Өнгөрсөн хэд хоногт монголчууд ФАТФ гэж ямар байгууллага болох, саарал жагсаалт гэж юу вэ гэдгийг мэддэг боллоо. Хэдийгээр долоон жилийн өмнө ийм жагсаалтад ороод хоёр жилийн дараа мултарч байсан ч ард түмэн төдийлэн анзааралгүй өнгөрсөн байх юм. Энэ удаад цахим сүлжээ, ээлжит сонгууль дөхсөн улс төрийн халуурлын “буян”-аар ФАТФ-ын саарал жагсаалтын талаарх мэдлэг, мэдээлэл нэлээд ил боллоо. Монгол Улс саарал жагсаалтаас нэг, эсвэл хоёр жилийн дараа гарч л таарна. Гэхдээ түүнээс өмнө асуудал их бий.

ФАТФ-ын зөвлөмжийн гол агуулга нь Монгол Улс мөнгө угаах гэмт хэргийн талбар болоод байгаагаа болих, мөнгө угаах /оффшор/ гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийнхээ асуудлыг шүүхээр шийдвэрлэх, ийм үйл ажиллагаанд оролцсоор ирсэн арилжааны банкуудаа цэгцлэх шаардлагатай гэсэн. Энэ өнцгөөс нь харвал эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхэд төвөггүй мэт байгаа юм. Гэвч Монголд сүүлийн арваад жил маш тогтвортой өсөж өндийсөн, үндэс сууриа бэхжүүлсэн улс төр, бизнесийн бүлэглэлийн үйл ажиллагаа энэ бүхэнд том тээг болж буй. Ингэхээр нөгөөх л МАНАН бүлэглэл, тэдний улс төр, хууль хяналтын байгууллагад тогтоосон нөлөөлөл ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хан хэрэм болчихоод байх талтай. Эдгээр зөвлөмжийг эс хэрэгжүүлбээс саарал жагсаалтаас хар жагсаалт руу гулсахад маш амархан болчихсон. Тэгэхээр хийх л хэрэгтэй болж таарна.

 

Нөгөө талаасаа ФАТФ л хязгаарлалт тогтоож, зөвлөмж сануулга өгсөн болохоос биш Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо, У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо яг эдгээрийг л амлаж гарч ирсэн шүү дээ. Энэ үүднээсээ эдгээр албан тушаалтнууд жаахан эх оронч эр зориг гаргаад, хууль хяналтын байгууллага улс төр, мэргэжлийн “атаман”-уудынхаа нөлөөллөөс ангид ажиллаж чадвал саарал жагсаалтаас гарах маш амархан. Гэвч Монгол Улсыг саарал жагсаалтад багтаах ФАТФ-ын шийдвэр гарснаас хойш арав гаруй хонож байхад Монголын төр үндсэндээ ямар нэг арга хэмжээ авсангүй.

 

Гэтэл саарал жагсаалтын горыг монголчууд хэдийнэ амсаад эхэлчихлээ. Монголд ам.долларын эрэлт ихэсч, нийлүүлэлт багасаад ханш нь хэдхэн хоногт тэнгэрт туллаа. Япон улс манай улсыг саарал жагсаалтаас гарахаар урьдынх шигээ тусламжийн гараа сунгая гэчихсэн. Хамгийн гол нь энэ мессеж Монголыг дэлхийд “сааралтуулж” байгааг бид одоохондоо харж чадахгүй байгаа юм. Товчоор хэлэхэд манай улс дэлхий нийтэд шившиг боллоо гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай уржигдархан хэлж байна лээ. Өөр бусад хашир улстөрчид, эдийн засагчид бас ингэж хэлээд л байгаа. Ийм олон учир шалтгаан, баримт фактаар “…Саарал жагсаалт бол сайн зүйл биш, муугийн муу үр дагавартай эд” гэдэг нь нотлогдоно.

 

Тэгэхээр эхлээд бид тусгаар улс гэдгээ бодож, улсын эрх ашгийн төлөө ажиллаагүй, хариуцлага алдсан албан тушаалтнууддаа хариуцлага тооцох ёстой. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажиллагаа юм.

 

Өнгөрсөн арав хоногт саарал жагсаалтын буруутан байж мэдэх улстөрчид “арьсаа хамгаалах” гэдгийг ёстой үзүүлж өглөө. “…Би, бид хариуцлага алдчихлаа” гэж хэлсэн нэг ч албан тушаалтан гарсангүй. Бүгд л хэн нэгний буруу гэцгээж байна. Гэхдээ яг хэн бэ гэдгийг бас хэлж чадахгүй байгаа юм.

 

Аюулгүйн зөвлөл ч таг чиг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар ганцаараа Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гэж үзсэн өөрийн харьяаны байгууллагын дарга нарт хариуцлага тооцно гэж дуугарлаа. Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нараа дуудаж хариуцлага байх ёстой гэж ярьсан. Гэвч одоогоор ажил хэрэг болсон зүйл алга л байна. Алахгүй ч айлгана гэдэг шиг ярьж байгаа нь сайхан юм.

 

Нөгөө талд нь хоёр жил шахмын өмнө сүүлийн сануулгыг гардан хүлээж авсан Засгийн газар, түүний тэргүүн У.Хүрэлсүх таг чиг байсаар өнөөдрийг хүрлээ. Хариуцлагыг халуун бүлээрээ хүлээх ёстой юм шүү дээ, тэд чинь. Үгүй дээ гэхэд У.Хүрэлсүхийн танхимын хоёр сайд саарал жагсаалтын хариуцлагаас хаашаа ч зайлах аргагүй. УИХ-ын даргын дуудаж загнасан хоёр албан тушаалтнаас ч илүүтэйгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хоёр хариуцлага хүлээх учиртай. Яагаад гэвэл Ч.Хүрэлбаатар нь Монгол Улсад Засгийн газрын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 20 дугаар зүйлд сайд нарын эрхлэх ажил үүргийн  хуваарийг гүйцэтгэх ёстой албан тушаалтан юм. Тодруулбал, Сангийн сайдыг уг хуулийн 20.5.6-д “…Макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт; улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа; улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; зээл, тусламжийн нэгдсэн бодлого; нягтлан бодох бүртгэлийн бодлого; гаалийн бодлого; татварын бодлого; даатгалын бодлого; хилийн боомтын хөгжлийн асуудал; төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого; агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал”-ыг хариуцна гээд заагаад өгчихсөн. Энэ нь Сангийн сайд саарал жагсаалтад оруулахгүй байх бүрэн эрхтэй, бас хариуцлагатай гэсэн үг.

 

Ц.Нямдорж нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг тэргүүлдэг. Үндэсний зөвлөл нь FATF, APG-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах үндсэн чиг үүрэгтэй юм байна. Үүнийхээ хүрээнд 2017 оны тавдугаар сарын 17-нд Мөнгө угаах болон болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газраар батлах тухай шийдвэр гаргасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй ажлын төлөвлөгөөг баталсан. 2018 оны нэгдүгээр сарын 3-нд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраар хэлэлцүүлсэн. 2017 оны хоёрдугаар улирлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлуудын тайланг Засгийн газарт танилцуулсан гэж байгаа юм. Харамсалтай нь Ц.Нямдорж сайд үр дүн гаргасангүй. Мөн биз?!

 

Үүрэх хариуцлагаа духан дээрээ бичүүлчихсэн ийм хоёр сайд байгаа юм. Хамгийн сонин нь Ерөнхий сайдын шударга ёсны сэлэм энэ хоёр сайдын өмнө хуйндаа гацчихаад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж гэдэг хоёр сайддаа үг хэлж чаддагүй гэж улс төрийн хүрээнд мэр сэр ярьж л байдаг юм.

 

У.Хүрэлсүхийн засаглалын хамгийн нөлөө бүхий хүн нь Сү.Батболдыг гэдэг. Тиймээс Ч.Хүрэлбаатар үүнд дулдуйдан Засгийн газартаа “даам гарчихсан” гэцгээдэг. Засгийн санхүүг Ерөнхий сайдаасаа чанга атгана гэдэг лут эрх мэдэл шүү. Бас баргийн хүнийг харц, үг хоёроороо айлгаад байдаг Ц.Нямдорж сайдыгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх гүн хүндэтгэлтэйгээр “сонсдог” гэх юм билээ.

 

Энэ хэдэн өгүүлбэрийг ухвал их зүйл ойлгогдоно доо. Чухамдаа ийм л учраас У.Хүрэлсүх ташаан дах сэлмийнхээ бариулыг ч атгаж чадахгүй байгаа хэрэг гэхэд болох юм.

 

Тэгэхээр одоо Засгийн газар тэдэнтэй хариуцлага ярих бус “…Саарал жагсаалтаас удахгүй гарчихна. Ийм жагсаалтад орж л байдаг. Гарч л байдаг. Харин ч сайн юм боллоо” гэх нь холгүй PR хийж олон нийтийг тайвшруулж байна. Ингэж болно гэж үү. Улсаа “сааралтуулсан”

 

сайд нарыг уучилчихсан уу, Ерөнхий сайд аа?!

 

Эх сурвалж: www.polit.mn

Нийтлэлч Б.ДАМДИН-ОЧИР