Замын түгжрэл зэрэг хотжилтоос үүдэлтэй стрессүүд сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлөх үү?

-Нөлөөлж болно. Хувь хүнээс их ачаалал хүч шаардана гэсэн үг шүү дээ. Замын түгжрэл, хүмүүсийн таагүй харилцаа, гэр бүлийн маргаан, ажлын ядаргаа зэрэг нь стресс болдог. Гоё хоол хийе гээд дур сонирхолтой хийхэд стресс болохгүй. Энэ хоолыг яаж хийнэ дээ гэж дургүйцэх сэтгэл нь стресс болж байгаа юм. Аливаа юманд өгч байгаа хариу урвалыг л стресс гэдэг. Энэ нь хүнийг сэтгэл гутралд орох шалтгаан болдог.

-Хүмүүс сэтгэл гутралд орохгүйн тулд яах ёстой вэ?

-Сэтгэцийн эрүүл мэнд гэхээр хүмүүс эмч, эмнэлгээс хайгаад байдаг. Гэтэл манай улс 135 сэтгэцийн эмчтэй, 3.2 сая хүнтэй гэхээр нэг эмчид 20 гаруй мянган хүн ногдож байгаа юм. Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэхэд хувь хүний ахуй амьдралын дэглэм чухал. Нойр, хоол, ажил, амралтын дэглэм чухал. Цагийн менежмэнт, хувийн зохион байгуулалт хэрэгтэй. Мөн тулгарсан асуудлаа зөв аргаар шийдвэрлэх нь чухал. Тэр цагт сэтгэл гутралын эмгэгт өртөх зарим эрсдэл буурч болно.

-Сэтгэл гутрал уур бухимдлаас болж үүсч болох уу?

-Сэтгэл гутралын эмгэг маш олон шалтгаанаас үүсдэг. Голдуу удамших хандлагатай, дотоод шалтгаантай эмгэг гэж үздэг. Гэхдээ үргэлж уурлаж бухимдаад байвал сэтгэл зүйн шалтгаантай сэтгэл гутралтай болж болно.

-Хамгийн гол нь уур бухимдлаа хэрхэн дарж сурах ёстой вэ. Уураа дарж сурснаар үүнээс үүдэх сөргөлдөөн багасах байх. Стрессээс үүдэх сэтгэл гутрал ч багасах болов уу?

-Стрессээ тайлах маш олон арга байдаг. Асуудлыг сайн бодож, ухаарч, ухаанаараа асуудлаа шийдэх нь стресс тайлах гол арга юм. Тэгээд ямар үг хэлэх, ямар үйлдэл хийхээ бодож төлөвлөнө гэсэн үг л дээ. Стрессгүй амьдрал гэж байдаггүй, стрессээ тайлж чаддаггүй хүн л байдаг гэж бид сургалтаа явуулдаг. Хүн бүрт тохирсон ганц арга гэж байхгүй. Хүн бүр өөр өөрийнхөөрөө, өөрийн дуртай аргаар стрессээ тайлах хэрэгтэй. Архи согтууруулах ундаа хэрэглэх бол стресс тайлж байгаа арга биш. Өөрөө стрессээс ангижрахын тулд зөв менежмэнт хийж сурах ёстой, болохгүй бол хэн нэгний туслалцааг ч авч болно. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн лекцэн дээр "Уур чинь хүрээд байвал дотроо арав тоол, бүр их уур чинь хүрээд байвал дотроо зуу тоолж байгаад үг үйлдлээ хий" гэж байсан шүү дээ. Энэ ч гэсэн бодитой арга.

Б.ОЮУНЖАРГАЛ