“Гамшгаас хамгаалах тухай хууль”, Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”,  “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна.

Дээрхи журамд зааснаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногт улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг гурав дах жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.  

Дасгал сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг нийслэл хот болон аймаг, орон нутгийн хэмжээнд ашиглагдаж байгаа зарлан мэдээллийн дуут дохиоллын тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг шалгаад байна.

Мөн сургууль дадлагын үеэр зарлан мэдээллийн дуут дохиололын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хүргэх юм байна.

Нийслэл хотын хэмжээнд хуучнаар иргэний хамгаалалтын зориулалтаар ашиглагдаж байсан “Серень” дохиололууд нь орчин үеийн зарлан мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байсан учраас Онцгой байдлын ерөнхий газраас Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технелогийн газартай хамтран “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүлж ОБЕГ-ын дэргэд Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийг нээн ажиллуулаад байгаа юм.

            Дадлага сургуулийн зарлан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн 6 дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын 40 цамхаг, МҮОНРТ, UBS, МОНГОЛ НD телевиз, үүрэн телефоны Мобиком, Юнител компаниудын сүлжээ, Улаанбаатар фм 102.5, Авто радио фм 96.3, Гэр бүлийн радио фм 104.5, Лавайн эгшиг фм 97.5,   МҮОНР-ийн 1 дүгээр суваг, мэдээллийн сайт бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан ажиллах юм.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагын үеэр Баянзүрх дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах юм. Сургууль дадлагын үеэр буюу Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохио дуугарах үеэр иргэд айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй хамтран оролцохыг зөвлөж байна.