Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй удирдах албан тушаалтнуудынх нь холбогдсон хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст мөрдөн байцаалтаа дуусган НПГ-ын хяналтад шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус газраас ОБЕГ-ын удирдлагад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг өнөөдөр УРЬДЧИЛСАН хэлэлцүүлгээр хэлэлцэх гэж байна. 

ОБЕГ-ын дарга,  хошууч генерал Т.Бадралаас гадна  тус газрын Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл нарын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11:00 цагт товлогдсон байгаа. 

Тэдэнд хуучин  Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа.

Уг зүйл нь Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах  тухай заасан бөгөөд  263.2-д "Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заажээ.