Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан улсын төсвийн нэгбүрчилэн уншлаа. Хавдрын эмнэлэгт 2020 онд шаардагдсан 19,8 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөг тусгасангүй. Энэ мөнгө бол ирэх онд хавдраар өвдсөн иргэдээ хэвтүүлэх ортой, эмчлэх эм тариатай байлгахаар хүссэн мөнгө. Одоо хар.

Өдөрт Монгол улсад хавдраар 13-15 иргэн хавдрын өвчний улмаас нас барж байгаа. Жилд нь бодох юм бол 5475 иргэнээ бид энэ өвчнөөр алдаж байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамаарах, анхаарах асуудал биш үү. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар та Хавдрын эмнэлгээр орж үзсэн үү. Нарантуул захаас ч олон хүн тэнд хөлхөж , өвчин шаналал нэвчсэн нүдээр эмч нарыг царайчилж байдаг юм. Яагаад.... Яагаад гэвэл хэвтэж эмчлүүлэх өрөө олддоггүй, хагалгаа хийлгэх өдрөө хүлээн дугаарлаж, хөдөөнөөс ирсэн хотод ах дүүгүй зарим нь Хавдрын эмнэлгийн 12 р давхрын сандал дээр хонодог юм. Уг нь манай хуулиар хорт хавдраар өвдсөн иргэдийн эмчилгээг төр даах ёстой. Хаана байнаа тэр хууль чинь. Яагаад иргэдийнхээ амь насыг тоохгүй байна аа. Хэдхэн хоногийн өмнө Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар зохион байгуулж бүх зардлыг төр даахаар болсон. Сайхан сонсогдож байгаа биз. Гэтэл бас л мөнгийг нь төсөвт суулгаагүй. Энэ хууль 2020 оноос эхэлж хэрэгжинэ. Энэ хуулийн хүрээнд 39 тэрбум төгрөг шаардлагатай. Бас л байхгүй. Зүгээр хуурай хууль. Боль л доо, ич л дээ. Өнөөдөр Монголд хорт хавдраар зовоогүй шаналаагүй нэг ч өрх байхгүй. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүнд өвчний нэрээр популизм хийдгээ боль” гэж хэлсэн. Монголын ард түмэн өвчин зовлонгоо төрдөө учирлаж хуулийн дагуу хүртэх ёстой эрхээ хүртэж болохгүй юу. Ард түмнээ эрүүлжүүлэхийн төлөө бодож сэтгэж чаддаггүй мөнгөний шуналтай Сангийн сайдаар бид доромжуулж чадахгүй. Гэтэл энэ удаагийн улсын төсөвт зөвхөн албан контор засах сайжруулах 117 тэрбумыг тусгасан байгаа. Зөвхөн Сангийн сайдын багцад гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалт гэдэг нэрээр (энэ нь огт задаргаагүй шүү !!! ) 83 тэрбум төгрөг төсөвлөөд сууж байгаа. Энэ шударга уу...Байшин сав засахаар мөнгөтэй, хавдраар шаналж үхэж байгаа иргэдэд болохоор мөнгөгүй... !!!! Хавдрын эмнэлгийг өргөтгөх, шинэ эмнэлэг барих талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах хүсэлтээ өгөөд удлаа. Хариу байдаггүй. Хэрэв төр нь ийм хатуу сэтгэл гаргаж биднийг хавдраар дуугүй үх гэж байгаа бол хавдраар шаналж буй иргэдээ уриалья. Хэдүүлээ амь насныхаа төлөө тэмцэж жагсаал хийе. Хавдрын өвчнөөр хайртай хүмүүсээ алдсан ар гэрийнхнийг нь дуудья. Үр хүүхэд, ээж, аав ах дүү нарынхаа амь насыг аврахын тулд жагсая. Жирийн иргэдээ эмнэлэгт хэвтэх оргүй, эмчлүүлэх эм тариагүй зоргоороо үх гэцгээж байгаа бол тэр Төрийн ордных нь гадаа үхэцгээе . Эрх мэдэлтнүүдийн худал үгэнд хууртаж нүдний минь өмнө амиа алдсан иргэдийнхээ ар гэрийг дуудья. Өрх гэр бүрт, хүн бүрт энэ өвчин "хүчээ" үзүүлж зүрх сэтгэлийг зовоож нулимсыг нь барж байгаа. УИХ -ын гишүүд дотор иргэдийнхээ төлөө байгаа хавдрын зовлонг ойлгодог Дамба-Очир, Оюунхорол, Эрүүл мэндийн сайд Сарангэрэл, Нямбаатар, Оюун Эрдэнэ, Батзандан гээд олон гишүүд байгаа. Та бүхэн манай жагсаалд нэгдээрэй. Хавдраар өвдсөн иргэдийнхээ амь насыг үл тоож дээрэнгүй хандаж буй, “Хотгор шанага” уурхайн хулгайч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хаана хүртэл заргалдахыг бас харъя. Мөнгөтэй баян сайдууд гадаадад нисч очоод, тусгай өрөөнд эмчлүүлээд явдгийг чинь мэднэ ээ. Харин жирийн ард түмэн чинь улсдаа ганцхан байдаг Хавдрын эмнэлэгт ч очиж чадалгүй оочер хүлээж байгаад амь насаа алдаж байгаа нь өнөө цагийн үнэн шүү. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэлэхэд та бид хоёр адилхан энэ өвчний зовлонг ханатал амсаж яваа. Та бид хоёр ч гэлтгүй Монголын минь мянга мянган хүн энэ өвчнөөр шаналж яваа. Гэтэл яагаад танай Засгийн газраас өргөн барьж байгаа улсын нэгдсэн төсөвт нэг ч төгрөг төсөвлөөгүй юм бэ. Та уг нь иргэдийнхээ зовлонг бие сэтгэлдээ тээж л явдаг эр хүн сэн, Ерөнхий сайдсан.

Ингэж итгэсээр таныг дэмжсээр удлаа. Элэг нэгт монголчууд сангаас гаргасан хүсэлтийг яагаад хүлээж авахгүй байна вэ . Уг нь улсын төсвөөс өмнө Ерөнхий сайд танд хавдрын өвчний бодит байдлыг танилцуулж , зовсон түмнийхээ өмнөөс үгээ хэлэх л гэсэн юм... Хавдар хэмээх энэ өвчний эсрэг үүдтэй өрхтэй болгоноор орж царайчилж бас дэмжүүлсээр 5 жилийг үдлээ сэтгүүлч миний хувьд. Цаашид хавдрын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх л болно. Учир нь би эхийнхээ шарилын өмнө ингэж андгайлсан юм. Монголын мянга мянган иргэдийн өмнө ингэж учирласан юм. Хараарай Сангийн сайд аа... Эцсээ хүртэл явна шүү!!! Монголын ард түмэнд эмчлүүлэх, амьд явах эрхийг нь олго!!

Сэтгүүлч Л.МӨНХБАЯСГАЛАН