Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр “Зон олны нам”-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, гишүүн Б.Нарангэрэл нар шахмал түлшний асуудлаар дараах мэдээллийг хийсэн юм. Энэ жилийн хувьд Засгийн газраас гаргасан томоохон шийдвэрийн нэг нь түүхий нүүрсний хэрэглээг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр нийслэлийн  хорт утааны ялгарал багасч, агаарын бохирдол 50 хувиар буурна гэсэн тооцооллыг хийгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэлчүүд бидний агаарын бохирдлоос гарц бол өнөөдрийн байдлаар шахмал түлш гэж үзэж буй. Тиймээс шахмал түлш хэрэглэх нь өнөөдөр нийгэмд болон иргэдийн хувьд ололттой болон дутагдалтай ямар тал байна, мөн шахмал түлштэй холбоотой үүсээд байгаа зарим асуудлын талаар тэд мэдээлсэн юм.  Шахмал түлшний ач холбогдлын талаар гишүүн Б.Нарангэрэл ярихдаа “Өнгөрсөн хугацаанд шахмал түлшний чанарын асуудлаар хангалттай ярьж, агаарын бохирдолд сайнаар нөлөөлсөн, нөлөөлөөгүй гээд хангалттай маргалдсан. Тэгвэл шахмал түлшийг анх хэн санаачилж, бий болгоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна вэ?. Өнөөдөр шахмал түлштэй холбоотой ямар асуудлууд үүсээд байгаа талаарх  мэдээллүүдийг тодорхой хүргэе гэж бодсон. Шахмал түлшийг олон улсад хэрэглээд багагүй хугацааг үдэж байна. Харин манай улсад 2010 оноос хойш ААН, байгууллагууд шинжилгээ хийж, туршиж хэрэглэж ирсэн  байдаг.  Лабораторийн шинжилгээний бичгүүд нь ч файлаар дамжуулж болно.  2010 оноос өмнө нүүрсэн дээр туршилт хийсэн хөгжлийн явцад “Энержи ресурс”-ийн завсарын бүтээгдэхүүн буюу мидлингийн нүүрсээр шахмал түлш хийвэл манай улсын агаарын стандартад нийцэх юм байна гэдгийг судалсан. Мөн тэр аргаараа үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Одоо хэрэглээний ач холбогдлын хувьд, агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурсан нь илт харагдаж байна.  Гэвч түлшний нийлүүлэлт муу байна” гэв.

Шахмал түлшний хомсдол үүсээд байна. Иргэд энэ өвлийг яаж давах вэ?

“Зон олны нам”-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр “Энэ ажлыг дэмжих ажил Н.Алтанхуягийн Засгийн  газрын үед яригдаж байсан. Одоо энэ шахмал түлш нь иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн гарч ирж чадсан боловч норм стандартын дагуу үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх зэрэгтэй холбоотой асуудлууд ар араасаа үүсээд байна. Засгийн газар энэ ажилд ААН, албан байгууллагатай хамтарч ажиллах  гэрээ хэлцэлүүдийг хийнэ, дэмжиж ажиллана, хамтрана гэж ярьж байсан боловч одоогоор нэг ч хувийн байгууллагатай гэрээ хэлцэл хийгээгүй явж байна. Төрийн өмчит “Тавантолгой түлш” компанийг байгуулаад түүгээрээ бүх ажлыг дамжуулаад явж байгаа. Гэтэл өнөөдөр түүхий эдийн асуудал, тээвэрлэлт, хадгалалт, стандарттай холбоотой асуудлууд анхаарал татсан хэвээр байна. Хаана хадгалж, нөөцөлж байгааг иргэдэд мэдээллийг нь нээлттэй хүргэх ёстой. Эдгээр норм стандарт алдагдсны улмаас түлшний чанар муудаж байгааг үгүйсгэхгүй.

Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд, өнөөдөр Засгийн газраас жилд 600 мянган тонн орчим шахмал түлш үйлдвэрлэж нийлүүлэхээр тооцоолсон байдаг. Өмнө нь нийслэлчүүд нэ саяаас, 1.500.000 тонн орчим түүхий нүүрсийг Улаанбаатарт ашиглаж байсан гэсэн тоон мэдээлэл байдаг. Гэтэл Засгийн газраас үйлдвэрлэлтийн хүчин чадлыг жилд 600.000 мянган орчим тонн шахмал түлш үйлдвэрлэнэ гэсэн үндэслэлгүй тооцоо хийснээс болж түлшний  хомсдол үүсээд түлш байна. Савлагаан дээр бас асуудал үүсч байна. Түгээлт дээр асуудал үүсч байна. Ажиллах хүч хүрэлцэхгүй байна. Тээвэрлэлт хийх автомашинууд нь дугаарлаж зогссоор байна.  Шахмал түлшээ худалдаж авах гээд очиход хүлээлт үүсгээд байна. Энэ бүх асуудал юунаас болж үүсч байна вэ гэхээр ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотой юм.  Өнөөдөр шахмал үйлдвэрлэх боломжтой, хамтран ажиллах 10 гаруй ААН, компани байна. Гэтэл эдгээр байгууллагатай Засгийн газар гэрээ хэлцэл хийхгүй өдийг хүрч байна. Дан ганцхан төрийн өмчит компаниар энэ бүх ажлыг хариуцаад хийж байгаа нь түлшний нийлүүлэлт, хэрэгцээ хангамж муудаж, түлшний хомсдолд ороход хүргэж байна. Гэтэл Засгийн газар шахмал түлш үйлдвэрлэх 10 гаруй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хориг саад тавьчихаад, ажлыг нь эхлүүлэхгүй байна. Өнөөдөр иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа шахмал түлшийг дан ганц төрийн өмчит компаниар хийлгэж байгаа нь түлшний нийлүүлэлтэд муугаар нөлөөлж байна. Шахмал түлш иргэдэд хүрэлцэхгүй байна.  Иргэд энэ өвлийг яаж давах вэ гэдэг асуудалтай тулгараад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан  шахмал түлш нэмэлтээр үйлдвэрлэх компанийг 2020 онд байгуулна гэж ярьж байсан. Шахмал түлшний асуудал дээр тулгамдаад байгаа нэн тэргүүний асуудал бол   энэ өвлийг иргэд яаж давах вэ?. Засгийн газраас өөрсдийн төрийн өмчит компанийн үйлдвэрлэл, нөөц боломжид  тохируулж, иргэдийн хэрэгцээг хязгаарлаж,  бодлоггүй үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс эдгээр шахмал түлш үйлдвэрлэх боломжтой 10 компанид тавьсан саад хоригийг цуцалж, яаралтай шахмал түлшнийхээ эрэлт хэрэгцээг хангаж ажиллаасай гэж хүсч байна. Энэ компаниудын мэдээлэлтэй танилцахад, хүчин чадал, үйлдвэрлэлийн талаарх бүх мэдээлэл нээлттэй бий. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын даргад бид ААН-үүдийн үйл ажиллагааг хэвийн болгож, шахмал түлшний хомсдол үүсэхээс сэргийлж хамтарч ажиллаач. Эдгээр ААН-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллаач гэж уриалж байна. Холбогдох шаардлагыг бид ажлын өдрүүдэд хүргүүлэх болно” гэв.

Эх сурвалж: www.polit.mn