Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Хууль зүйн сайд Х.Тэмүүжин процессын тухай хуулиудын гурван төслийг өчигдөр өргөн барилаа.

Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хэрэг, маргааныг эрх бүхий байгууллагад хянан шийдвэрлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа учир Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулж ийнхүү УИХ-д өргөн мэдүүлж байгаагаа Хууль зүйн сайд тайлбарлав.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Монгол Улсын Их Хурлаас баталсан Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудтай холбогдон гарч буй зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг шүүх болон хууль хэрэглэх практикт бодитойгоор хэрэгжүүлэх үүднээс боловсруулсан хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэллээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг тухайн асуудлыг зохицуулсан эх хуулийнх нь үзэл баримтлалын дагуу суулгаж өгөх нь хууль тогтоомжийн уялдаа холбоог хангахын зэрэгцээ тэдгээрийн зөрчилтэй байдлаас шалтгаалан хүний эрх зөрчигдөх, хууль тогтоомжийн хэрэглээнд тодорхойгүй байдал үүсгэхээс сэргийлэх, олон улсын практикт хүлээн зөвшөөрөгдсөн туршлагыг үндэсний хууль тогтоомждоо тусгах замаар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах ач холбогдолтой ажээ.