Шинэ он дөнгөж гарангуут ялангуяа утга зохиол сонирхогчдын дунд Болор цом наадам хүлээлт үүсгэдэг.

Оны шилдэг шүлэг шалгаруулдаг уг наадам энэ жил 37 дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд Нийслэл хотын хамгийн хол алслалттай Багануур дүүрэгт зохион байгуулагдана. Учир нь тус дүүрэг үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож буй тул бараг хагас жилийн өмнө шийдвэрлэгдээд байсан билээ

Болор цом-37 наадам ердөө хоёрхон хоногийн дараа эхлэх гэж байна. Монголын утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн төрсөн нутагт болох гэж буйд олон хүн ам сайтай байна. Ёстой л нэг Ингэмээр дээ гэмээр.

Уг наадмыг Багануур дүүргийн ЗДТГ, МҮОНРТ, МЗЭ хамтран зохион байгуулна. Маргаашийн хувьд уламжлал ёсоор Уран үгсийн чуулган буюу зохиолч, уншигчдын уулзалт болох хуваарьтай.

Үүнд Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, П.Бадарч, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, Б.Догмид, төрийн шагналт, Болор цом-ын эзэн Ц.Бавуудорж, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, Г.Аюурзана, Б.Хүрэлбаатар, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Болор цом-ын эзэн, 1990-ээд оны төлөөлөл гэгддэг УИХ-ын гишүүн Г.МөнхцэцэгБ.Ичинхорлоо, Б.Галсансүх, Ж.Баяржаргал, арай сүүлийн үеийн цомын эзэн Ц.Эрдэнэбаатар, Н.Гантулга нар оролцохоор нэр нь хүргэгджээ.

Өнөө бидний ярьдгаар Телевизээр л хардаг хүмүүсээ дэргэдээс нь харлаа гэдэг шиг Багануурчууд энэ өдөр дээрх эрхмүүдийг хажуугаар нь харж, боломж гарвал гар барих завшаан тохиох нь ээ.

Ялангуяа Т.Галсан, Д.Цоодол, П.Бадарч, Ш.Дулмаа нарын зэрэг утга зохиолын өнөө үеийн оргилууд нэг дор цуглана гэдэг ховорхон учрал билээ.

Бөхөөр яривал алдарт төрийнхөө баяр цэнгэл наадамд хэдэнтэй түрүүлсэн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр гэмээр

Үүнээс гадна өнгөрсөн жилийн цомын эзэн Б.Баттулга уламжлал ёсоор очиж, мялаалгын шүлэг хэлэх болов уу. Аягүй бол өрсөлдөж ч байж болзошгүй. Учир нь Болор цом-ын эзэд уг наадамд тоосоо өргөх бол ямар ч шалгаруулалтгүйгээр бүртгүүлж, оролцдог журамтай.

Энэ жилийн наадамд 200 гаруй найрагч шүлгэн хүлгээ сойсноос дараах найрагчдын нэрс тодроод байгаа юм.

Утга зохиол шимтэн уншигч бидний хувьд энэ жилийн наадмын түрүүг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Т.Баянсан, Монголын радиогийн сэтгүүлч О.Цэнд-Аюуш нарын нэг нь хүртэж, Янжинлхам бурхны ивээлд багтах болов уу хэмээн таамаглаж сууна. О.Цэнд-Аюушын хувьд нас залуу ч олон жил түрүү бөхийн тоонд зүй ёсоор ордог.

Харин Т.Баянсан нь 1990-ээд оны эхээр Монголын утга зохиолд шинэ салхи оруулж, нэгэн өөр ай сав бий болгохоор хүчин зүтгэж явсан бүлэг хамтлаг-уудын нэг бол Зүс бүгэг андууд билээ. Олны мэдэхээр Аяллын цаг-ын Г.Бадамсамбуу тэргүүтэй авъяаслаг яруу найрагчид тухайн үед энэ бүлгийг байгуулж байсны дотор сод яруу найрагч Т.Баянсан яах арга үгүй орно.

Сүүлийн үед аль нутагт энэхүү босго өндөртэй наадам зохион байгуулагдана, тэндээс л тэргүүн байрын эзэн тодорно байх гэсэн иргэдийн хардлага давамгайлдаг нь нууц биш болсон.

Тиймээс энэ жил Багануур дүүргээс Янжинлхамын ивээлд багтчихаар нэгэн байна уу гэвэл одоохондоо алга шиг санагдаж байна. Харин айргийн тав дотор бол таамаглаж болохоор. Тодруулбал У.Баярсайхан гэж сүүлийн үед дууны яруу найраг давамгайлж бичээд байгаа залуу бий. Түүнийг энэ жил нутагт нэгтнүүд нь дэмжиж, дээлийнх нь захыг мушгиж суух болов уу.

Ямартай ч энэ бол бидний таамаг. Харин нөгөөдөр 19:00 цагийн үед гэхэд дээрх таамаг хэр хол зөрөхийг ил тод гэрчилчих юм чинь.

Тэр болтол чих тавин сууж байя даа.