СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Монгол Улс саарал жагсаалтад орох болсон гол шалтгаанууд гэвэл та юуг онцлох вэ?

-Юуны өмнө ФАТФ-ын Монгол Улсыг үнэлсэн үнэлгээ, сая болж өнгөрсөн хурал, тайланд нь үндэслэж дүгнэлт хийхийг хичээе. ФАТФ манай улсын 2017 оноос хойш хийж хэрэгжүүлсэн ажлуудыг хэрхэн үнэлснийг бүгд мэдэж байгаа. Зөвлөмж, гүйцэтгэлийн үнэлгээг ерөнхийд нь нэлээд сайнаар үнэлсэн. ФАТФ-ын хурлын дараа гаргасан тайлангаас харахад 40 зөвлөмжийн хүрээнд шаардлага хангаагүй гэж үзсэн таван үзүүлэлтийн хүрээнд гол тайлбараа гаргасан байна лээ.

Энэ хүрээнд өгсөн зөвлөмжийг харвал ерөнхийдөө мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хууль хяналтын үйл ажиллагааг сайжруулах, хэргүүдийг илрүүлэх, шийтгэх асуудлыг тодорхой түвшинд хүргэх асуудалд онцгой анхаарсан харагдсан. Өгсөн зөвлөмж болгон үүнтэй холбоотой асуудлыг хөндсөн байна. Товчхондоо бид энэ чиглэлээр нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж, гэмт хэргийг илрүүлэх, шийдвэрлэх тал дээр санаачилга гаргаж чадаагүй учраас хоёр жилийн турш хийж хэрэгжүүлсэн олон ажил талаар болж өнгөрлөө гэж хэлж болох юм. Ер нь энэ хүрээнд дотоодын авлига, албан тушаал ашигласан гэмт хэргүүдээ илрүүлэх, шийдвэрлэх тал дээр санаачилга гаргах цаг болсон.

-Улс төрийнхний дур зоргоороо аашилж буй байдал, хууль шүүхийг үл тоосон хандлага саарал жагсаалтад ороход нөлөөлсөн үү?

-Улс төрийн хүрээнийхний хувьд дотроо дур зоргоороо авирлах, хууль шүүхийг завхруулж байгаа байдал нь дэлхий нийтийн анхааралд байна гэдгийг баталчихлаа, саарал жагсаалт. Бид нэгэнт л дэлхий хэмээх том хүрээний нэг хэсэг. Тиймээс дэлхийтэй дэлхийн хэлээр ярьж, дэлхийн стандартыг мөрдөх шаардлагатай болсныг харуулж байна. Сүүлийн жилүүдэд Монголын улс төрийн хүрээнд гарсан тодорхой асуудлууд нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй.

-ФАТФ ирэх хоёрдугаар сард хуралдана. Тэр үеэр алдаагаа засаад дажгүй үнэлгээ авах боломж бий, ирэх зургадугаар сард хуралдахад нь саарлаас гарах боломж бий гэж үзэх эдийн засагчид байна. Ингэх боломж бий юу?

-ФАТФ-ын хувьд жилд хэд хэдэн удаа хуралддаг. Биднийг дээрх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллахаас гадна үр дүнд хүрэх шаардлагатайг тайлангийн Монгол Улсад хамааралтай хэсэгт дурдсан байсан. Тиймээс хүчин чармайлт гаргаж тодорхой үр дүнд хүрч чадвал ийм боломж бий гэж харж байна.

-Саарал жагсаалтад орсноор доллар өсч, төгрөг суларна гэцгээж байна. Энэ хэр бодитой айдас вэ?

-Саарал жагсаалтын талаар хэт үндэслэлгүй дэвэргэж байгаад харамсаж байна. Мэдээж тодорхой эрсдэл мөн үү гэвэл мөн. Гэхдээ долларын ханш шууд их хэмжээгээр нэмэгдэх, гадаад төлбөр тооцоо зогсох, гадаад валютын картууд хилийн гадна ажиллахгүй болох зэрэг нь үндэслэлгүй мэдээлэл. Учир нь энэхүү жагсаалттай холбоотой тодорхой зүйл заалт бүхий хориг арга хэмжээ шууд хэрэгждэггүй. ФАТФ-ын үйл ажиллагааны хүрээний асуудлын хувьд тодорхой эрсдэлтэй гэдгийг зарлаж байгаа хэрэг юм. Нөгөө талаас гадаад валютын ханш гэдэг нь эдийн засгийн суурь нөхцөл байдал, валютын нөөц, урсгал зэрэг олон хүчин зүйлсээр тодорхойлогддог тул зөвхөн энэ асуудлаас болж хэт өснө гэж ойлгох нь өрөөсгөл. Монголын эдийн засгийн нөхцөл байдал, валютын нөөц, төлбөрийн тэнцлийн байдал одоогоор харьцангуй эерэг яваа нь ханш хэт өсөх байдалд хүргэхгүй байх боломжтой.

-Арилжааны банкуудын хувьд гадагш хийх гүйлгээнд асуудал байхгүй, зардал нь л нэмэгдэх сөрөг тал бий гэсэн тайлбар дуулдаж байна. Доллартай хамаатай гүйлгээн дээр ямар нэг асуудал гарахгүй юу?

-Ямар нэг асуудал гарахгүй гэж хэлж болно. Нэгэнт биднийг эрсдэлтэй гэж зарласан тул гадаад төлбөр тооцоо удаашрах, зардал өсөх зэрэг сөрөг үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Энэ нь гадаад худалдаа, санхүүжилтэд шууд хамааралтай бизнесийн хувьд мэдрэгдэх нь тодорхой. Ер нь өнгөрсөн жилүүдэд эрчимтэй хяналт, Европын холбооны саарал жагсаалт зэрэг асуудлаас үүдэлтэй Монгол Улсын зарим гадаад сувгууд хумигдсан тал бий.

-Долларын ханш өнгөрсөн баасан гаригаас хойш буюу саарал жагсаалтын сураг мэдээллээс хойш 30 гаруй төгрөгөөр өсчихлөө. Энэ зохиомол өсөлт үү. Эсвэл тодорхой шалтгаан байна уу?

-Зохиомол өсөлт гэдэг нь ойлгомжтой. Шийдвэр албан ёсоор гараагүй байхад валютын ханшид өөрчлөлт орсон нь үүний баталгаа. Ийм байдалд хүргэхэд улс төр, эдийн засгийн хүрээний нөхөд ч тодорхой хэмжээнд нэрмээс болчихлоо. Саарал жагсаалтад орсон тохиолдолд сөрөг үр дүн гарах нь тодорхой. Зүй нь цөөхөн хүний нэр алдар, улс төрийн ашиг хонжооны төлөө иргэд хохирох ёсгүй л дээ. ФАТФ бидний хийсэн ажлыг зохих ёсоор үнэлсэн ч дээр дурдсан шалтгаанаас болж бид саарал жагсаалтад орлоо. Гэхдээ одоогоор ханш өсөх бодит шалтгаан, нөлөөлөл бий болох цаг хугацаа болоогүй.

-Төв банкинд үнэ цаасаар байршиж буй дөрвөн их наяд төгрөгийг торхтой дарьтай зүйрлэх эдийн засагч цөөнгүй байна. Нүүрсний үнэ огцом унах, Оюу толгой гацах гэх мэт том асуудал үүсвэл хэрэглэхгүй түгжигдсэн энэ дөрвөн их наяд төгрөг зах дээрх долларыг залгих аюултай гэдэг нь үнэн л дээ. Наанадаж л төв банкны 3.6 тэрбум ам.долларын талыг залгих хэмжээний мөнгө. Өмнө нь Сангийн яам дотооддоо бонд гаргах хэлбэрээр энэ мөнгийг эргэлтэд оруулдаг байсан бол одоо тэгэхээ больсон. Засаг дунд хугацааны бонд гаргаж түгжигдсэн дөрвөн их наядыг эргэлтэд оруулвал ханшийн эрсдэлээс сэргийлэх арга болж чадах уу?

-Торхтой дарь гэдэг нь арай сүржин зүйрлэл байна. Энэ хэмжээний мөнгө яагаад төв банкинд үнэт цаас хэлбэрээр байршиж байна вэ гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй байх. Өнөөдөр манай эдийн засгийн үзүүлэлт сайн яваа ч бүрэн эрүүлжээгүй, эрсдэл өндөр байна. Тиймээс банкны салбарын чанаргүй зээл буурахгүй, зээлжих чадвар өндөр зээлдэгчид бий болж чадахгүй байна. Зээл болгон гаргахад хүндрэлтэй байна гэсэн үг. Тийм үед Монголбанкны зүгээс хийж чадах үндсэн алхам нь энэ мөнгийг үнэт цаас хэлбэрээр татаж авах л даа. Мэдээж энэ бол сайн зүйл биш. Гэхдээ Засгийн газрын зүгээс үнэт цаас гаргахыг зогсоосон болохоор төв банк мөнгөний энэ орон зайг нөхөхөөс өөр аргагүйд хүрсэн. Эдийн засагт ийм хэмжээний мөнгө байхад Засгийн газар гадаад санхүүжилтийг голчилж байгаа нь эдийн засгаа дэмжих үйлдэл хийхгүй байна гэсэн үг. Дотооддоо түгжигдсэн энэ их бэлэн мөнгийг эргэлдүүлэхгүй бариад, гадаад валютаар зээл авч түүнийх нь төлбөр төсөвөөр дамжиж гадагшилж байна. Энэ мөнгөний тодорхой хэсгийг Засгийн газар ашиглавал төсвөөр дамжсан долларын эрэлтийг багасгаж ханшид эерэг нөлөөлөх боломжтой. Одоогоор их хэмжээний төсвийн алдагдлыг гадаад валютаар санхүүжүүлж энэ сөрөг нөлөөллийг түр дарж байх шиг байна.

-Сая таны хэлсэнчлэн Засгийн газар гаднаас доллар татаж санхүүжилтээ шийдээд яваа. Дотооддоо түгжигдсэн дөрвөн их наядыг урт хугацааны бонд гаргах замаар эдийн засгийн эргэлтэд оруулбал нэгд эдийн засаг сэргэнэ, хоёрт банкуудад гаднаас зээлийн эх үүсвэр татах сонирхол нэмэгдэх нь тодорхой. Та үүнтэй санал нийлэх үү?

-Засгийн газар тэгэхгүй гэдгээ зарласан. Энэ мөнгө эдийн засагт зээл хэлбэрээр гарах боломж хязгаарлагдмал байна. Мэдээж Засгийн газар найдвартай зээлдэгчийн хувьд таны асуусан шиг гарц шийдэл хайвал банкны салбарт эергээр нөлөөлөх боломжтой. Гэхдээ энэ бол цэвэр эдийн засгийн утгаар нь харсан хариулт гэдгийг ойлгоорой. Сонголтын тухайд зуун хувь Засгийн газрын шийдэх асуудал.

-Ирэх оны төсөвт ипотект ор нэр төдий 60 тэрбумыг тавьсан харагдсан. Ипотект анхаарвал нэг талаас чанаргүй зээлдэгчдийг тэргүүлж яваа барилгын салбараа босгох, нөгөө талаас иргэдийнхээ амьжиргаанд эерэгээр нөлөөлөх шийдэл болж чадах уу. Эсвэл ипотек өнөөхөндөө том хөрөнгө оруулалт хийх боломжгүй салбар уу?

-Бас л ойлгомжгүй зүйлүүдийн нэг. Монголбанк хөтөлбөрөөс гарах болсон. Засгийн газар энэ тогтолцоог зөв хэрэгжүүлэх гарцыг олох ёстой. Гэтэл одоо ашиглалтад орчихсон байруудыг эргэлтэд оруулах, иргэдийн амьжиргааны нөхцөлийг сайжруулах асуудлын шийдэл нь энэ тогтолцоо мөнөөсөө мөн. Гэтэл харин ч бүр эсрэгээрээ Солонгос улсаас 300 сая ам.доллар зээлж 10 мянган байшинг төр барих тухай яриад л сууж байна.

-Ирэх жилийн эдийн засгийн хувьд анхаарах ёстой эмзэг өнцөг бол яах аргагүй инфляци. Нийслэлд арван хувиар хэмжигдэж байгаа инфляци цаашид ч өсөх эрсдэл үүсчихсэн. Инфляцийг онилсон ямар гарц шийдлүүд байж болох вэ?

-Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ инфляцийг найман хувьдаа байлгах зорилт тавьсанаа зарлалаа. Инфляци өндөр байгаа нь үнэн. Өндөр инфляци бага, дунд орлоготой өрхүүдэд ихээхэн дарамт болдог. Инфляцийн нөхцөл байдлыг ажиглахад нийлүүлэлтийн шинжтэй хүнс, цахилгаан, дулаан гэх мэт үзүүлэлтээс ихээхэн хамааралтай байна. Үүний эсрэг төв банкны хийх зүйл тодорхой. Мөнгөний хумих бодлого байх болов уу. Нөгөө талаас нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн үед энэ арга тохиромжтой эсэх нь эргэлзээтэй. Иймээс нөгөө талаас Засгийн газрын зүгээс зарим бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тал дээр ямар хариу үйлдэл хийхээс их зүйл хамаарна.

-Чанаргүй зээлийн багцад уул уурхай, барилгаас гадна цалингийн зээл, кредит картын зээл гэх мэт шинэ зээлүүд нэмэгдсэн, зээлийн өсөлт тавхан хувиар хэмжигдэж байна гэсэн асуудал бий. Зээлийн өсөлтийг дэмжиж байж чанаргүй зээлийн хувь хэмжээ багасна. Ингэхийн тулд яах ёстой вэ, Төв банк, Засгийн газар?

-Зээлийн өсөлт сүүлийн жилүүдэд өссөн ч эдийн засаг бүрэн эрүүлжээгүйгээс шалтгаалж зээлийн өсөлт хүчтэй нэмэгдэх боломж бага байна. Зээлийн эрэлт бий ч, эрсдэл нь их байна л даа. Ийм үед зээлийн өсөлтийг хэт дэмжвэл эсрэгээрээ эрсдэл, чанаргүйдэл өсөх магадлалтай. Иймээс ч Монголбанк макро зохистой бодлого нэрийн дор хэрэглээний зээлийг хязгаарлах үйлдэл хийсэн байх. Харамсалтай нь миний ойлгож байгаагаар энэ нь банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хамрахгүй яваа. Ийм шалтгаанаар иргэдийн олонх илүү өндөр хүүтэй зах зээлд шилжих магадлал өндөр байна. Энэ асуудлыг санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хүрээнд хэлэлцэх шаардлага бий. Зээлийг нэмэгдүүлэх үндсэн хоёр боломж байгаа. Нэг нь зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх, нөгөө нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах. Хоёулаа УИХ, Засгийн газраас ихээхэн хамаарна.

-Зээлийн өсөлтийг дэмжихийн тулд бодлогын хүүг буулгах учиртай. Монголбанкны хувьд өнөөхөндөө бодлогын хүүг өсгөхөөс өөр гарц харагдахгүй байгаа. Нөгөө талд Засгийн газар, Сангийн яамны зүгээс түрүүн хэлсэн шиг түгжигдсэн дөрвөн их наядыг бонд болгох замаар эргэлтэд оруулах гэх мэт эдийн засгаа дэмжсэн бодлого явуулахгүй бол зээл өсөхгүй, эдийн засаг тэлэхгүй гэсэн гаргалгаа бий. Үүн дээр таны байр суурийг сонирхмоор байна. Зээлийн өсөлтийг дэмжиж, эдийн засгаа тэтгэхийн тулд бид яах ёстой вэ?

-Эдийн засгийн нөхцөл, төсвийн тэлэлт, бусад тодорхойгүй байдал бодлогын хүүг буулгах нөхцөлийг бүрдүүлэхгүй л болов уу. Би хувьдаа төсвийн тэлэлтийг хадгалах замаар эдийн засгийн өсөлтийг хангана гэж үздэг байр суурийн эсрэг байдаг. Төсвийн бодлого оновчтой бус байгаа үед богино хугацаанд эерэг, урт хугацаанд сөрөг нөлөөлөх тал нь давамгайлна. Тэр тусмаа эдийн засаг харьцангуй сэргэж байгаа энэ үед бүр ч хэрэггүй байх. Бодит эдийн засаг, хувийн хэвшил эрүүлээр тэлэх орон зайг зөв бодлого, татварын орчиноор дамжуулан бий болгох хэрэгтэй.

-Ирэх оны төсөв дээр байр сууриа хэлээч. Эргэж харахаар зүйл нь юу байна, олзуурхмаар тал гэвэл та юуг нь онцлох вэ?

-Ирэх оны төсвийн талаар өмнөх асуултуудын хүрээнд дурдсан учраас товч хэдэн зүйл хэлье. Өндөр тэлэлттэй, алдагдал нь их, цалин хөлс, нийгмийн халамж, хөрөнгө оруулалтын зардал нь өндөр төсөв болсон. Намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр л тустай байх. Харин богино, урт хугацаанд нийгэм, эдийн засагт эерэг, сайн нөлөө үзүүлнэ гэж хэлэхэд хэцүү. Ийм төсөв ямар үр дагавартай байдгийг өмнөх түүхээс харчихаж болно. Бид 2004 оноос хойш нийгмийн халамжид хэт чиглэсэн төсвийн үрэлгэн бодлого хэрэгжүүлсэн.

www.Dnn.mn