Энэ долоо хоногийн эхний өдрөөс Монгол улсыг саарал жагсаалтад орох нь гэсэн мэдээлэл эрчимтэй түгэх болсон. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийн олж авсан мэдээллээр манай улс сараал жагсаалтад орчихлоо хэмээн мэдэгдсэн юм. 

Саарал жагсаалтад орох нь манайх шиг хөгжиж буй оронд хамгийн муу мэдээ. Гэхдээ албан ёсны хариуг маргааш буюу аравдугаар сарын 18-нд өгнө. Одоогоор Парис хотноо  тус байгуулагад хамтын ажиллагаатай  орнууд, бусад саарал жагсаалтад орох орнууд тэр дундаа Монголд  үнэлгээ хийж  байна. Саарал жагсаалтад ороход нөлөөлдөг  хамгийн гол дөрвөн  үзүүлэлт дээр манай  холбогдох байгуулагууд нь хангалттай ажиллаагүй гэдгийг онцолж буй. 

FATF-аас зөвлөмж болгосон 40 зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахаар холбогдох 15 байгуулагаас бүрдсэн “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх  хамтын ажиллагааны Үндэсний зөвлөл” хоёр жилийн хугацаанд эрчимтэй ажилласан гэдэг ч гол үзүүлэлт болох дөрвөн үзүүлэлтийн хэрэгжилт дээр  дорвитой  ажиллаагүй аж.  Тиймээс манай улсад сануулга, анхааруулгыг ирүүлээд байсан юм.  Монгол Улс FATF-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулсан бол шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-т нь хангалтгүй үнэлэгдсэнтэй холбоотой. Хэрэгжилтээ олигтой анхаараагүйгээс ийн саарал жагсаалтад орох эсэх дээрээ тулчихаад байгаа юм. 

Хэрэв уг жагсаалтад багтчихвал ам.долларын ханш тэнгэрт хадах магадлал тун өндөр. Өнөөдөр монгол банкны зарласан ханш нэг ам.доллар 2674 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкуудын авах ханш 2672-2674 төгрөг байгаа бол 2677-2681 төгрөгөөр зарж байгаа юм. Найман шарга валютын төвд өчигдөр үдээш хойшоос нэлээд өссөн байгаа гэв.

Түүнчлэн саарал жагсаалтад гадаад худалдаа хийхэд хүндрэлтэй болно гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм. Эдийн засагч Б.Дөлгөөн “Саарал жагсаалт” бол монголчуудын хувьд шинэ зүйл биш. Яагаад гэхээр өмнө нь монголчууд 2013 онд ороод 2014 онд гарсан. Магадгүй энэ нь иргэд мэдээгүй өнгөрсөн байх. Харин банк санхүүгийн салбарт ажиллаж байсан хүмүүс бол үүнийг мэдэрсэн. Тухайн үед төлбөр тооцоо хийдэг гаднын банкууд нь Монголыг тоохоо байсан. Зарим нэг нь хараа хяналтаа сайжруулаад биднээс маш олон материал нэхсэн. Жишээлбэл, АНУ руу шууд төбөр тооцооны банкаар нь гүйлгээ хийдэг байсан бол Хонгконгоор дамжиж хийдэг болсон гэх мэт бэрхшээл үүссэн. Тэгвэл энэхүү “саарал жагсаалт” гэдэг нь ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэргээс тэмцэх байгулууллагаас ойролцоогоор 40 зөвлөмж гаргасан. Үүнийг энд нэгдэж орсон улс хэр их мөрдөж байна вэ гэдгийг гаргаж ирдэг. Ингэхдээ энэ заалтыг сайн мөрдөж байна. Тэр заалтыг мөрдөхгүй байна гээд дүгнээд гаргаад ирдэг. Монгол Улс болохоор энэ байгууллагын Ази, Номхон далайн бүсийн байгууллагад нь харъяалагддаг болохоор тэрхүү 40 зөвлөмжийг мөрдөх ёстой. Монголын санхүүгийн холбогдох байшгууллагууд 40 зөвлөмжөөс мөрдөж байгаа тухай тайлангаа явуулдаг. Түүнээс нь харж байгаад “саарал жагсаалт” руу оруулах эсэхээ шийддэг гэж ерөнхийд нь ойлгож болно. Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол гадаад гүйлгээ тэр чигээрээ зогсоно гэж ойлгож болохгүй. Мэдээж тодорхой хэмжээгээр гадаад худалдаа хийхэд хүндрэлтэй болно. Шат дамжлага, хяналт шалгалт нэмэгдэнэ. Гэхдээ хэр хэмжээгээр гэдгийг одоо хэлж мэдэхгүй. Ямартайч компанийн, банк санхүүгийн, хувь иргэний түвшинд хүндрэл бол үүснэ хэмээсэн юм.