МАН дангаараа, түүнчлэн МАН ба АН хоёр зөвшилцөх нэрийдлээр үнэн хэрэгтээ хуйвалдан ард түмнээрээ хэлэлцүүлэлгүйгээр Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хүч түрэмгийлэн улайрч байгааг улс төрийн 15 нам эсэргүүцэн буруушааж байна.

Тэд МАН-ынханы санаачилсан Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтөд ард түмний эрх ашигт нийцсэн зүйл, заалт байхгүй гэж үзэж байна. Тэд байгалийн баялагийг ард түмнээсээ бүрмөсөн булаан авах, ард түмний эвлэлдэн нэгдэх эрхийг боймлох, МАН ба АН гэсэн хоёрхон нам төр засгийг “хувьчлан авах” санаархал бүхий Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдлыг улам хүндрүүлнэ гэсэн байр суурь баримталж байна.

Улс төрийн 15 нам УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хүчингүй болсон гэж үзэж байгаагаа илэрхийлээд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хууль бус ажиллагаагаа таслан зогсоохыг МАН ба АН-ынханд хандаж шаардсан байна.

Тэд хэрэв МАН дангаараа, эсхүл АН-тай хуйвалдан Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах аваас МАН-ыг, эсхүл МАН ба АН-ыг аль алиныг нь татан буулгах асуудлыг “Улс төрийн намын тухай хууль”-ийн 23-р зүйлийн 23.2-т засны дагуу УДШүүхэд өргөн барьж шийдвэрлүүлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэв.