Facebook-ийн ерөнхийлөгч Марк Цукерберг АНУ-ын хууль тогтоогчдод Libra төлбөрийн систем нь аюулгүй, найдвартай нийгмийн сүлжээний гүйлгээний баталгаа болно хэмээн батлахыг хичээж буй талаар ВВС мэдээллээ.

Вашингтонд болсон сонсголын үеэр Конгрессийн гишүүд энэхүү төлбөрийн системийн эсрэг хандлагатай байгаагаа илэрхийлж, террорист халдлага болон элдэв гэмт хэрэгтнүүдийг тэтгэх магадлалтай хэмээн болгоомжилж байгаа юм. Ингэснээр ноён Цукерберг ихээхэн сорилтод орж буй бөгөөд АНУ-ын хууль хяналтынханд үүнийгээ үнэмшүүлэх, батлах өндөр даваатай нүүр тулж ирээд байна. Гэвч тэрээр АНУ-ын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр энэхүү төлбөрийн хэрэгслийг сүлжээнд хэрэгжүүлэхгүй гэдгээ амлажээ.

Libra төлбөрийн систем нь дижитал сүлжээн дэх блокчейн үйлчилгээний төлбөрийн систем юм. Энэхүү системийг хөгжүүлэгч нь Facebook компани бөгөөд ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн ноён Марк Цукерберг АНУ-ын хууль хяналтын байгууллага энэхүү крипто валютын системийг хүлээн авахаас татгалзвал “Libra” ассоциацийг орхино хэмээн мэдэгдсэн байна.

Libra ассоциацийн үүсгэн байгуулагч 28 гишүүний найм нь бие даасан засаглалтай компаниуд юм. Тэдгээрийн тоонд Mastercard, eBay болон PayPal зэрэг байгууллага багтаж байна.

Энэ зуур дэлхийн өнцөг булан бүр дэх хууль хяналтын байгууллага энэхүү төлбөрийн системийн үйл ажиллагаанд ихээхэн санаа зовж байгаа юм. Их долоон улсын тэргүүнүүд Facebook компани энэ системийг аюулгүй, найдвартай гэж баталсан ч хэрэглэхээс татгалзана хэмээн мэдэгджээ. Учир нь энэ сүлжээгээр дамжсан мөнгө нь мөнгө угаах, эсвэл дэлхийн санхүүгийн системд аюул авчирна, эс бөгөөс Facebook хэрэглэгчдийн мэдээллийг хэтэрхий ихээр хянах болно гэж үзэж байна.

Цукерберг сонсголын үеэр юу гэж хариулсан бэ?

Вашингтонд өрнөсөн халуухан сонсголын үеэр М.Цукербергийн саналын эсрэг хүчтэй шүүмжлэл ирж байсан ч тэрээр цөхрөлтгүй үүнийгээ батлахаар оролдож байв. “Би үүнийг шууд л одоо мэссэнжрээр илгээнэ гэж хэлээгүй. Бид өнгөрсөн хугацаанд хангалттай олон асуудалтай тулгарлаа. Тиймээс маш олон хүн үүнийг хэрэглээнд нэвтрүүлээсэй гэж хүсч байгаа. Харин Facebook тэдний ажлыг хөнгөвчлөхийн тулд л үүнийг хийж байна” гэж тэрээр ярьжээ. Мөн “Бид энэ үйлчилгээнд санаа тавих, хэрэгжүүлэх шалтгаан нь бодит. Яагаад гэвэл Facebook хүмүүсийн гарт хүчийг өгөхийг хүсч байна” гэж М.Цукерберг ярьжээ. Түүний ярьж буйгаар Libra бол Америкын агуу нээлтүүдийн нэгэн жишээ бөгөөд дэлхий даяарх нэг тэрбумаас илүү тооны насанд хүрэгчдэд банкны данс эзэмшихгүйгээр төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэх аж. Түүнчлэн Facebook нь Libra ассоциацийг удирдахгүй. Харин тус ассоциацийн удирдлагын таван гишүүний нэгэнд багтах талаар тэрээр хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn