Кондуктор гэхээр л муухай ааштай, хэрүүлч нэгэн байдаг гэсэн ойлголт нийгэмд бий. Муу нэртэй ч тэд иргэд, олон түмэнд үйлчилсээр л байна. Кондукторуудын ажил өглөө үүрээс эхэлж, шөнө дуусдаг.

Бид  “Эрдэм Транс” компанийн МУБИС – Яармагийн чиглэлийн автобусанд МУБИС-ийн үүднээс суугаад Яармагийн эцэс орлоо. Энэ хоорондоо кондуктор Н.Мөнхболдтой ярилцсан юм. Нэг удаа ч болов кондукторуудын үгийг хамтдаа сонсоцгооё.

Кондуктор гэхээр л ааш муутай, хэрүүлч хүмүүс байдаг гэсэн ойлголт нийгэмд байдаг. Үйлчлүүлэгчид та бүхэнтэй ямар байдлаар харьцдаг бол?

Кондуктор биднийг ард түмэн хүндэлдэггүй. Маш буруу ойлголттой байдаг.  Ард түмний мөнгийг өөрсдөө хармаалаад гэртээ харьдаг гэж ойлгодог. Гэтэл хаягдал цаас болоод үлддэг энэ тасалбарыг таслаагүйгээс болоод бид шоронд орчих гээд байдаг.  Билет 500 болсон ч гэсэн 400 төгрөгийн билеттэй явж байх үед та нар 100 төгрөгийг нь өөрсдөө идлээ гэж хэрэлдэнэ. Өдөрт 200-300 мянган төгрөгтэй буудаг гэж ярина. Хөгшчүүл орж ирээд билетээ ерөөсөө үзүүлдэггүй. Миний буурал үс, зүсийг хар гэдэг. Уг нь тэр билетийг үзүүлээд яв гэж тараасан шүү дээ. Гацаж түгжирсээр байгаад цагаасаа 5 ,10 минут хоцорчихвол дарамтлаад эхлэнэ.  Бидэнтэй холбоотой бүх мэдээлэл муу сөрөг байдаг. Ямар ч тохиолдод бидний буруу болдог. Ялангуяа телевизүүдээр биднийг хүн биш мэтээр ярьдаг. Өөрсдөө нэг удаа кондуктор хийгээд үзвэл уг нь ойлгоно доо.  Ганц ч удаа зорчигчдод зөв ойлгуулая гэж бодохгүй шүү. Нэг удаа ч болов энэ хүмүүс чинь цаг наргүй ажиллаж та бүхнийг ажилд чинь,  гэрт чинь хүргэж өгч байна гэдэг талаас нь нэг ч юм ярихгүй.  Хамгийн  гол ард иргэд маань биднийг зөв ойлгож соёлтой харьцдаг болоосой л гэж хүсэх байна.  Баяр ёслолын үед  цагдаа, эмч нар л ажиллаа гэхээс нийтийн тээврийнхэн ажиллаа гэж нэг нь ч ярихгүй. Нийтийн тээвэртэй холбоотой бүх яриа муу талаас нь харсан байдаг. Аливаа юм сайн муу хоёр талтай шүү дээ.  Авто үзлэгт ороход автобусанд хөгжим байхгүй бол тэнцүүлдэггүй. Тэгэхэд заримдаа хүмүүс хөгжим тавьлаа гэж хүртэл уурладаг. Бид яг үнэндээ ийм л нөхцөлд ажилладаг.

Ер нь кондукторуудыг мөнгө залгидаг, 200-300 мянган төгрөгтэй буудаг гэх яриа яагаад гарах болсон гэж бодож байна?т

Нуулгүй хэлэхэд нилээн хэдэн жилийн өмнө тийм асуудал байдаг байсан юм билээ. Одоо бол тийм боломж ч байхгүй. Жийп машинтай хүн хүртэл таксинд явж байна.  Дээр нь энэ олон микро автобус, шугамын давхцал их байхад арай л гэж нормоо биелүүлж байхад юун тэр мөнгө төгрөгтэй буух бэ?

Та бүхэн өглөө хэдэн цагаас ажилдаа гараад хэдэн цагт буудаг вэ ?

Өглөө гэр нь хол ойр байдгаасаа шалтгаалаад үүрийн  4.30– 5.00 цагийн хооронд гэрээсээ гардаг. Харин орой шөнийн 00 цагаас  01 цагийн үед гэртээ харьцгаадаг. Ингэж л цаг наргүй ажиллаж байна. Улсын баазынхан бол цаг нь гайгүй байдаг юм билээ.

Энэ цагаар өдөр болгон гардаг уу,  ээлжтэй байдаг уу ?

Өдөр болгон ээлжгүй гарна шүү дээ.  Амралт гэж бараг л байхгүй. Ар гэр амьдралын асуудал шууд л орхигддог. Ямар сайндаа манай жолоочийн хүүхэд нь аавыгаа танихгүй байхав дээ. /инээв/

Сарын ажлын норм , түлш шатахууны хэмжээ нь нууц биш бол хэд вэ ?

Сард 168 цаг явах ёстой тэрнээс үсрээд 130 – 140 цаг явна. Өдөрт 80 – 90 л түлш хэрэглэдэг. Үндсэн цалин нь 350-400 мянган төгрөг байдаг. Тэрэн дээрээ илүү цаг хийж чадвал хэдэн төгрөг авна .

Өдөрт хэдэн билет таслах нормтой байдаг вэ ?

Нэг тойрохдоо 27000 төгрөгийн нормтой байдаг. Ингээд өдөрт 8 – 9 тойрог явах үүрэгтэй. Гэхдээ түгжрэлээс болоод тэрийгээ биелүүлэхтэй үгүйтэй л явдаг. 

Иргэд кондукторууд мөнгөө авчихсан мөртлөө билетээ өгдөггүй өөрсдөө мөнгийг нь авдаг гэж ярьдаг. Энэ үнэн үү?

Бидэнд өдөрт таслах ёстой билетийн тоо гэж гаргаж өгдөг. Тэгээд авч гарсан билетийнхээ мөнгийг орой нь тоо ёсоор нь тушаах  үүрэгтэй. Бүх юм нормтой байхад бид алийг нь хармаалах юм.  Чи манай автобусны заалыг хар л даа хүмүүс нэхэж,  нэхэж авчихаад зүгээр л ингээд зааландаа хаячихдаг. Хог болоод л үлддэг. Хогийн саванд хийчих ухамсартай хүн маш ховор. 

Автобуснуудын заваан бохирыг нь гайхаад байдаг. Иргэд өөрсдөө хог хаядаг байх. Та бүхэн хог хаяуулахгүй байхын тулд зөвлөгөө өгдөг үү?

Өглөө бүр л автобусныхаа доторхийг сайхан угаагаад гардаг. Гэтэл иргэд зажилсан бохио шууд л суудалын ард, урд наачихдаг. Бас бөөлжинө, шүлсээ хаяна. Идсэн уусан юмныхаа хогийг шууд л хаяна. Зорчигчид өөрсдөө сууж үйлчлүүлж байж адаглаж өөрийгөө хүндлээд соёлтой үйлчлүүлж сурмаар байна. Гэртээ ч гэсэн ингээд заваараад байдаггүй л байх. Биднийг шаардлага тавихаар хохь чинь арчаагүйдээ та нар ийм ажил хийж яваа юм гэдэг. Кондуктор гэдэг чинь тийм хүн хийж болохгүй адгийн ажил биш биз дээ. Жоохон хүнтэй зохицох гээд шаардлага тавиад байж байхад кондуктор хүн дарамталлаа гээд шууд л утсаараа бичээд интернэтэд тавичихдаг болчихсон. Заримдаа манай иргэд өөрсдөө хэтэрхий заваан, өөрсдийгөө хүндэлдэггүй болчихсон санагддаг шүү.

Энэ хогийг цэвэрлэдэг хүн байдаг уу эсвэл кондукторууд цэвэрлэдэг  үү ?

Бид өөрсдөө л цэвэрлэдэг. Нэг ээлж яваад л эцсийн буудал дээр ирэнгүүт хогоо цэвэрлээд гарна.  Орой очооод чийгтэй цэвэрлэгээ хийж автобусаа хүлээлгэж өгнө. Тэгэхгүй бол хүлээж авахгүй маргааш нь ажилд гаргахгүй.

Автобусны кондукторууд эцсийн буудал дээр ирээд хогоо ил хаячихдаг учраас эцсийн буудал хогоор дүүрчихдэг гэж ярьдаг. Та хогоо хаана хаядаг вэ ?

 Бид хогийн саванд  хийдэг. Эсвэл хогийн пункерт хаяна. Эцсийн буудлын дэлгүүр үйлчилгээний газрууд, иргэд өөрсдөө энэ хавийг хогоор дүүргэдэг юм шүү дээ. Хүмүүс биднийг аль муухайгаар л яриад байж болмооргүй л санагддаг.

Оюутнууд бас кондукторуудын талаар таагүй бодолтой байдаг.  Визатай болохоор ад үзлээ гэх нь бий. Яагаад ингээд байдаг юм бэ ?

Бидэнд хүн ад үзэх эрх байхгүй. Үзэх ёстой юмыг нь үзээд л үйлчилнэ. Ачаалал ихтэй үед жоохон хойшоо урагшаа яваад өг гээд шаардлага тавьчихаар л ад үзлээ гээд байдаг.  Гацаа түгжрээ үүсчихгээд л яарч сандарч явдаг юм шүү дээ.  Тэгээд л хотын тээвэр рүү утасдаад танай кондуктор хүн ад үзлээ гээд ярьчихдаг. Дараа нь хотын тээвэрт дуудагдаж үг дуугүй 10 – 20 мянган төгрөг торгуулах хэрэгтэй болдог. За тэгээд буудалгүй газар уулзвар дээр буух гэж зүтгэнэ. Та нар хүн авах байсан бол авна буух гэхээр буулгасангүй гэнэ.  Дандаа нэгдүгээр эгнээ рүү орж зам зуураас такси барина. Дуртай газраасаа сууж дуртай газраа буух гэж загнадаг. Яагаад гэхлээр энэ 500 төгрөг төлсөн учраас.

Автобусууд хоорондоо уралдаж байна гэж шүүмжлэл гардаг энэ тухай юу хэлэх вэ ?

Тэр бол үнэн. Яах ч аргагүй шугамын давхцал . Норм биелүүлэх гэж яарснаас л болдог. Хотын тээврийн газрын буруу. Бид нормоо биелүүлж байж л цалингаа авна шүү дээ. Кондуктор , жолооч нар зорчигчид ямар ч шаардлага тавих эрхгүй гэж ойлгодог.  Цаг нартай унаанд нийтийн тээврээр зорьчиж байна гэдгээ ойлгодоггүй.

Автобусанд согтуу хөлчүү хүмүүс, уут үүрсэн хог түүдэг хүмүүс орж ирдэг. Гэтэл зарим кондуктор шууд л цохиод буулгаж байгаа харагддаг. Ер нь иймэрхүү хүмүүстэй яаж харьцах ёстой гэж бодож байна?

Хог түүдэг , согтуу хөлчүү байсан ч бидэнд хөөх эрх байхгүй. Хөөчихвөл янз бүрээр хараана.  Цонх шил рүү янз бүрийн юм шиднэ.  Зарим нь буухгүй суучихна. Иргэд л  ямар муухай юм, үнэр танар нь болохоо байлаа буулга гээд загнаад байдаг. Ийм учраас л яах аргагүй олон иргэд зорьчигчдийн үгээр буулгадаг байх.  Заримдаа согтуу хүмүүс нь автобусанд орж  ирээд  худлаа унтчихна. Бөөлжинө. Орилж хашгирна. Ухаан алдаж унана их л юм болно доо.

Автобусанд халаасны хулгай их гардаг гэдэг. Ийм тохиолдолд жолооч кондукторын оролцоотойгоор олж өгч байсан үе бий юу?

Би 2 түрүүвч олж өгч байсан.  Нэг хүүхэн орж ирээд ганцхан буудал яваад мөнгөө алдчихсан. Хөөе түрүүвч гээд орилсон. Тэр хүүхэн бас нилээн мөнгөтэй явсан байна лээ.  Тэгээд цагдаа дуудаад заводын буудал өнгөртөл хаалгаа онгойлголгүй явсан. Харин цагдаа орж ирээд нэгжсэн чинь  нэг банди 2 түрүүвч нэг авангуутаа суудал доогуур өшиглөөд хаячихсан байсан.  Олж өгч чадахгүй бол кондукторууд хулгайч тээж явдаг гээд бас л биднийг муу хэлнэ. Бид орж ирж байгаа хүмүүсийг энэ нь хулгайч байна гээд хөөлтэй биш. Жаахан амьдралд ойр юм яримаар санагддаг шүү.

Та нар олон хүнтэй харьцдаг. Ачаалал ихтэй байдаг. Кондуктор шиг хэрүүлч хүн байхгүй гэж хошин шог дээр хүртэл ярих юм. Тэгэхээр харьцаа хандлагыг тань сайжруулах тал дээр сургалт, хичээл ч юм уу зохион байгуулддаг уу ?

Бид 45 хонгийн сургалтанд сууж мэргэжлийн үнэмлэх авдаг.  Мэргэшсэн кондуктор учраас тийм үед тэгж ингэж харьцана гээд бүх юмаа заалгаад гардаг.  Компаниас бас тухайн цаг үеийнх нь өөрчлөлтийг нь хэлээд өгчихнө шүү дээ.  Өнөөдөр нэг тийм журам гарсан байна. Тэдэн сарын тэдэн хүртэл визагаар үйлчлэх юм байна шүү гээд хэлээд өгдөг. Яахав ганц нэг сургалтандаа сууж амжаагүй хүн байж магадгүй.

Эцэст нь үйлчлүүлэгчиддээ хандаж юу гэж хэлмээр байна даа?

Кондуктор гэхээр л адгийн муу хүн байдаг мэтээр битгий ойлгооч ээ. Бас хэвлэлүүд аливаа юмыг сайн, муу талаас нь харж ярьж байгаач ээ гэж хэлмээр байна. Үнэхээр зорьчигчид өөрсдөө харилцаа хандлагаа заримдаа анхаарах хэрэгтэй. Адгийн муу, арчаагүй доройдоо кондуктор хийж байна гэж харааж зүхэж болмооргүй л санагддаг. Бид ажлыг голохгүй л хийж байна. Ийм ажил хийгээд цалин мөнгө аваад амьдралаа залгуулаад явж л байна. Бид гуйлга гуйгаагүй, хулгай хийгээгүй шүү дээ л гэж хэлмээр байна даа.

Т.Түвшинсайхан