Хоорондоо холбоогүй ч энэ хоёр үзэгдэл зарим тал, шижмээрээ нэлээд төстэй байгааг хүмүүс анзаарсан нь лавтай. Ард түмний хувь заяатай холбоотой асуудал учраас энэ бүхэн монголчууд бидэнд ихийг бодогдуулж, нэгийг сануулах учиртай гэж үзнэ. Ингээд юугаараа төстэй вэ? гэх асуултын мөрөөр мөшгисөн бяцхан харьцуулалтаа сийрүүлье.

ХУУЛЬ ЗҮЙН ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ

 

Украин хямарч, төр, засаг нь солигдохын сацуу Крым салан тусгаарлаж, ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон сүүлийн үеийн бүхий л үйл явдлыг Украин ба Оросын талыг баримтлагчид өөр өөрөөр тайлбарлан дүгнэж байгаа. Талуудын байр суурь ялангуяа хууль зүйн үнэлэлт, дүгнэлт дээр хамгийн тодоор ялгаран зөрж, яг эсрэг тэсрэг болчихоод байна.

Украины өнөөгийн эрх баригчид ба тэднийг дэмжиж буй Өрнөдийн орнууд хийгээд Европын Холбоо, НАТО зэрэг нөлөө бүхий байгууллага Крымын салан тусгаарлалтыг хууль бус, тиймээс хүлээн зөвшөөрөх боломжгүйхэмээн мэдэгдэж байна.

Энэ утгаар Крым de jure Украины нэг хэсэг хэвээр байгаа гэж үзэж байна. Хууль бол хууль, түүнийг бүгд дагаж мөрдөх ёстой гэх зарчим, хэм хэмжээ энд үйлчилж байна гэж дүгнэж болохоор. Оросын талыг баримтлагчид яг эсрэг байр суурь илэрхийлж буй.

Мордохын хазгай болж бүр анх­наасаа мухардалд орчихсон Оюу­толгойн Хөрөнгө Оруулалтын гэрээ ХОГ)-нд үүнтэй тун төстэй байдал үүсчихээд удаж байгаа. Гадаадынхан ба манай эрх баригчид ХОГ нь хууль зүйд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэх байр суурийг албан ёсоор илэрхийлж хэрэгжүүлсээр ирэв. Тэгвэл үүнийг сөрөн зогссон тэс өөр байр суурь монголчуудын дунд бий бөгөөд түүгээр бол ХОГ нь Монгол Улсын хууль тогтомжийг ноцтой зөрчсөн агуулгатайгаас гадна хууль зөрчсөн үйлдлүүдээр байгуулагдсан тул анхнаасаа хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, эрх зүйн чадамжтай тохиролцоо de jure байхгүй бөгөөд Оюутолгой төслийн бүх ажиллагаа өнөөг хүртэл гэрээ эрх зүйн үндэслэлгүйгээр явагдаж буй болж таарч байгаа юм. Ийнхүү эсрэг тэсрэг байр суурь Украин ба Оюутолгойн хэрэг явдлийн аль алин дээр бий болчихоод эцсийн шийдвэр,тайлалаа хүлээж байна. Эдгээр зөрчилдөөн нь мэргэн цэцнээ шалгасан мэтгэлцээн бус, харин хууль зүйн ухагдахуун, зарчим, хэм хэмжээгээр дамжиж төвлөрсөн байдлаар илэрч буй маш том эрх ашгийн төлөөх тэмцэл билээ.

Оюутолгойн хувьд ажиглагдаж буй нэгэн гутамшиг бол манай эрх баригчид Үндсэн хууль ба бусад хууль тогтоомжоо зөрчсөн илт хууль бус үйлдлүүд хийж буйгаа мэдсэн хэрнээ эх орондоо нэн хохиролтой гэрээг хамгаалсаар ирсэн явдал юм. ХОГ хууль зөрчсөн гэж хатуухан хэлж тэмцэж байсан хүмүүс хүртэл сайд,даргын сэнтийд заларснаасаа хойш үзэл бодлоосоо ухарсан мэт чимээгүй болж, хамгийн гол нь хууль зөрчсөн гэрээг үргэлжлүүлэх хууль бус үйлдэлд оролцох болсон нь хачирхалтай.

Хууль зүйг дээдлэн сахидаг гэх Барууны компаниуд ч Монголын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс зайлсхийж, ХОГ нь хууль зүйд нийцэж буй гэх өөрсдийн байр сууриа ил тодоор, итгэл үнэмшилтэйгээр үндэслэн тайлбарлаж чадахгүйгээ мэдмэгцээ асуудлыг таг дарах, худал хуурмаг сөрөг сурталчилгаа хийх, хүчээр далайлган сүрдүүлэх зэрэг соёлт бус авир гаргаж ирэв.

Монголын хууль зүй, эрх ашиг ийнхүү гадаад, дотоодынхны хамссан хүчинд цохигдон дарлуулж буй нь өнөөгийн Монголын нэгэн эмгэнэл яах аргагүй мөн юм.

(Жич: ХОГ нь хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэх байр суурийг сүүлийн жилүүдэд бид нэлээд тодорхой үндэслэл, тайлбартайгаар олон удаа илэрхийлж олон нийт, эрх баригчид ба гадаадын хөрөнгө оруулагчдын сонорт хүргэснийг дурдах нь зүйтэй болов уу.)

 

МАШ ИХ ГАРЗ, ХОХИРОЛ

 

Крым ОХУ-д нэгдсэнээр Украин Улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг de facto алдаж, асар их гарз,хохирол амсах нь тодорхой болов. Үүгээр ч зогсохгүй хямрал цаашид хурцдаж эвгүй гольдрил руу орвол улс орон нь улам задарч сүйрэх аюул ч нүүрлээд байна.

Монгол Улсын хувьд Оюутолгойн ХОГ-ний уршгаар мөн асар их гарз,хөнөөл нэгэнт үүссэн төдийгүй ирээдүйд улам нэмэгдэх хөрс суурь нь ч тавигдчихав. Тэрбум тэрбум доллараар хэмжигдэх санхүү, эдийн засгийн бодит болон болзошгүй хохирлын зэрэгцээ түүнээс хэмжээлшгүй илүү чухал, илүү их ач холбогдолтой улс, үндэстний аюулгүй байдал, хараат бус бие даасан хөгжил, тэдгээрийг хангах хүчин зүйл, орчин нөхцлийн асуудал цогц утгаараа хөндөгдөх болов.

Өвөг дээдсээс асар их үнэ цэнээр өвлөгдсөн баялгаа монголчууд бид “чамлахаар чанга атга” гэдэгчлэн эзний ёсоор арвич хямгач, нэн үр өгөөжтэй ашиглаж хөгжлийнхөө зүтгүүр, хуримтлалынхаа хөдөлгүүр болгох ёстой байтал ашиг хонжоо хайгч харийнхны мэдэлд үнэгүй шахуу өгчихөөд өглөг хүлээсэн арчаагүй гуйлгачин царайлаад сууцгаах болов. “Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ” гэдгээс ч бүр долоон дор юм болж дуусахдаа тулаад байна. Дэлхийд эхний гуравт орохоор нөөцтэй гайхамшигт ордоо сорчлуулж цөлмүүлээд зогсохгүй өр,зээлийн занга, дарамтанд орж “өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэх үгийг батлахад ойрхон болов. Баялгаасаа болж баларсан буурай орнуудын жишгийг давтах аюул бодитойгоор нүүрлэв. Энэ нь далд уурхайн санхүүжилтийг босгохтой холбоотойгоор одоо өрнөж буй хэрэг явдлаас бэлхнээ харагдана.

ХОГ гээчээс болж Монголын маань нэр хүнд ч шалдаа бууж, эцэст нь бид маш ихээр хохиров. Огт хүлээн зөвшөөрөх боломжгүй гэрээг эргүү юм шиг байгуулчихаад хэдхэн сарын дараагаас нь гэнэт ухаан орж “өөрчилнө”, “сайжруулна” гэх болсноор гэрээнд оролцогчдыг төдийгүй бизнесийн ертөнцийг бүхэлд нь алмайруулан гайхшруулсан. “Бүдүүлэг үндэстнүүд” ярьсан, тохирсноосоо ямагт эргэж буцдаг найдваргүй амьтад байдаг гэх колончлолын үеэс тогтсон барууны дээрэнгүй үзлийг захиалгатай мэт нотлоод өгөх шиг болсон.

Одоо шавхайтай хутгагдсан нэр хүнд, алдагдсан итгэл үнэмшлийг сэргээх гэж оролдохдоо далан таваар бууж өгөх нь холгүй юм болцгоож, тавьтаргүйтэн эргэж шарваж, үүгээрээ тогтворгүй, найдваргүйгээ дэлхийд дахин харуулахын зэрэгцээ өчиг, амлалтаараа өөрсдийгөө улам уяж гаднынханд барьцаалагдан хохирлыг улам ихэсгэх нөхцлийг бүрдүүлэв.

ХОГ-тэй холбоотой олон зүйл холион бантан болсноор яаж ч хөдөлсөн буруутдаг “чөтгөрийн тойрог” үүсэв.” Нэр хугарахаар яс хугараг” гээд гэрээг өөрчлөлгүй цааш явбал улам ихээр хохирно. Тиймээс гуйж гувшиж, шахаж шаардаж байгаад ч болов өөрчлөхөөс өөр аргагүй. Гэтэл ингэснээрээ гадаадынхны эгдүү, дургуйцлийг дахиад л хүргэж, нэр хүндээ дахиад л дордуулна.

 

ЭРХ БАРИГЧИД ГЭМ БУРУУТАЙ

 

Украин ба Оюутолгойн тухайд ийнхүү эмгэнэлт байдал үүссэн нь улс орныг удирдсан ухаангүй ноёд, тэдний урагшгүй албатуудын гай балаг гэхээс өөр ямар ч тайлбар,гаргалгаа байхгүй.

Украин ба Монголын аль алинд өнгөрсөн 20-иод жилд төр, засгийн эрх барьсан улс төрийн анги улс, үндэстнээ хөгжүүлж хүн ардынхаа амьдрал, ахуйг өөд татахаас илүүтэйгээр “ардчилал болж хийрхэн тоглож”, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, нийгмийг бужигнуулан талцуулсан төдийгүй төр, нийгмийг авлигажуулж, нийтийн өмч баялгаас хумсалж хөрөнгөжих шуналын далайд ялзран живсэн.

Аюултай үр дагавар нь гэвэл төр,улс хүчгүйдэн сульдаж, улмаар бусдын хоол, хөнгөн зууш болоход хүргээд буй. Украин Крымын хойгоо алдаж буй бол Монгол Оюутолгойгоо, улмаар бие даасан хөгжлийн боломжоо золиослоход тун ойрхон байна.

Оюутолгойд гаргасан алдаа, завхрал нь илрэхээс айж эмээсэн, эсвэл элдвээр “барьцаалагдсан” хүмүүс асуудлыг зөв зүйтэй тавьж шийдвэрлэхэд томоохон саад тээг болж буй нь нууц биш.

Монголыг сүйрүүлэх оюуны доройтол ч хажуугаар нь бас газар авсаар. Ойрын ирээдүйд үйлдвэрлэх дотодын нийт бүтээгдэхүүнийхээ бараг 1/3, мөнгө санхүүгийн системд онцгой чухал алтны тогтоогдсон нөөцийнхөө 90 орчим хувь, зэсийн баялгийнхаа 80 орчим хувийг гадны компанийн гарт атгуулчихсан хөөрхийлэлтэй байдлыг засч залруулахад тус нэмэр болохуйц ганц ч үг ган хийхгүй атлаа хөгжлийн тухай хоосон чалчигсад дээр,дооргүй олширсон нь ой гутмаар.

 

БАРУУНЫХАН БОДИТ БАЙДЛЫГ ДУТУУ ДУЛИМАГ ОЙЛГОДОГ

 

Украины талаар Өрнөдийн явуулсан бодлого ихээхэн алдаатай байсныг одоо Барууны орнуудад ил тод шүүмжлэн ярьцгааж байна. Тухайлбал, Европын Холбооныхон Украинтай харилцахдаа алсын хараагүй хандсан, Украин-Оросын үүх түүх, уламжлалт хэлхээ холбооных нь цогц ба онцлог шинжийг дутуу үнэлсэн, Украиныг өөрийн нөлөөнд оруулах гэж сүүлд хэт чангаасан, Оросын бодит ашиг сонирхлыг дутуу харгалзан үзсэн, ерөөс ОХУ-тай харилцаагаа хэрхэн хөгжүүлэхээ концепцийн төвшинд одоо болтол тодорхой болгоогүй гэх мэт олон зүйлийг буруу дутуу төсөөлж ажилласнаа ойлгож эхэлсэн байна. Түүнчлэн НАТО-гийн эвслийн хил, нөлөөг дорно зүгт тэлэхгүй байх талаар ярьж байснаасаа алхам алхмаар ухарч, Зүүн Европын ихэнх улс орныг өөрийн хүрээнд хамруулсан, дараа нь даврахдаа Украиныг НАТО-д элсүүлэх оролдлого,саналыг гаргаж дэмжих болсон, Европ дахь цэрэг-стратегийн тэнцвэрт ба аюулгүй байдлын талаар ОХУ-ын зүгээс гаргаж байсан хүсэлт, шаардлага, анхааруулгад тоомжиргүй хандсан зэргийг дурьдацгааж байна.

Ийнхүү сүүлийн 20 гаруй жилд Европын Холбоо хийгээд НАТО-гийн орнуудын удирдлагууд Украин ба Оростой харилцахдаа бодит байдлыг дутуу дулимаг тусган авч бодлогын алдаа гаргасан нь Украин хямарч, Крым салан тусгаарлаж, Орос-Өрнөдийн харилцаа хүйтрэхэд угтвар нөхцөл болж нөлөөлснийг битүүхэндээ хүлээн зөвшөөрцгөөж байна гэлтэй. Ингэж гэнэт ухаарахад нь Крымын талаар явуулсан Оросын эрс шийдэмгий ажиллагаа хүчтэй цочроо, түлхэц өгчээ.

Оюутолгойд бас үүнтэй төстэй байдал үүссэн гэж хэлж болно. Гадаадын хөрөнгө оруулагчид Мон­голын нөхцөл байдал, түүний дотор Оюутолгойн талаарх монголчуудын зүй ёсны эрх ашиг, хэрэгцээ шаардлага, хүсэлт хүлээлтийг буруу дутуу төсөөлөн ойлгож ирсэн нь олон зүйлээс харагддаг. Энэ бүхэн нь үл ойлголцол, хүндрэл, мухардал үүсэхэд үлэмж нөлөөлсөн. Манай эрх баригчдын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчид ч Оюутолгойд гаргаж болох байсан ихэнх алдааг гаргасан гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Тиймээс ч Оюутолгойн төсөл яригдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл элдэв хэл амны бай, маргаан тэмцлийн талбар, тасралтгүй үргэлжлэх яриа хэлэлцээний сэдэв болж ирэв. Үүнийг ердийн үзэгдэл хэмээн ойшоолгүй орхиж боломгүй. Асуудлын уг үндэс нь Оюутолгойн гэрээ гол чухал заалтаараа манай улс, үндэстний эрх ашигт нийцэхгүй байгаатай холбоотой. Үүнийг гадаа­дынхан эртхэн ойлгох тусам асуудлыг мухардлаас гаргахад эерэгээр нөлөөлж, эцсийн дүндээ тэдний эрх ашигт ч нийцэх юм.

(Жич: ХОГ байгуулагдаагүй байх үеэс эхлэн бид Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдад гурван ч удаа бичгээр ил тод хандаж, зарим суурь ойлголт, асуудлыг тодруулах замаар харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг илүү тогтвортой болгоход нэмэр болох гэсэн боловч тэдний үл ойшоох, үл тоомсорлох, үл хэрэгсэх авираас болж хад мөргөн тусыг эс олсон.)

 

ДҮГНЭЛТИЙН ОРОНД

 

Дэлхийн анхаарлын төвд орсон Украины хямралыг олон монгол хүн нэлээд ойр хүлээн авч буйг ойлгож болох ч өрөөл орны ээдрээтэй хэрэг явдалд сэтгэл,санаагаа чилээхийн оронд өөрсдийн болж бүтэхгүй байгаа олон асуудлаас хамгийн хурц нь болох Оюутолгойдоо илүү ихээр анхаарвал хавьгүй дээр гэж санагдана.

Угийн уужуу тайван сэтгэл, сэтгэлгээтэй монголчууд Оюутолгойн асуудалд хэсэг хугацаанд их хүлээц, тэвчээртэй хандаж ирсэн гэхэд болно. Гэхдээ аливаад хэмжээ, хязгаар байдаг жам ёсоор энэ тэвчээр барагдаж эхэлсэн шинж бий. Үүний нэг илрэл, нотолгоо нь ард иргэд 2012 оны сонгуулиар Оюутолгойн талаар шүүмжлэлтэй дуугарсан нэр дэвшигч бүрийг хүчтэй дэмжсэн явдал юм. Үүний хүчинд ч АН ба “Шударга ёс” эвслийн тодорхой нэр бүхий улс төрчид төр, засгийн гол зангилаа албанд очицгоосон. Одоо тэд хэлсэн,амласнаа биелүүлж Оюутолгойн асуудлыг Монголынхоо эрх ашиг, хууль зүйд нийцүүлэн цэгцлэхийг иргэд маш анхааралтай ажиглан хүлээцгээж байна. Итгэл, найдлагыг нь хөсөрдүүлвэл тэвчээр нь бүрмөсөн барагдаж “тэсрэх”-ийг ч үгүйсгэшгүй.

Захиргаадалтын үед 1954 онд ЗХУ-ын удирдагч Н.Хрушёв Крымын хойгийг Оросоос салган Украинд “бэлэглэн” өгсөн ажээ. Тэр түүхэн алдааг одоо Оросын удирдлага Украины шинэ эрх баригчид ба Барууныхан ОХУ-ын эрх ашгийг хөндсөн “улаан шугам”-ыг давж алхлаа хэмээн үзээд хүчээр засч залруулж байгаа юм байна.

Захиргаадалтын сэтгэлгээ, арга барилаасаа салж чадаагүй нөхдүүд 2009 онд Оюутолгойд мөн түүхэн алдааг гаргасан. Ард түмэнд амлалт өгч гарч ирсэн эрхмүүд одоо энэ алдааг засч залруулах үүрэг хүлээж байна. Чадахгүй бол эртхэн зайгаа тавьж өгөх нь зүйтэй. Монголчууд Оюутолгойн асуудлаа цаг алдалгүй эцэслэн шийдэх хэрэгтэй байна.

 

Р.ЭРХЭМБАЯР

“Ирээдүйтэй хөгжил” зөвлөл

2014 оны 3 дугаар сарын 25.