СУИС-ийн Радио, телевиз медиа урлагийн сургуулийн Монгол хэл, хэлний соёл судлалын профессорын баг, Балдорж сантай хамтран Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааныг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 

Тус уралдаанд оролцогчид сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналд шалгарсан бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичдэг билээ. Энэ жилийн уралдаанд 21 хүний бүтээл өрсөлдсөн байна. Мөн АНУ, ОХУ, Франц улсад ажиллаж, амьдарч байгаа сэтгүүлч, судлаачид бүтээлээ ирүүлжээ. 

Энэхүү уралдааны шүүгчийн багын ахлагч СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос, гишүүдээр СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн урлаг, судлал, утга зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Батхуяг, Судлаач, доктор Ю.Эрдэнэтуяа нар ажилласан аж.

СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос "Балдорж шагнал гэж олгож эхлээд 12 жил болж байгаа. Энэ нь Монголын сэтгүүлчдийн хүсэн хүлээдэг, тухайн жилдээ туурвисан бүтээлүүдээс хэнийх нь шилдэгт орох нь уу, өөрийгөө хаана явааг мэддэг томоохон уламжлалт уралдаан болсон юм. Бид нар таван жилийн өмнөөс эхлээд сэтгүүлчдийн бүтээлд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой юм байна гэж үзээд хоёр жил онол, практикийн хурал зохион байгуулсан. Дараа нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү шүүмжийн уралдаанаа эхлүүлсэн. Аль ч урлаг, соёлын салбарт шүүмж бол тааруу байгаа. Тааруу байна гэдэг нь аливаа зүйлийг эерэг зөв хөгжих, чиг баримжаагаа олоход өрөөсгөл хандаж байна гэсэн үг. Ямар нэгэн шинэ кино гарсан ч, уран зургийн үзэсгэлэн гаргасан ч уран бүтээлчийн найз нөхөд л сайхан болж гээд хэвлэлд яриа өгөөд байхаас биш мэргэжлийн шүүмжлэгч үгээ хэлэхгүй байна. Энэ нь тухайн салбарыг эрүүл хөгжиж байна уу, үгүй юу гэдэгт үнэлэлт өгөхөд эргэлзээтэй болгож байгаа юм. Үнэлэлт, дүгнэлт гэдгийг эрдэмтэн судлаач нар өгдөг учраас бид зориуд сэтгүүлзүйн гол салбартаа үгүйлэгдэж байгаа шүүмж судлалыг хөгжүүлэх зорилгоор энэ ажлыг зохион байгуулах болсон. Мөн сангийнхаа үйл ажиллагааг дэмжих, сэтгүүлч нарт өөрсдөд нь ухааруулах, дүн шинжилгээ хийх, хатуу бөгөөд үнэн үгэнд дасаж сурахад нь чиглүүлсэн юм. Энэ саналыг маань Балдорж сангийнхан маш сайхнаар хүлээж авсан. СУИС энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаагийн хувьд зайлшгүй анхаарах шаардлагатай, үүрэгтэй. Энэ жилийн уралдаанд Радио, телевизийн сэтгүүлзүйн ангийн оюутнууд маш идэвхтэй оролцсон. Дөрөвдүгээр курсын шагнал хүртсэн оюутнуудыг шалгалтгүй сургуулийнхаа магистерт суралцах урилгыг шууд өгөх ёстой гэж би хувьдаа бодож байгаа. 

Бид ирэх жил уралдаанаа дахин зохион байгуулна. Энэ жилийн уралдаанд ирсэн бүтээлд муу нь хоёр гуравхан байлаа. Цаашдаа анхаарах зүйл гэвэл судлаач нар, оюутнууд гэж ангилаад өөрийн сургуулиасаа бусад сэтгүүлч бэлтгэж байгаа сургуулиудтайгаа хамтарч ажиллах ёстойг Одсүрэн захиралдаа хэлье. Түүнчлэн энэхүү уралдаанд маань дан ганц сэтгүүлч нар бус өөр салбарын судлаач нар бүтээлээ ирүүлсэн байна. Энэ бол уралдаан чанаржиж байгаагийн илрэл юм" гэлээ.

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн урлаг, судлал, утга зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Батхуяг "Шинжлэх ухааны бүхий л салбарт мэргэжлийн шүүмжийг тодорхой хэмжээгээр хөгжүүлэхэд бодлого маш чухал байгаа. Тэр дундаа сэтгүүлзүйн салбар нийгмйин оюун санаанд асар хүчтэй нөлөө үзүүлж байна. Тэгэхээр сэтгүүлчдийн бичиж байгаа бүтээлүүдийн үнэ цэнийг мэргэжлийн судлаачид, мэргэжлийн шүүмжлэгч нар л тодорхойлно. Энэ тодорхойлолж байгаа тодорхойлолт нь нөгөө талдаа тухайн сэтгүүлчид өөрсдийгөө хаана яваа вэ гэдгийг ур чадвараа олж харахад түлхэц өгнө. Сэтгүүлчийн бүтээлийн үнэ цэнэ эргээд монголын түүх соёл, улс төр, эдийн засгийн харилцаанд ямар эерэг, сөрөг хандлагыг бий болгож байгаа вэ гэдгийг таньж мэдэхэд мэргэжлийн шүүмжлэгчдийн бичсэн шүүмж бол ташуур болно. Ташуурдана гэдэг чинь нэг талдаа тэр хүний цаашдаа хийх бүтээлийнх нь урам, нөгөө талдаа алдаа оноогоо засаж, эргэцүүлэх боломжуудыг олгож байгаагаараа онцлог. Энэ жилийн уралдаанд ирүүлсэн залуу судлаачдын шүүмжийг уншсан сэтгүүлчид өөрөө өөрийнхөө алдаа, оноог олж харна. Эсвэл би чинь үүгээрээ мэргэжил нэгт нөхдөөсөө давуу яваа юм байна. Үүн дээрээ тулгуурлаж шинэлэг бүтээлийг хийх ёстой юм байна гэдэг эрмэлзэл, итгэл найдварыг авч буйгаараа л энэ уралдааны үнэ цэнэ үүнд л оршино. Нэг хэсэг бид шүүмж гэдэг үгнээс болоод аливаа салбарын бүтээлүүдийг муучлах ёстой бичлэгийн төрөл байх ёстой юм байна гэж ойлгож ирсэн. Гэтэл цаг хугацаа өөрчлөгдөж, нийгмийн харилцаа өөр болж оюун санааны бодит чадамжууд шал өөр болсон. Бид бол шүүмжийг шүүмжлэх гэдэг нэг талаас биш энэ нь тухайн бүтээлийг задлан шинжлэх, үнэ цэнийг нь тогтоох, үнэт чанарыг нь илэрхийлэх бичвэрийг шүүмж гэж харж байгаа. Энэ үүднээсээ шүүсэн, тийм ч бүтээлүүд шалгарсан гэж бодож байна.

Сэтгүүлзүйн бүтээлийн шүүмжийн уралдаанд ШУА-ийн Түүх  угсаатны зүйн хүрээлэнгийн Угсаатан судлал биет бус соёлын өвийн төвийн Эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар "Уул уурхайтай "ханилсан" орчин цагийн малчин сурвалжлагын шүүмж"-ээрээ тэргүүллээ.

 

М.Энхбаатар "Миний мэргэжилт их ойр болохоор нь шүүмжээ бичиж уралдаанд оролцсон. Түүх  угсаатны зүйн хүрээлэнгийн хэрэглээний Угсаатан судлал, биет бус соёлын өвийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг болохоороо би угсаатан зүйн хээрийн судалгаа хийдэг. Мал аж ахуйтай холбоотой дата материалууд надад их байсан. Үүн дээрээ тулгуурлаж шүүмжиндээ тодорхой хэдэн санаагаа хүн судлалын үүднээс нь тайлбарлахыг зорьсон. Сэтгүүлзүйн хувьд бол сэдэв явцуурах тал байдаг. Жишээлбэл, бэлчээрийн мал аж ахуйн сэдэв рүү орох нь тун ховор. Миний сонгон авч цуврал сурвалжлага нь мэргэжлийн хувьдаа боломжийн дүгнэлтүүдийг өгсөн байна лээ. Энэ дүгнэлтийг нь хүн судлалын үүднээс талбайрлаж, тодорхой онолын задлалуудыг хийж болохоор байсан нь давуу тал болсон. Мөн шүүмжийн онцлог нь монголчуудын өв өвлөх эрхийн тухай, бэлчээрийн мал аж ахуй эрхлэж байгаа ард түмэн бол хамгийн үндсэн хөрөнгө нь эцгийн бор шороо буюу бэлчээр дагасан орчин бүс нутаг байдаг. Сэтгүүлч үүнийг тодорхой хэмжээнд хөндөх гэж оролдсон байсан. Хоёрдугаарт нүүдлийн мал аж ахуйд орчин үеийн хүчин зүйлс нөлөөлж байгаа. Түүний нэг нь уул уурхайн бүс нутгийн бэлчээрийн мал аж ахуй. Үүн дээр өөрийн байр сууриа сэтгүүлч илэрхийлсэн байсан. Миний хувьд Цогт-Овоод хээрийн судалгаа хийгээгүй хэдий ч ижил төвшиний нутгийн материалыг цуглуулж байсны хувьд үүндээ тулгуурлан шүүмжээ бичсэн. 

Харин тус уралдааны хоёрдугаар байрыг сэтгүүлч Б.Баярбаясгалан "Эрдээкцдаа /редакци/ эргэж ирэхдээ юутай очих вэ? шүүмжээр Францад амьдардаг судлаач эзэлсэн юм.

Гутгаар байранд: СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлзүйн дөрөвдүгээр курсын оюутан Б.Хорвоо "Сонголт" шүүмжээр,

Гутгаар байранд: СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлзүйн дөрөвдүгээр курсын оюутан Э.Булган "Б.Ганчимэгийн нууц" шүүмжээр тус тус шалгарлаа. Тэрбээр, Монголчууд Б.Ганчимэг сэтгүүлчийг авьяастай гэдэг ганц үгээр тодорхойлоод явж байгаа. Тэгвэл энэ сэтгүүлч маань бусдаасаа юугаараа онцлогтой болоод түүний ярилцлагыг хүмүүс шимтэн уншдаг юм. Мөн техник талаас нь задлал хийж, шүүмжээ бичсэн. Жишээлбэл, Д.Дагвадорж аваргатай хийсэн ярилцлагыг ихэнхи хүмүүс уншсан байдаг. Энэ ярилцлага нь зөвхөн ярианы хэлээр бичигдсэн. Яагаад сэтгүүлч үүнийгээ бичгийн хэл рүү буулгаагүй вэ гэдгийг олж хараад судалсан. Хэрвээ бичгийн хэл рүү хөрвүүлэн буулгасан бол тухайн ярилцлага амьгүй, хүмүүст наалдацтай уншигдахгүй байх байсан. Б.Ганчимэг сэтгүүлч нь өөрөө чөлөөт сэтгэлгээтэй, илэн далангуй ярилцдаг нь гол нууц нь юм байна гэж би харсан. Ингээд түүний таван ярилцлага дээр судлаач шүүмжээ бичсэн. 

Түүнд сургуулиа төгсөөд Өдрийн сонинд суралцах урилга ирсэн байна. Учир нь  Эрхэмбаярын Булган Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас зохион байгуулдаг "Алтан үзэг" наадамд хөгжлийн бэрхшээлтэй оюутантай хийсэн цуврал ярилцлагаараа өрсөлдөж шилдэгт багтжээ. Мөн сурвалжлага төрлөөр бичсэн бүтээл нь ийнхүү ажлын байрны урилгыг түүнд авчирсан байна.

Дашрамд сонирхуулахад, Сэтгүүлзүйн бүтээлийн шүүмж уралдааны шагналыг сан:

  • Нэгдүгээр байр: өргөмжлөл 1 сая төгрөг
  • Хоёрдугаар байр: өргөмжлөл, 700 мянган төгрөг
  • Гутгаар байр хоёр хүн шалгаруулж тус бүр өргөмжлөл 400 мянган төгрөг бэлэг бэлгийн дээд "Сэтгүүл зүйн шинжлэл" номтой хамт гардуулан өгсөн юм.