Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Уг хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагаас эхэлж, гурван цаг үргэлжилсэн юм. Ийн хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл тэрбээр давж заалдахаар болсон тухайгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн байна.