Татварын тухай хуульд өөрчлөлт орсны дагуу хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталсан маягтын дагуу бүртгэхээр болжээ. 

Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж "Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд 2020 оны нэгдүгээр сараас эхлэн бүртгэж эхэлнэ. УБЕГ нь 2019 онд иргэд болон хуулийн этгээд нартаа чиглэсэн нэлээд олон ажлыг хийлээ. Үүнээс УБЕГ нь 150 сая материалыг 100 хувь цахимжуулж дууссан. 3.3 сая иргэн, 1.1 сая эд хөрөнгө, 194 мянга хуулийн этгээдийн мэдээлэл цахим хэлбэрээр байгаа. 

Энэ онд гадаадын хөрөнгө оруулалттай 216 компани бүртгүүлээд байна. Энэхүү 216 компани нь Монгол улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, татвараа төлдөг чанартай байгууллага гэж үзэж байгаа. Өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалттай 484 хуулийн этгээдэд шалгалт явуулсан. Энэ үеэр нэлээдгүй зөрчил гарсан. 139 компани бүртгэлийн мэдүүлэг өгөхдөө хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй гэх зөрчил илэрснээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа” гэлээ. 

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан.

Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын 9 дүгээр зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан. Өмнө нь зөвхөн ашигт малтмалын лицензтэй компаниудын эцсийн өмчлөгчийг бүртгэдэг байсан бол одооноос Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн 194 мянган аж ахуйн нэгж эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллээ УБЕГ-аас баталсан журам, маягтын дагуу мэдүүлдэг болж буй юм. Эцсийн өмчлөгчийг мэдүүлдэг болсноор УБЕГ, Татварын ерөнхий газар болон бусад холбогдох төрийн байгууллагууд нэгдсэн мэдээлэлтэй болно.

Эцсийн өмчлөгч гэдэг нь хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа, мөн хуулийн этгээдийн хувьцааг шууд эзэмшдэггүй боловч бусдаар өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж, үр шим, ашиг орлогыг хүртэж буй хүнийг хэлнэ.

Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь мэдүүлгээ үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэдгийг ч албаны хүмүүс онцолж байв.

Дашрамд дуулгахад, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болох Мишээл, Драгон, Оргил, Дүнжингарав зэрэг дөрвөн төвд болон Чингэлтэй дүүрэг дэх  Улсын бүртгэлийн хэлтэст хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж иргэн, хуулийн этгээдийн дараах үйлчилгээ, зөвлөгөөг үзүүлж байгаа юм. Үүнд,

  • Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах,
  • шинээр байгуулсан хуулийн этгээдийн
  • өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн
  • хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн
  • улсын бүртгэлийн гэрчилгээ дахин авах
  • хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг шинээр байгуулах болон мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн
  • хуулийн этгээдийг татан буулгасны зэрэг болно.