Найрамдал цогцолбор нь цасан цагаан нөмрөгөө нөмрөөд, ганган ногоон гацуураа засаад, амттай сайхан баярын зоогоо бэлдээд дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн гайхамшигт нэгэн өдрийг хүүхэд багачууддаа бэлэглэхэд бэлэн болжээ. Хүүхдийн гүрэнт улс Найрамдал зуслан хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг Харшийн сүлд модны наадмаа энэ жил 38 дахь удаагаа 12 сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Найрамдал зуслан 1981 оноос хойш жил бүрийн өдийд Харшийн сүлд модны наадмаа зорин ирсэн хүүхэд багачууддаа зориулан цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн, баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр үйлчилдэг уламжлалттай. Харшийн сүлд модны наадам энэ жил “Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь” нэртэйгээр зохион байгуулагдаж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, үлгэрийн баатрууд амилуулах нь. Наадамд Монгол орны өнцөг булан бүрээс үе тэнгийн хүүхэд багачуудаа авъяас билгээрээ манлайлсан урлагийн авъяаслаг хүүхдүүд уран бүтээлчид оролцдог. Энэ удаа ч мөн адил олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүд оролцож байгаа бөгөөд хамтдаа баярлан цэнгэх найзуудаа урин залж байна.