Монголын Залуучуудын Холбоо, Монголын казах залуучуудын холбоо, казах оюутны холбоо, МЗХ-ны дэргэдэх казах залуучуудын холбоо энэ 3-р сарын 22-ны өдөр казак түмний баяр Наурызын баяраар Ховд аймгийн Булган сумын харьяат Р.Нагашбайн гэр бүлд зочиллоо.

Казах залуу гэр бүлүүд өв соёл, уламжлалаа хэрхэн хадгалж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулж байгаатай танилцсан юм.  

Р.Нагашбай Чингэлтэй дүүргийн 17-р хорооны улсын бүртгэгч, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хотод ирээд гаруй жил болж байгаа юм байна. Ирсэн зочидоо эртний уламжлал ёсоороо угтаж эрчүүд нь хоёр гараараа барилцан цээжээ хүргэж мэндэлж золгож, эмэгтэйчүүд нь тэврэлдэн золгож мэндчилж байсан юм. Наурызын хамгийн гол хоол бол “Наурыз-көже” буюу шөл  амьдралын долоон элементийг илтгэдэг долоон төрлийн бүтцээс бүрдсэн шөлийг Р.Нагашбайн гэргий хийж ирсэн зочдыг дайлсан бөгөөд 7 төрлийн идээг зассан байв.

Казахууд Наурызыг тэмдэглэхэд “7” гэсэн тоо заавал ордог. Учир нь энэ бол долоо хоногийн нийт гарагийн тоо юм. Үүгээр гараг бүхнийг ижилхэн сайн хүмүүст ивээлтэй хэмээн үзэж, хүндэтгэл үзүүлж долоон төрлийн идээ бэлтгэдэг байна. Р.Нагашбай эртний уламжлалт ёсоо тэр л хэвээр нь хадгалж үр хойчдоо өвлүүлэхийг зорьж, баяраа эртний уламжлалаар нь тэмдэглэн өнгөрүүлэхийг хичээдэг гэлээ.

Мөн ирсэн зочдоо хүдэтгэж домбороор хөгжимдөж ардын дуугаараа ая барьсан бөгөөд өөрийн 3 настай, ой гарантай хоёр охиндоо багаас нь хэвшүүлэхийн тулд өдөр бүр дуулж өгдөг гэж байсан юм.