Нэг. XX зуунд тариалангийн үйлдвэрлэл жинхэнэ хөдөө аж ахуйн нэг бие даасан салбар болон хөгжиж байх үед энэ чиглэлээр сурч боловсрол эзэмшсэн ахмад зарим тариаланч, механик, инженер, агрономич тэдний залгамж халаа шинэ үе чадваржин төлөвшиж, компани нь санхүү аж ахуйн, зохион байгуулалтын хувьд бэхжих хандлагатай байна. Ийм түвшинд хүрсэн тариаланчдад газрыг нь өмч болгон өгөх цаг нь болсон. Тэд газартаа эзэн нь болсноор маш олон эерэг нааштай ажлыг хийх болно.

-Захиран зарцуулах эрх эдэлж өөртөө хэрэгтэй санхүүгийн эх үүсвэрийг босгож чадна.

-Хөрсний үржил шимийг сайжруулах шинжлэх ухаанч олон арга хэмжээг авч эхэлнэ.

-Усжуулах ажлыг талбайн байршил байр байдлыг харгалзан янз бүрийн тохирох аргыг хэрэглэн хийж эхэлнэ.

-Тариалангийн талбайгаа хашаажуулахад анхаарч ажиллах,

-Эрчимжүүлэх нэг га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

 

Хоёр. Улсаас газар эзэмших эрх авсан зарим иргэн аж ахуйн нэгжүүд газраа боловсруулж чадахгүй, тариалалт хийхгүй, стратегийн бус ургамал, тариалах газар зарах хөрсний үржил шимийг алдагдуулах, атаржуулах зэрэг эзэмшигчийн хариуцлага үүргээ төрийн өмнө хэрэгжүүлж чадахгүй байна. Сайн тариачинд шилжүүлэх.

Гурав. Тариаланчдын эзэмшиж байсан тариалангийн газруудыг хууль бусаар үнэ цохин авч тариаланчийн дүр эсгэж байгаа цаанаа нууц ба ил ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг зальтай нөхдийг энэ салбараас хөөн зайлуулж, газрыг хураан авч тариаланчдад эргүүлэн өгөх хэрэгтэй. Тэд газар тариалангийн салбарыг татвараас зугтаах оромжоо болгосон байна. Тариалан, мал аж ахуй гэж шоудан анх орж ирэхдээ ч улсаас ард түмнээс харамласан мөнгөө халаасалчихаад түүнийгээ угааж эхэлсэн. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, цэцэглүүлэх хийрхэлийн ард маш аюултай бодлого хэрэгждэг байна. Тэд алт ашигт малтмалаас олсон орлогоо тариалан, мал аж ахуйгаас олсон орлого болгон хувиргаж, албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйл, 19.1, 19.14 дэх заалтад хамруулан хөнгөлөлт, чөлөөлөлт хийлгэж татвараас зугтаах гэмт хэрэг үйлддэг байна. Харсаар байтал ургац аваагүй хэрнээ маш их ургац хураасан мэтээр мэдээ өгч борлуулалтын орлогоо өсгөдөг нь ийм учиртай байж хэмээн нутгийн тариачид ярьж байна. Энэ мөнгө угаалт хуйвалдаанд аймаг, сум, улсын татварын байгууллагын ажилтнууд, тайлан хүлээн авагчид ч оролцсон гэсэн мэдээ байдаг. Цадигаа алдсан энэ луйварчдыг улсаас, яамнаас дэмжинэ. Ёстой дэмжих щиг дэмжинэ.

 

 

Бага хүүтэй урт хугацаат зээл, үнэгүй мал тэрбум тэрбумаар нь өгнө. ТЭДСангаас, ЖДҮДсангаас, МХСангаас хүүтэй, хүүгүй зээл авсан тухай хэвлэл мэдээлэл дүүрэн гарах л юм. Хамгийн хэцүү харамсмаар нь мань нөхөд татвараас жил бүр зугтаалгасан мөнгө дээрх санхүүжилтийг аваад юу хийдэг гэж санана. Шалган тогтоох хэрэгтэй. Маш нарийн санхүүгийн шалгалт хийх хэрэгтэй.

 

 

Сумын ургац хураалтын мэдээнээс гурилын үйлдвэрт тушаасан буудайн тооцоо тэндээс буудайн үнэнд шилжүүлсэн мөнгө эцэст нь татварын байцаагчид өгсөн хахууль, борлуулалтын орлоготой ашигтай гараад хуулиар чөлөөлсөн санхүүгийн тайланг үзэх хэрэгтэй. Улс орон нутгийн төсөв. хүнс хөдөө аж ахуйд ашиглаж байх ёстой хөрөнгө эдний ашигт малтмалын компаниудыг санхүүжүүлэх, хотод зочид буудал, супермаркет, телевиз, орд харш, орон сууц барихад зарцуулдаг байна. Арай ч хэтэрнэ. 2020 оны хавраас  эхлэн газар тариалангийн зориулалттай талбай эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд тодорхой удирдамжтайгаар цаг алдалгүй шалгалт хийж, тариалангийн үйлдвэрлэлийн төлөө төрсөн, сурсан, зүтгэсэн хүмүүс, хамт олонд дахин эзэмшүүлэх улмаар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй.

 

9.ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛТ ЖИЛ БҮР ХИЙХ ЁСТОЙ

 

Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг бий болгох хамгийн чухал хөрөнгө оруулалт бол техник технологийн шинэчлэлийг тухай бүрд цаг алдалгүй хийж байх хэрэгтэй. Атрын III аяныг амжилттай хэрэгжүүлсэн үндсэн нөхцөл бол техник, технологийн хөрөнгө оруулалтыг маш сайн хийсэн явдал болно. Хөтөлбөрийн 70 шахам хувийг эзлэх бодлогын хэрэгжилт нь техник технологийн шинэчлэлт байлаа. Энэ ажлыг нэг аян, нэг өдрийн ажил мэтээр ойлгож болохгүй. Техник технологийн шинэчлэлт өөрчлөлт, нөхөн бүрдүүлэлт бол жил бүр тасралтгүй үргэлжилж байх процесс юм. Манайхан нэг амьсгаагаар хэдэн жил болоод л нэг хийж байх ажил мэт ойлгох. Энэ бол маш буруу, үйлдвэрлэлээ мэддэггүй удирдагчдын л харалган хайхрамжгүй байдлаас 1990 оноос хойш 2008 он хүртэл бүтэн 18 жил газар тариалангийн салбарт Монгол Улс хөрөнгө оруулаагүй. Тариаланчид бараг модон анжисандаа орж, гараараа тариа тарих шахсан шүү дээ. Миний эрдмийн ажлын нэг гол асуудал нь энэ байлаа. Атрын III аянаар улсаас 158.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, трактор комбайн, чиргүүл дүүжин, үтрэмийн болон хор цацах төхөөрөмжийг оруулан ирж, үнийг 50 хувь чөлөөлөн үлдсэн үнийг гурван жилд багтаан төл үүлж, тариаланчдынхаа техникийн хүчин чадлыг сайжруулж чадсан юм. Түүнээс хойш 10 жил ор тас мартсан. 2016 онд хөрөнгө оруулалт хийх зорилт тавьж, ОХУ-аас техник оруулж ирсэн. Харамсалтай нь, маш өндөр үнэтэй төрийн зохицуулалтгүй шахам хөрөнгө оруулалтын бодлогоо хэрэгжүүлж байна. Төр, засаг бодлогоо гаргаж зөв үйлийг бүтээхээр зорих боловч замаас нь нөгөө л мөнгөний шуналтнууд өөрсдийн зохион байгуулалтаа хийж, төрөөс бодлогоо хэрэгжүүлэх мөнгийг нь, тариаланчдаас ядарч олсон тарианых нь үнийг хумслах юм.

ОХУ-аас авах техникийн үнийг хөгжлийн банкнаас гаргаж тариаланчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэхээр тохиролцож, ажлаа эхэлсэн. Гэтэл тариаланчид техникээ авах болоход Хөгжпийн банкны дэргэд евро, доллараар ярьдаг аль улсын хэнийх нь ч бизнес юм мэдэгдэхгүй вальютын ханшийн хэлбэлзлээр үнэ нь өсдөг хил, гаалийн татвар нэхсэн, маш өндөр үнээр техник зардаг компани гараад ирсэн. Ямар салбарын техник татвараас чөлөөлдөг, ямрыг нь эс чөлөөлөх... Тариаланчид үнээс нь болоод техник авч чадахгүй байна. Үүнд яаралтай зохицуулалт хийх хэрэгтэй. 2016 онд орж ирсэн техник тоног төхөөрөмжүүд одоог болтол гурав шахам жил гадаа нар, салхи тоосонд дарагдаж ТЭДСангийн хашаанд хэвтэж байна. Монгол Улсад газар тариалангийн зориулалтаар оруулж ирсэн л бол тэр ажпынхаа байранд тариан талбайдаа элэгдэж, эвдэрч яваг л дээ.

 

10. ЕР НЬ УЛС ХАШААЖУУЛААД ӨГӨХӨД ЮУ НЬ БУРУУ БАЙХ ВЭ

 

Тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг бүс нутаг дахь тариалангийн зориулалттай эргэлтийн талбайг бүхэлд нь хашаажуулах ажлыг өргөн далайцтай богино хугацаанд хийж дуусгах хэрэгтэй. Энэ ажлыг хийснээр хөрсийг агротехнологийн горимоор хамгаалж сайжруулах, нөгөө талаар тариагаа мал амьтдаас хамгаалах чухал ажил болох юм. Энэ жил аль хавраар л ярьж эхэлсэн ч сураг байхгүй..Тариад мал идээд хураагаад дууслаа. Тендерт шалгарсан л гэсэн. Зовлон, жаргалаа яриад ч нэмэргүй.

Тариаланчдын олон жил ярьж байгаа тариалангийн талбайгаа хашаатай болгох тухай. Жил бүр нэг жаахан юм. Гурван тэрбум аманд ч үгүй, хамарт ч үгүй. Улс энэ ажилд хүрэлцэхүйц хөрөнгө гаргаад тариалан бүхий бүс нутгаа хоёр жилийн дотор хашаажуулах ажлыг нэг мөр болгон дуусгах хэрэгтэй. Одоо манай тариачид тухайн жил тариалалт хийсэн талбайгаа хашаалаад хураалт дууссаны дараа буулган хураан авч байгаа. Энэ хоёр талтай. Байнгын хашаа барьчихвал уг талбайд дахин тариалалт хийх хоёр жилийн хугацаанд манай мал, малчин маань эвдлээд дуусгана. Нөгөө нь, тариалан бүхий нутгийн мал тариа хурааж дууссаны дараа талбайд орохгүй байна гэж байхгүй. Тэдний өвлийг давдаг үндсэн бэлчээр нь юм. Тариачин, малчин хоёр хэн хэн нь ойлгоно, тохирно. Технологийн ийм хашаа бэлтгэх ажлыг үндэснийхээ хашаа хайс үйлдвэрлэдэг нөхдөдөө захиалан инженерийн хийцтэйгээр, барих, хураахад механикжсан хөнгөн хялбар, бат бөх байхаар бөөнөөр хямд хийх боломжийг эрэлхийлж ажиллах хэрэгтэй.

Одоо жил бүр тендер гээч юманд шалгарсан сайдын ч юм уу, гишүүний ч юм уу, холбооны ч юм уу нэг нөхөр Хятадын хог дээрээс тор, төмөр хоёр цуглуулж ирээд тариаланчдад шахаж байна. Ер нь улс хашаажуулаад өгөхөд юу нь буруу байх вэ. Газрын эзэн нь улс шүү дээ. Тариачид чинь хамжлага төдий л улс. Тариаланчид жилд бүр улсад газрын төлбөр төлдөг.

 

11.ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

Тариаланчдад тохиож буй дээр дурдсан элдэв хуйвалдаан, алдагдал хохирол, алдаа завхрал, хууль бусаар эрх ашгийг нь зөрчих зэргээр шударгаар бизнес аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд нь саад бэрхшээл бий болгоод байгаа нь өмчийн харилцаа өөрчлөгдөж, эдийн засгийн шилжилт хийх явцад газар тариалангийн үйлдвэрлэлийг шинэ орчинд удирдаж зохион байгуулах тогтолцоо бий болгоогүйтэй холбоотой. Бид эдийн засгийн шинэ харилцаанд шилжихдээ маш чухал нэг зүйлийг ор тас орхигдуулан мартсан нь одоо улам бүр тодорхой болж байна. Энэ бол эдийн засгийн голлох салбаруудынхаа шинэ орчинд төрийн бодлогыг хэрэгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй улс орныхоо онцлог нөхцөл байдал, шинэ тутам өмчлөгчийн хувиар баялаг бүтээх иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнтэйгээ бизнесийн нэгдмэл сонирхлоор хүрч ажиллах, удирдлага зохион байгуулалтын бүтцийг бий болгож чадаагүй явдал юм. Хуучин тогтолцоо төлөвлөгөөт эдийн засгийн үед төрийн бодлогыг хэрэгжүүлж, гүйцэтгэлийг ханган, удирдлага зохион байгуулалтын маш нарийн уялдаа холбоо бүхий шат шатандаа хариуцлага хүлээх эрэмбэлэлтэй цаг шиг механизм ажиллаж байлаа.

 

 

Бид өнөөдөр шинжлэх ухаан, технологи, холбоо харилцааны маш өндөр түвшинд ажиллаж, амьдарч байх учраас удирдлага зохион байгуулалт, хяналтын маш сайн шуурхай цахимжсан тогтолцоо механизмийг бий болгож чадна. Монгол Улс газар тариалангийн үйлдвэрлэлийг зах зээлийн эдийн засгийн мөн чанарт нийцүүлэн удирдан зохион байгуулж, төр, засгийн өмнө хүнсний аюулгүй байдлыг хариуцах эрхэм зорилготой бизнесийн ашиг сонирхол бүхий хүмүүсийн нэгдэлд суурилсан хуулийн этгээдийг байгуулж, дэмжиж, туслан ажиллуулах шаардлагатай.

 

 

Одоогоос 16 жилийн өмнө Монгол Улсын Гавьяат агронимич, улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Өөлд асан бид Монгол Улсын Тариалангийн тухай хуулийг Улсын их хуралд өргөн барьж хэлэлцүүлэн батлан гаргахдаа тариаланчдын ажил үйлсэд нэмэр болох Тариаланчид сантай байх заалт хийсэн билээ. Тариаланчдыг дэмжих энэ санг цаашдаа “Буудай сан” нэртэй хуулийн этгээд, хувьцаат компаниар тариалангийн үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулдаг Канад улсын туршлагаар өөрийн орны онцлог нөхцөлд салбараа удирдан зохицуулах, туслан дэмжих, хангамж үйлдвэрлэл, хадгалалт, худалдааны цогц концерн тариаланчдын өмчлөлд үйлчилгээ үзүүлдэг байгууллага болгон ажиллуулах зорилт тавьж байсан болно.

Энэ маань одоо байгаа тариалан эрхлэгчдийг дэмжих сан юм шүү дээ. Одоо энэ сан гээчийн сайнаасаа саар нь давамгайлах болжээ. 2010 онд ТЭДС-г өөрчлөн Канадын “Буудай сан”-тай ойролцоо зорилготой “Монгол буудай” нэртэй удирдлага, зохион байгуулалтын бүтэц бүхий Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн сан болгон өөрчилж, хувьцаат компанийн хэлбэрээр ажиллуулах төсөл хийж Ерөнхий сайд С.Батболдод танилцуулсан билээ. Энэ асуудлыг Ерөнхий сайдын хэмжээнд хэд хэдэн удаа ярилцан зөвшилцөж, дэмжигдэж, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар бид хоёрт үүрэг өгч ажлын хэсэг байгуулан ажиллаж “Монгол буудай” ХКомпанийн дүрэм, гаргах хувьцааны тоо хэмжээ зэргийг бэлтгэж бэлэн болгосон билээ. Гэвч ажил хариуцсан сайд маань ил толгой дохиж, далд цааргалсаар юу ч биш болгосон доо. Одоо энэ сан ээлжлэн очиж байгаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдын “Саалийн үнээ” нэртэй болжээ. Сангийн булай булхайг яривал үлгэрийн далай. Би заримыг нь дээр дурдсан. Хамгийн аймшигтайгаар тариаланчдын эсрэгтогтолцоонд шилжсэнийг тодруулан “Нууц”-аас гаргая. ТЭДС түүний харьяа улсын будаа хадгалах элеваторууд /бараг хувийн болсон/ гурил үйлдвэрлэгчидтэй тохиролцож, тэдний тодорхой үнэтэй дохио зангаагаар ажиллаж, дэмжих ёстой, үйлчлэн туслах ёстой тариаланчдаа доош хийж, жаахан будааг нь элдвээр хэлж, голж, шилэн басамжилж, үнийг нь унагааж, хямд аваад гурилын үйлдвэрүүдэд тэдний хүссэн үнээр өгдөг улаанбуудайн “ченж” болсон байна. Сангийн элеваторуудын дарга, нягтлан, лаборант, пүүчид бүгд гурилын үйлдвэрүүдийн төлөөлөгчид болсон гэж тариаланчид ярьцгааж байна. Гурил үйлдвэрлэгчид одоо тариаланчидтай үнэ хаялцан тохиролцож, будаагаа авахаа больсон. Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдөр гурил үйлдвэрлэгчдийг дэмжих сан улаанбуудайн ченж -болсны зэрэгцээ үнийн зөрүүгээр бизнес хийдэг болжээ. Тариаланчдаас хямд аваад үнэ өсгөж зараад их ашиг. Энэ бол тариаланчдыг дээрэмдэж байгаа хэрэг мөн.

 

Канад улсын “Буудай сан” тариаланчдаасаа аваад хадгалж өгөх үүрэгтэй, бор- луулсан тохиолдолд тариаланчдын санал болгож тохирсон үнээр дотооддоо ч, гадаадад ч экспортолдог. Манайх эсрэгээрээ. Би үүнийг л ТЭДС маань аймшигтай өөр тогтолцоонд шилжсэн гээд байгаа юм. Тариаланчдаасаа уравчихсан гэх үү дээ. Ийм л удирдлага зохион байгуулалтын эзэнгүйдэл. Дэлхийн улс гүрэн зөв зүйтэй явж болоод байхад манайд л болдоггүй, буруу тийшээ орчихно.

Ерөнхий сайд аа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд аа, энэ гашуун үнэнийг сайтар судлан яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

Атрын 60 жилийн ойг тохиолдуулан тариаланчдад учирч буй элдэв гажиг, алдаа завхралыг таслан зогсоовол тариаланчид ихэд баярлах буй заа. Шударга үнэн зөвийг эрэлхийлэгч хууль хяналтын байгууллагууд ч анхаармаар.

 

 

-Үргэлжпэл бий

 

Р.СОДХҮҮ /Монголын тариалан эрхлэгчдийн холбоог үүсгэн байгуулагч, хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан/