Иргэдийг энергиэр эмчилж, зурхай, засал хийдэг “Монгол аура” төв дээр өнжлөө. Тус төвийн хувьд өдөр бүр зочин ихтэй байдаг юм байна.

Сүм, энерги нөхөх өрөөнүүд, энергийн эмнэлэг гээд иргэдэд үйлчилдэг бүхий л газруудаар нь орвол нэг хүн дор хаяж 4-5 цаг зарцуулна. Гэхдээ энэ хугацаанд энергиэ тодорхойлуулж, зурхайчид үзүүлэн зөвлөгөө авч, тусгайлан зассан өрөөнүүдээр орж алдагдсан энергиэ нөхнө, эмнэлэгт алжаалаа тайлна, заслаа хийлгэнэ гээд нэг дор төдийлөн авч болдоггүй бүхий л зүйлийг хийлгэж чаддагаараа давуу талтай гэж тус газрыг зорьж очсон хүмүүс хэлж байлаа.

Тэнд очих үед үрийн заяа дуудуулах гэсэн залуу хос, эрүүл мэндээ даатгах гэсэн өндөр настай эмээгээс авахуулаад бишгүй олон хүн ирсэн байв. Ингээд “Монгол аура” төвийнхний зөвлөснөөр хамгийн эхэнд сүмээр орлоо. Сүм нь дөрвөн давхар. Нэгдүгээр давхарт зогсож байгаа ажилтан ормогц сүмээ танилцуулаад яаж мөргөх талаар зөвлөдөг юм байна. Нэр нь “Хорин нэгэн Дарь эхийн бодлын орон ба түлхүүр сүм”. Эхийн сайхан энергиэр муу муухай бүхнийг ариусгах зорилгоор уг сүмийг байгуулсан аж. Тийм ч учраас бүх л төрлийн зовлонгоос гэтэлгэх бурхад энэ сүмд оршиж байгаа юм байна. Хүмүүс энд ирснээр бие, хэл, сэтгэлээ ариусган мөргөөд, засал номоо хийлгээд гарах боломжтой. Сүмийн нэгдүгээр давхарт “Хот мандал”-ыг бүтээжээ. Энэ нь муу муухай, үйлийн үрийг зайлуулж, хамаг амьтанд аз жаргал, сайн сайхан бүхнийг авчрах бэлгэдлийг агуулдаг. Тэнд мөргөөд хоёрдугаар давхарт нь гарахад “Монгол аура” төвийнхний хэлснээр цоожийн хүрээгээр зорчино. Энэ хэсэг нь өөрт тохиолдсон бэрхшээлийн цоожийг тайлж, санасан бүхнээ бүтэхийг бэлгэддэг. Цоожийн хүрээгээр зорчсоноор урдаа байгаа бүтэхгүй зүйлийг өөрийн биеэр түлхэж, түлхүүрдэн онгойлгоно ч гэж ойлгож болно. Хэрвээ хүсвэл ажил үйлс бүтээх, хол замд гарах, нялхсыг хэл амнаас хол байлгах, нүглээ наминчлах, ханийн тэнгэр дуудах, хамаг хүслээ биелүүлэх гэх мэт 21 түлхүүрээс аваад орж болно. Энэ хүрээгээр зорчсон дараа сүсэгтнүүд гуравдугаар давхарт нь гарч 21 дарь эх бурханд мөргөж, дарь эх тус бүрийн тарнийг уншин өөрсдийгөө даатгах боломжтой аж. Харин тус сүмийн дөрөвдүгээр давхарт долоон метр өндөр Ногоон дарь эх бурхныг бүтээжээ.

Дарь эхийн сүмээс гараад энергийн засал хийдэг төвөөр нь орлоо. Энд ороод хамгийн эхэнд энергиэ тодорхойлуулах ёстой. Хүн өөрийн гэсэн аура буюу гэрлэн бүрхүүлтэй байдаг. Энерги, биеийн байдал зэргээс нь шалтгаалж хүн бүрийн гэрлэн бүрхүүл өөр өөр өнгөтэй байдаг юм байна. Эрт дээр үед хүмүүс нэг нэгнийхээ аураг харж чаддаг байсан бол одоо энгийн нүдээр харах чадваргүй болсон гэнэ. Харин тус төвийн хувьд орчин үеийн дэвшилтэд програмчлагдсан технологиор иргэдийн гэрлэн бүрхүүлийг харуулдаг аж. Ингэхийн тулд тухайн хүн гарын алгаа төхөөрөмж дээр тавих ёстой. Ингээд мэдээлэл нь дэлгэц дээр гардаг. Зөвхөн гэрлэн бүрхүүл харуулахаас гадна дотор эрхтэн, үе мөч эрүүл байгаа эсэхийг харуулж, ямар зүйлдээ анхаарах ёстойг хэлж өгнө. Төхөөрөмжийн харуулж байгаа тухай хүний талаарх мэдээлэл эмнэлэгт шинжилгээ өгсний үр дүнд гарсан, шинжлэх ухаанаар нотолсон хариу биш. Гэхдээ тэнд байх хугацаанд гэрлэн бүрхүүлээ оношлуулсан хүмүүс нь “Ихэнх хариу нь таарч байна” гэж байна билээ. Зүрх нь өвддөг, нойр муутай, хэл ам ихтэй байгаа гээд тухайн хүнд тулгарсан асуудлыг ихэнхийг нь хэлээд өгөх жишээтэй. Хүнд өвчтэй хүмүүсийн энергийг үзэхэд заримдаа гэрлэн бүрхүүл огт байхгүй байх тохиолдол ч гардаг гэдгийг “Монгол аура” төвийнхөн хэлж байсан. Харин энерги нөхөх заслын өрөөнд амраасны дараа тухайн хүн бага ч гэсэн гэрлэн бүрхүүлтэй болдог гэнэ. Харин эрүүл хүнийх эсрэгээсээ шар гэрэл цацарч байдаг гэлээ.

Гэрлэн бүрхүүлээ тодорхойлуулсны дараа усан заслын өрөөгөөр орлоо. Хүн энергийг алддаг ч нөхөж авах боломжтой. Тодруулбал, харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүртэх мэдрэхүйгээ ашиглан нөхөж авдаг ажээ. Усан заслын өрөөнд ороод Дуншаагийн 35 бурханд мөргөж, усан тахил өргөж засал хийдэг. Ус хүний, тухайн орчны мэдээллийг агуулдгийг шинжлэх ухаанаар тогтоосон байдаг. Тэр ч утгаараа хүмүүс өөрсдийн авчирсан усаар тухайн өрөөнд тахил өргөөд, эргээгээд ариуссан эерэг мэдээлэл агуулсан усаар өөрийгөө гурав хоногийн турш ариутгах ёстой гэж байлаа. Дараа нь Аура видийн өрөөгөөр орлоо. Энэ өрөөг Монголын 21 аймаг, дэлхийн энерги ихтэй улс орнуудаас авчирсан мод, чулуу, элс, шороо зэргээр тохижуулсан бөгөөд бадар аяганы долоон төрлийн аялгуугаар хүний долоон хүрдийг сэргээж өгдөг юм байна. Энэ өрөөнөөс гараад хүчилтөрөгчийн өгөөгөөөр орлоо. Ормогц бусад өрөөг бодвол сэрүү татсан орчин угтаж байсан. Өрөөний ханыг ой шугуй, шалыг зүлэг, таазыг цэлмэг тэнгэрийг санагдуулмаар зассан бөгөөд энд азоны хийгээр амьсгалж, чулуун орон дээр амарч, хүчилтөрөгчийн коктейл уун энергээ нөхөх боломжтой. Ингэж хүчилтөрөгчөө нөхсөнөөр судасны үйл ажиллагаа, тархи толгой, зүрх уушиг ходоод гээд бүхий л эрхтэн системийн үйл ажиллагаа сэргэдэг хэмээн тус төвийнхөн тайлбарласан юм. Энэ мэтээр энерги нөхөх дөрвөн өрөөгөөр орсны дараа энергийн эмнэлгээр орлоо. Эмнэлэгт хүнд өвчтэй, хавдартай, харшилтай, төрөлхийн гажилттай, стрест орсон, нойргүйдэлд орсон, эд эрхтэн системийн энергийн алдагдалд орсон гээд төрөл бүрийн асуудалтай байгаа хүмүүс ханддаг ажээ. Ингээд дорнын болон уламжлалт анагаах ухаан, бариа засал, зүү төөнүүр, орчин үеийн програмчлагдсан физик эмчилгээний аппаратуудаар үйлчилдэг ажээ. Үе мөчний өвчтэй өндөр настан тус эмнэлэгт эмчлүүлээд хөнгөн шингэн болсон талаар ч ярьж байлаа. Хамгийн гол нь энэ бүх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй, судалгаа шинжилгээний үндсэн дээр явагддаг байна. “Монгол аура” төвийн хана, өрөөнүүдээр эмчлүүлээд эдгэрсэн, ажлаа бүтээсэн хүмүүсийн талархлын үгтэй дурсамж олон байгаа нь олон хүнд үр дүнгээ өгч байгаагийнх болов уу. Тус төвийн тэргүүн Б.Сарандаваад ч олон мянган хүн талархлаа илэрхийлсээр байдаг ажээ. Хамгийн гол энэ бүх үйлчилгээ тийм ч өндөр үнэтэй биш. Мөн тус төвийн өнцөг булан, өрөө бүрийг чамгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж нямбай хийсэн нь оронгуут харагдаж байлаа.

Т.УРАНГЭРЭЛ