Энэ сарын 23-24-нд шилжих шөнө "Лантуун дохио" ТББ-д төрсөн эцэг нь хоёр настай охин болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон гэсэн мэдээлэл иржээ. Энэхүү аймшигт хэрэг Сүхбаатэр дүүрэгт үйлдэгдсэн байна.

Уг хэргийн талаар цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс тодруулахад "Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа" гэсэн мэдээллийг өгсөн юм. Харин уг хэрэгт Хүүхдийн төлөө үндэсний төвөөс нэлээд анхаарал хандуулж, хүүхдүүдийг хамгаалалтад авчээ.

Мөн хэрэгт холбогдогч Д-гийн саатуулах хугацаа уржигдар дуусгавар болсон учир тус газраас үргэлжлүүлэн хорих саналыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүүхдийн эсрэг гарч буй хүчирхийллийн үйлдлүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд салбар хариуцсан байгууллага анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Хүүхдээ хазаж онц хэрцийгээр зодсон Даваадорж нь 40 орчим настай бөгөөд хоёр настай охин, есөн настай хөгжлийн бэрхшээлтэй хүү, мөн 11 настай хүүтэй аж. Тэрээр эхнэр Т-гээ хичээлдээ явсан хойгуур хоёр настай охин, найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ хазаж, боож зодсон байна. Түүний сэтгэц эрүүл боловч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хяналтаа алдаж, эхнэр хүүхдээ дарамталж зоддог байсан аж.

Ч.Ганжавхлан: Өмгөөлөл үзүүлэх мөнгийг олон нийтийн хандиваар цуглуулж байгаа

"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Хүүхдүүдээ хазаж, зодсон эцгийн талаарх мэдээлэл танайд хэзээ ирсэн вэ?

-Энэ сарын 23-24-нд шилжих шөнө "Лантуун дохио" ТББ-д хоёр настай охин, найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ хазаж, боож зодсон гэсэн мэдээлэл ирсэн. Бид энэ мэдээллийн дагуу очиж уулзахад насанд хүрээгүй хоёр хүүхдийн бие аймшигтай болсон байсан. Манайхаас сэтгэл зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Харин өмгөөлөгчийн тусалцаа үзүүлэх боломжгүй байгаа. Иймээс энэ төрлийн гэмт хэрэг дээр ажиллаж байсан, туршлагатай өмгөөлөгч ажиллуулахаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан. Гэвч өмгөөлөгчийн зардал мөнгөний асуудал хүндрэлтэй байгаа.

Бид өмгөөлөгчийн зардлыг олох гэж олон нийтэд хандсан. Олон нийт энэ ажиллагаан дээр нэлээд тусламж үзүүлэх байх. Өмгөөлөгчийн зардал мөнгө олдчихвол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс гэрээт өмгөөлөгч авна.

-Өмгөөлөгчийн зардлыг олон нийтийн дэмжлэгээр олох гэж байгаа гэж байна. Ер нь хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-Өмгөөллийг нэлээд үнэтэй үзүүлдэг. Хамгийн багадаа сая төгрөг байдаг юм байна лээ. Бид сая төгрөгөөр гэрээт өмгөөлөгч авах гэж байгаа. Гол нь энэ хоёр хүүхдийн эрх ашгийг бодож өмгөөлөгч авч байгаа. Энэ хоёр хүүхэд хэргийн талаар өөрсдөө мэдээлэл өгч чадахгүй. Мөн хоёр хүүхдийн ээж нь хөдөлмөр эрхэлдэггүй.

Хөрөнгө мөнгөний бололцоо байхгүй. Төрийн зүгээс энэ төрлийн хохирогчид үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлэх хууль эрхзүйн тогтолцоо байдаггүй юм. Харин төрийн зүгээс төлбөрийн чадваргүй сэжигтэн яллагдагчид өмгөөлөгчийг үнэ төлбөргүй томилж өгч байгаа. Гэрч хохирогчид үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлдэггүй юм байна.

-Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэлээд хүнд байгаа байх. Эмчилгээний зардал мөнгийг хаанаас гаргах вэ?

-Өмгөөлөл үзүүлэх мөнгийг олон нийтийн хандиваар цуглуулж байгаа. Энэ хандивын мөнгө ахиухан цугларвал хүүхдүүдийн эмчилгээний зардалд зарцуулахаар төлөвлөж байна.

-Одоо энэ хоёр хүүхэд болон ээжийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ. Хамгаалах байранд оруулсан уу?

-Аюулгүй байдал хангах асуудал яригдаж байгаа. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр болон улсын хамгаалах байранд оруулах боломжтой. Энэхүү хамгаалах байруудад албан ёсны санал тавьсан байгаа. Одоохондоо хамгаалах байр руу шилжээгүй байна. Мөн нөхөр Даваадорж нь суллагдаагүй байгаа.

-Суллагдаагүй гэж байна. Цагдан хоригдож байгаа юм уу?

-Тиймээ. Одоогоор суллагдаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-Даваадорж нь хүүхдээ хазаж зодож байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Согтуу байхдаа энэ хэргийг үйлдсэн. Харин ямар нэгэн сэтгэцийн өвчингүй гэдгийг хамт амьдарч байсан эхнэр нь хэлж байгаа.

-Согтууруусан үедээ гэр бүлийнхнээ байнга хүчирхийлдэг байсан болов уу?

-Ер нь согтуу үедээ гэр бүлийнхнээ байнга хүчирхийлдэг байсан гэсэн мэдээлэл байгаа.

-Хохирогч хүүхдүүдийн эцэг эх гэрлэлтээ батлуулсан байсан уу?

-Батлуулсан.

-Энэ хоёр хүүхдийн ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, оюутан гэсэн. Үнэн үү?

-Ээж нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө төрийн бус байгууллагад ажилладаг. Өөрөө хувиараа шүрэн эдлэлээр юм хийдэг. Энэ чиглэлээр их сургуульд суралцаж байгаа оюутан.

-Хүүхдүүдийн ээжийг хичээлдээ яваад ирэхэд нь энэ хэрэг гарсан байсан. Тэгэхээр яг хэдэнд гарсан бэ?

-Энэ хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсан. Нийгэмд ил гарч байгаа нь энэ хэрэг. Далдуур энэ төрлийн гэмт хэрэг хичнээн гарч байгааг бид мэдэхгүй шүү дээ.

-Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэлээ. Энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн хуулийн хэд хэд дүгээр зүйл заалтад холбогдуулан шалгадаг вэ. Танай байгууллагаас хуулийн зүйл заалтуудыг судалж үзсэн үү?

-Эрүүгийн хуулийн 100.1 дүгээр зүйл ангиар шалгаж байгаа байх. Энэ зүйл заалтаар шийтгэх нь учир дутагдалтай байгаа. Учир нь энэ зүйл заалтаар хоёр жилийн ял шийтгэл оноодог. Бидний зүгээс танхайн сэдлээр гэдэг утгаар 181.2 гэсэн зүйл ангиар оруулах бодолтой байгаа. Тиймээс энэ хэрэг дээр сайн өмгөөлөгч өмгөөлөл үзүүлэх шаардлагатай байгаа юм.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: