Хятадын эрдэмтэд амьтны булчингийн эсийг лабораторийн аргаар ургуулж, таван грамм мах гаргаж авсан тухай Жяньсу мужийн нэгэн их сургуулиас мэдээллээ.
 
   Тодруулбал, Нанжины хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн Жоу Гуанхунаар ахлуулсан баг гахайн шилбэний булчингийн эсээс дээж авч, 20 хоногийн турш тариалсны эцэст анхны “ургац”-аа амжилттай хураан авлаа гэж өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн байна. Мөн Хятадын хөдөө аж ахуй, шинжлэх ухааны нийгэмлэг: “Энэ бол Хятад улсад гахайн булчингийн эсийг лабораторийн аргаар ургуулж, мах гаргасан анхны тохиолдол” гэж онцлон мэдээлжээ. 
 Одоогийн байдлаар хиймэл аргаар мах боловсруулахад ургамлын гаралтай бүтээгдэхүүн ашиглаж байгаа бөгөөд энэ төрлийн махыг голдуу шар буурцаг, вандуй, улаан буудай болон бусад хүнсний ногоо, үр тарианаас гаргаж авч байна. Эдгээр нь хэдий ургамлын гаралтай ч гэлээ махны эслэгтэй ижил төстэй амттай байдаг.


 
   Харин эрдэмтэн Жоу болон түүний багийн туршилт амьтны эсээс өвдөлтгүйгээр дээж авч, булчингийн эд эсийг лабораторид тэжээх замаар мах гаргаж авснаараа онцлог юм. Тэдний боловсруулсан мах өнгө, бүтцийн хувьд ердийн гахайн махтай ижил төстэй боловч цаашид хүнсний зориулалтаар зах зээлд гаргаж болох эсэхийг ахин судалж үзэх шаардлагатай ажээ. Мөн аюулгүй байдлын үнэлгээ хийж, зах зээлд нэвтрүүлэх боломжтой тохиолдолд үйлдвэрлэлийн технологийг хэрхэн шийдэх талаар томоохон хэмжээний судалгаа хийх хэрэгтэй гэж тэд мөн тэмдэглэлээ. Цаашид амьтны амь таслахгүйгээр мах үйлдвэрлэж, хүнсний хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангах ирээдүй тун ойрхон байгаа гэдэгт эрдэмтэд найдаж байна.
 
    Харин ургамлын гаралтай мах орлуулагч бүтээгдэхүүний хувьд зах зээлд хэдийнэ нэвтрээд эхэлсэн бөгөөд энэ салбарын үйлдвэрлэгчид мах орлуулагч бүтээгдэхүүнээ улам боловсронгуй болгож, нийлүүлэлтээ өсгөхийг эрэлхийлэх болжээ. Америкийн Impossible Foods Inc компани гэхэд энэ сарын эхээр Шанхайд болсон Олон улсын импортын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаан дээр Хятадын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх яриа хэлэлцээр хийсэн байна. Мөн Хятад улсын үйлдвэрлэгчид есдүгээр сард мах орлуулагчтай еэвэн үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлжээ.

Эх сурвалж:CCTV.com