-ЭДГЭЭР 31 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ӨНӨӨГ ХҮРТЭЛ “БИД ХОХИРЧИХЛОО” ГЭЖ ЗАРГА ҮҮСГЭЭГҮЙ БАЙГАА НЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА-

20 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН БАРАГДУУЛЖЭЭ

Монголбанкнаас чанаргүй зээл нь 208 тэрбумд хүрч нийт зээлийн 80 гаруй хувийг эзэлж, нийт хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбумд хүрсэн, өр төлбөр нь активаасаа 279 тэрбум төгрөгөөс хэтэрснийг зарлан албадан татан буулгасан “Капитал” банкийг тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. “Капитал” дампуурлаа зарлахад тус банкны 165.257 харилцах данс, 56.164 хадгаламжийн данс нэгэн зэрэг хаагдсан үйл явдал болсон байдаг. Харин тэдгээр хадгаламжийн дансны эздэд хохирлыг нь хэрхэн барагдуулах асуудал сөхөгдөж эхэлсэн.

Тус банкинд хадгаламжтай байсан иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж хадгалуулсан мөнгөө яаралтай гаргуулахыг шаардаж эхэлсэн билээ. Тэд бүр Хохирогчдын холбоо байгуулан хүчтэй тэмцэж эхэлсэн байдаг. Ингээд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийн хохирлыг барагдуулах шийдвэр гарсан юм.

Олон нийтэд ил болсон мэдээллээр 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай 1200 иргэн байсан гэдэг. Тэдгээрийн нөхөн төлбөрийг Монголын ипотекийн корпораци бүрэн төлж дуусгасан тухай эх сурвалж хэлж буй.

Харин 20 саяас дээш хадгаламжтай иргэд, аж ахуйн нэгж яах вэ. Энэ асуудал дэгдэхтэй зэрэгцэн “Капитал”-д төрийн мэдлийн их хэмжээний мөнгө байршсан байсан мэдээлэл ил болсон юм. Тухайлбал, Тэтгэврийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Хөгжлийн банк, ЖДҮХС-ийн хөрөнгө байршиж байлаа. ХНХЯ-наас Тэтгэврийн даатгалын сангийн мөнгийг, Эрүүл мэндийн даатгалын сангаас мөн тус сангийнхаа хөрөнгийг нэхэмжлэхээр шүүхэд хандаж байгаагаа тухайн үед мэдэгдэж байв. Зөвхөн ил болсон эдгээр болохоос дампуурсан “Капитал”-д мөнгө хадгалуулсан өөр олон нэрс хөврөх тухай учир мэдэх хүмүүс ярьж эхэлсэн байдаг. Тэрбумаар хэмжигдэх томоохон хадгаламжтай 27 нэрс байдаг тухай мэдээлэл ч бий.

УЛААНБААТАРЫН ЖДҮ-ИЙГ ДЭМЖИХТӨВ 3.7 ТЭРБУМАА АЛДЖЭЭ

Ямартай ч өнөөдрийг хүртэл “Манай байгууллага, бид хохирчихлоо” гэж нэг ч байгууллага, иргэн хүн гарч ирээгүй байгаа юм. Монголбанкны зүгээс ч, холбогдох байгууллагуудаас ч “Эдгээр байгууллага, иргэн “Капитал”-д 20-оос дээш сая төгрөгийн хадгаламжтай” гэж зарлаагүй. Мэдээж энэ нь харилцагчийн нууцтай холбоотой гэх биз.

Гэвч “Капитал”-д залгиулсан төрийн байгууллагууд дээрхээр тогтдоггүй аж. Бид дампуурсан “Капитал”-д мөнгөө алдсан 31 төрийн байгууллагыг зарлаж байна. Эдгээр жагсаалтыг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэр гээд яам, агентлагаасаа эхлээд томоохон үйлдвэр, аймгийн ЗДТГ, аймгийн цахилгаан, дулааны станцууд бүрдүүлж байна. Тун хачирхалтай. Бүгд төрийн өмчтэй байгууллагууд. “Капитал”-д алдсан мөнгөн дүн нь ихэнх нь тэрбумаар хэмжигддэг гэж байгаа. Тэтгэвэрийн даатгалын сан гэхэд 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сан 134.8 тэрбум, Хөгжлийн банк 52 тэрбум төгрөг, ЖДҮХС 47 тэрбумыг алдсан гэдэг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүл мэндийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг бүрэн барагдуулаад байгаа гэнэ. Эдгээр болон 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай байсан иргэдийн хохирлыг барагдуулсан мөнгөний эх үүсвэр хуулийн дагуу байсан эсэх асуудал анхаарал татдаг.

Харин үлдсэн төрийн байгууллагуудын мөнгө нь нийлээд 375 тэрбум төгрөг болдог гэх. Дээр нь төрийн өмчит их, дээд сургуулиуд ч “Капитал” банкинд хадгаламжтай байж. Анагаахын шинжлэх ухааны их сургууль дөрвөн тэрбум, МУБИС хоёр тэрбум төгрөгөө хадгалуулжээ. Уг жагсаалтыг Улаанбаатар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв үргэлжүүлж, 3.7 тэрбум төгрөгөө дампуурсан банкинд алдаад байгаа мэдээллийг баттай эх сурвалж хэлсэн юм. Бид энэ тухай асуудлыг өмнө нь хөндөж байсан удаатай.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД БАНКИНД МӨНГӨ ХАДГАЛУУЛДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

Аймгийн ЗДТГ гэхэд улсаас нарийн төсөв тооцоотой, цалингаас илүү гарах төсөвгүй гээд л аль ч аймагт очсон зовлон тоочиж байдаггүй бил үү. Жил бүр алдагдалтай ажилладаг гээд л хувьчлал нэхдэг төрийн өмчит компанийн орон нутаг дахь салбарууд банкинд хэдэн зуун сая, тэрбумаар хэмжигдэх мөнгөтэй байж, цаана чинь. Хамгийн сонирхолтой нь эдгээр 31 төрийн байгууллагаас өнөөг хүртэл “Бид хохирчихлоо” гэж зарга үүсгээгүй байгаа нь анхаарал татаж байна.

Ерөөсөө л энэ бол төрийн мөнгөний хүүлэлт. Төрийн байгууллага банкинд мөнгөө хадгалуулаад хүүгээр нь үйл ажиллагаагаа тэтгэдэг байсан гэвэл үлгэр. Хуулиараа ч энэ хориотой. Хувийн байгууллага, иргэн байсан бол хамаа алга. Хууль эрх зүйт тогтолцоотой төрийн байгууллага тэрбумаар хэмжигдэх мөнгийг хувийн банкинд хадгалуулсан шиг, хүүгий нь дарга нар нь хүртсэн шиг ээ суудаг бол мөнгө угаах гэмт хэрэг мөн.

Үнэндээ ийм систем сүүлийн 30 жил манайд явж ирсэн. Зоос, Анод гээд олон банкны дампуурал үүнийг л харуулдаг. Гэхдээ “Капитал”-ийнх шиг ийм их хохирогчтой, том дампуурал байгаагүй. Төрийн мөнгө гэдэг татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж нэг хэсэг нь хүүлдэг байж болохгүй. Эдгээр жагсаалтад дурдагдсан төрийн байгууллагууд “Капитал” банкинд хэчнээн төгрөгийг хэр удаан хугацаанд хадгалуулсан, төрийн байгууллагууд яагаад банкинд их хэмжээний хадгаламжтай байдаг зэрэг асуудлыг бид үргэлжлүүлэн хөндөх болно.

Б.ЭНХЗАЯА

 

Өдрийн сонин