Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилладаг. Энэ жилийн хувьд “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Уг арга хэмжээний үед ямар төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлсэн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сар гарсаар 2623 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 630 буюу 19.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд 10-20 хувиар буурсан байна. Гэвч халаасны хулгайн гэмт хэрэг хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах, зодож гэмтээх тохиолдол нэлээдгүй бүртгэгдэж байгаа" гэв.

Тиймээс цаашид шинэ жилийнхээ баярыг тэмдэглэж амжаагүй аж ахуй нэгж байвал хамт олондоо тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай. Мөн хамт олноороо баяр тэмдэглэчихээд нэгнээ хүргэж өгдөггүй, хоорондоо зодож маргалддаг. Улмаар харих замдаа осгож нас барах тохиолдол бүртгэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тухайлбал, арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож, хөлдөж нас барсан байна. Мөн архины гүн хордлогын улмаас 26 хүн амиа алджээ. Иймд гудамж талбайд ухаангүй байдалтай хэвтэж байгаа хүнтэй таарвал яаралтай эмнэлэг болон цагдааагийн байгууллагад мэдээллийг шуурхай хүргэхийг зөвлөлөө.

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Арванхоёрдугаар сард согтууруулах ундааны хэрэглээ Улаанбаатар хотын хэмжээнд маш их нэмэгдсэн. Улаанбаатар хотын эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг бол шинэ жилийн баярын өдрүүдэд 300 гаруй хүн өдөрт эрүүлжүүлэгдэж байна. Цэнгээний газрын тарах цагаар өдөр шиг хөдөлгөөн үүсч, автомашины түгжрэл үүсдэг. Хүүхдийн 100 орчимоор хэд хэдэн том баарны үүдэнд түгжрэл үүсч байна” гэлээ.

Энэ сард халаасны хулгайн 86 гэмт хэрэг бүртгэгджээ. Иймд зах худалдааны төвөөр баярын ширээний хүнсээ бэлтгэхээр явахдаа анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Нийслэлийн онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу шинэ жилийн баярыг угтсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулж байгаа ресторан, зах худалдааны төвүүдэд шалгалт явуулж 300 гаруй зөрчлийг илрүүлж зарим газарт захиргааны арга хэмжээ авч ажилласан байна.

Шинэ он солигдох мөчид пиротехникийн хэрэгсэл буюу бидний нэрлэж заншсанаар салют буудуулах ажиллагаа явагддаг. Салют буудуулах ажиллагаанд Нийслэлийн онцгой байдлын газраас онцгой анхаарал хандуулан ажиллах юм байна. Тус газраас далд хэлбэрээр худалдан борлуулах үйлчилгээ эрхэлж байсан иргэд аж ахуй нэгжийн пиротехникийн хэрэгслийг хурааж авч устгалд оруулжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэглээний пиротехникийн хэрэгслийг худалдаалах, ашиглахыг НИТХ тогтоолоор бүрэн хориглосон.Уул уурхайн яамнаас пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани бий.

Шаардлагатай тохиолдолд эдгээр албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг худалдан авч болох ба мэргэжлийн операторчноор буудуулах шаардлагатай гэдгийг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Ингэхдээ барилга байгууламж, битүү орчинд пиротехникийн хэрэгслийг ашиглахыг хориглодог гэдгийг санууллаа.

Нийслэлийн онцгой байдлын газрын 150 албан хаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.