Хэрвээ ЭХЭМҮТ-ийн эмч нар ажилдаа хариуцлагатай хандаад эргэж тойроод байсан бол эрүүл бойжсон ураг эндэхгүй, эх нь хүүхэд төрүүлэх чадвартай үлдэх байв... Шүүхээс эмч нарыг буруутай гэж үзсэн ч хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Тодруулбал, Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар болох Ж.Э, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Харин тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019-12-09-ны өдөр гаргажээ.

 

Хэрэг гардаг өдөр юу болов?

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 54 минутад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасагт төрөхөөр ирсэн, ураг орчимын шингэн гарч 24 цаг болсон, умайн хүзүүн төрөлтөнд бэлтгэх мизопростол эмийн 1,2,3 дугаар тун тавигдсан байдалтай төрөх эх Д.С-ыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөөний 08 цаг 30 минутаас хүлээн авсан боловч төрөхийн өмнөх үеийн хяналтыг дутуу тавьсан, ургийн зүрхний цохилтын цахилгаан бичлэгийг давтан хийж хянаагүй, төрөхийн өмнөх үеийн хяналт дутуу хийснээс ураг эх дотроо эндэж, эхэс төвөөс ховхорч, умайг авах хагалгаа хийхэд хүргэж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эх Д.С нь цаашид ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй болжээ.  

Хэргийн талаар эмч нар ямар тайлбар хийв?

ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн их эмч  Д.Б  “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 8 цаг 20 минутад ажилдаа ирээд хуваарийн дагуу жижүүр эмч нараас хүмүүсээ хүлээж авдаг байгаа. Хүлээж авдаг өдөр төрөхийн өмнөх өрөөнд 12 эх байсан. Тэр өдөр 3 эмч ажиллаж байсан учир 1 эмчид 4 хүн ноогдсон байгаа. Би эхлээд 8 цаг 30 минутад Оюун-Эрдэнэ гээд жирэмсний хожуу үеийн хүнд хордлоготой, артерын даралт нь 160, 100-аас дээш гарсан бөөрний үйл ажиллагаа алдагдаад халуурсан, хавагнасан тийм эхийг эхэлж үзсэн. Түүний дараа 8 цаг 50 минутад С-ыг үзэхэд С-о төрөхийн өмнөх 5 номерын өрөөнд байсан. С-о нь 35 настай 2003, 2007 онд жирийн төрсөн 2017 онд өсөлтгүй жирэмсэн болсон. С-ыг үзэхэд амин үзүүлэлтүүд хэвийн артерын даралт, пүлс, халуун, шээсний гарц бол хэвийн чагнуураар ургийн зүрхний цохилт 138 удаа цохилж байсан. Намайг орж асуулт авах үед бол сүүлийн бичлэг дууссан. Мониторд тэр нь хэвийн бичлэг байсан. Ингээд С-ыг үзэж дуусаад шөнийн 4 цаг 10 минутад мезопроцетелийн 3 дахь тун тавигдсан байсан учраас би 10 цаг 10 минутад үзэх юм байна гэж хэлээд дараагийн 2 хүнээ үзэхээр явсан. Ингээд 10 цагийн үед 4 дэх тун тавих эсэхээ шийдэх байсан учир тасгийн эрхлэгчтэй хамтарч үзлэг хийх байсан. Ингээд тухайн үед тасгийн эрхлэгч тасгийн эрхлэгч нарын хуралд суугаад гарч ирээд нэг хүндэрсэн хүн байсан тэрийг үзсэний дараа 11 цагийн үед С-ыг тасгийн эрхлэгчтэй хамтарч үзсэн. 11 цагт үзэхэд С-о хатуураад байна, ууц нуруу өвдөөд байна, ядарч сульдаад байна гэсэн зовиуртай байсан ба 11 цагт үзэхэд амин үзүүлэлтүүд буюу артерын даралт, пүлс, халуун, шээсний гарц хэвийн нарийвчлаад үзэхэд хэвлийгээр эмзэглэл байхгүй, доошоо цус гараагүй, байсан ингээд дотуур үзлэг хийхэд умайн хүзүү урьд нь 1 см буюу 1 хуруу орохоор нээлттэй байсан бол 2,5 см нээгдсэн ба умайн хүзүү өмнөхөөсөө чанарын болон тоон үзүүлэлтэд орсон байна гэж үзээд 4 дэх тунгаа тавихгүй юм байна. Умай хүзүү төрөлтөд бэлтгэгдэж байгаа гэж үзээд 4 дэх тунг тавилгүйгээр 2 цаг хянаад оксодацин гээд төрөлт эхлүүлдэг тариа залгая гэсэн шийдвэр гаргаад С-ыг хянаж байсан. Тэгтэл 12 цагийн үед манай эх баригч С-ын ургийн зүрхний цохилт нь олдохгүй байгааг надад хэлсэн. Тухайн үед би анхны төрөгч том урагтай илүү тээлттэй эх төрөхөөр орсон байна гээд намайг дуудсан би цуг ажилладаг 2 эмчтэйгээ очиж үзээд ЭХО-д ургийн зүрхний цохилтыг харахад 136 цохилж байсан. Ингээд ургийн бичлэгийг залгадаг мониторд залгахад эх ядраад байна гэсэн болохоор нь 1 ренгер гээд натри хийе ургийн бүтэлтийг дэмжих “С” хийе гэж хэлээд эх баригчид хэлээд буцаад төрөх эхрүүгээ очсон. Тухайн эх илүү тээлттэй байсан учраас төрөлт жаахан удаан явагдсан. Би 12 цаг 30 минутад нөгөө эх рүү ороод 12 цаг 50 минутад нөгөө эх төрсөн. Төрөх үед ураг жаахан бүтэлттэй илүү тээлттэй байсан. Бүтэлттэй нярай төрсөн учир нярайн эмч нартайгаа багаараа сэхээн амьдруулах арга хэмжээ аваад түүний дараа хярзан хайчилсан байсан учир тэрийгээ оёод төрөх замаа шалгаад 1 цаг 20 минутад гарч ирсэн. Энэ хооронд тасгийн эрхлэгч С-ыг үзэж төрөх өрөө рүү аваад явсан байсан учир би араас нь очиж хагалгаанд оролцсон...”

ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн  эрхлэгч Ж.Э: “...Манай тасаг 3 эмчтэй хуваарийн дагуу хүмүүсээ үздэг С-о нь Д.М эмч дээр таарсан. Тасгийн эмч нар хүнээ үзээд үнэлдэг дараа нь тасгийн эрхлэгчдээ танилцуулж зөвлөдөг. Мөнхнасан Эмч үзээд давтан төрөгч ураг орчимын шингэн гараад 6 цаг болсон байна. Умайн хүзүү 1 хуруу орчим нээлттэй байна гэж танилцуулсан. Бид 2 ярилцаад эхний удаад умайн хүзүүг бэлтгэдэг мезофроцетол эмийг тавьсан. Энэ эмийг тавихад ургийн бичлэг хэвийн онцын зовиургүй байсан учраас эсрэг заалт байхгүй юм байна гээд 10 дугаар сарын 25-ны 16 цагийн үед тавьсан. Энэ эмийг умайн хүзүүг бэлтгэгдтэл 6 цагийн зайтай умайд базалт илэртэл тавьдаг. Умайн хүзүү бэлтгэгдэнэ гэдэг нь Анагаах ухааны хэллэгтээ бишофона 6 ба түүнээс дээш болсон үед эсвэл умайд базалт илэрсэн үед ахиж тавихаа больдог. Тэр эмийг 6 цагийн зайтайгаар тавихаар шийдээд эхний тунг тавиад жижүүр эмч нарт хүлээлгэж өгсөн. Маргааш нь 10 дугаар сарын 26-нд би ажилдаа өглөө 8 цаг 30 минутад ирээд эмч нарын ярианд 5 дахь өдөр болгон суудаг ба дараа нь тасгийн эрхлэгч нарын яриа үргэлжилж 7 хоногийн турш болсон зүйлүүдээ ярилцдаг учир яриа бол 10 цаг 45 минут гэж тарсан. Манай тасагт 12 төрөгч эх байсан бөгөөд эмч нарт 4, 4 хүн оноогдсон ба эмч нар үзлэгийн өрөөнд эхчүүдээ үзэхэд бүгд анхаарал татахаар хүмүүс байсан. Даралт ихтэй, халуунтай, зовиур ихтэй хүмүүс байсан учраас би тэр 12 хүнийг үзлэгийн өрөөнд 1 нэгээр нь үзсэн. С-о мөн үзүүлэгдсэн. С-о ядарч сульдана хааяа хатуурна, жигд базалсан базалт бол байгаагүй. Тэр үед умайн хүзүү бүтцийн буюу чанарын өөрчлөлттэй 2 хуруу нээлттэй буюу 2,5-3 см байсан. Мезофроцетол эмэнд үр дүн өгөөд умайн хүзүү бэлтгэгдсэн байна гэхдээ төрөх үйл ажиллагаа жигдэрч эхлээгүй байна. Сүүлийн тунгаас хойш яг 6 цаг болж байгаа юм байна гээд удирдамжинд 6-8 цаг хүлээнэ гэж заасны дагуу 2 цаг хүлээе хүлээсний дараа өвдөхгүй бол оксодацинаар өвдүүлнэ энэ хооронд хянаад умайн булчинг зөөлрүүлэх ношфа залгачих гэж би хэлсэн. Ношфа нь умай болон умайн булчинг зөөлрүүлж сулруулдаг үйлчилгээтэй тариа байгаа. Тэгээд би хүмүүсээ үзээд давтан төрөгч 2 ихэр урагтай төрөх өрөөнд шилжээд ирсэн байсан эхэд өвдүүлдэг тариа залгаад байж байх явцад гэнэт доошоо эхэс ховхорч ургийн зүрхний цохилт муудлаа гэж намайг төрөх өрөөнд хүн үзэж байхад дуудсан. Энэ үед 11 цаг 45 минут орчим болж байсан. Эхийг үзэж эхлэхэд эхэс ховхорч доошоо цус алдаж эхэлж төрөх үйл ажиллагаа арай болоогүй байсан учраас яаралтай хагалгаанд тэр эхийг эмчтэйгээ цуг авч орсон. Хагалгаа 1 цаг орчим үргэлжилсэн Эхэс нь ховхорсон байсан 2 ихэр ургийг төрүүлээд умай нь мөн агшихгүй хагалгааны үед 1 литр орчим цус алдсан тэгээд умайг агшаах нилээн олон оёдол тавиад хагалгаанаас 12 цаг 45 минут орчим гарч ирсэн. Хагалгаанаас гарч ирээд төрөх өрөө явах замд сувилагч энд хүнд бүтэлттэй хүүхэд төрсөн байгаа гэхээр нь шууд төрөх өрөө рүү ороход саяны Б эмчийн хэлж байгаа эх төрсөн байсан. Хүүхэд нь маш хүнд бүтэлттэй байсан учраас нярайн эмч бусад эмчтэй хамт зүрхэнд нь массаж хийж тэр хүүхдэд сэхээн амьдруулах тусламж үзүүлж байсан учраас би шууд тэр процесс руу явж орсон. Тэгээд би тэр нярайд сэхээн амьдруулах массажийг бараг 10 минут хийсэн ба нярайн эмч тэр хүүхдийг үзэхэд сэргэсэн байсан. Тэгээд би төрөх өрөөнөөс гараад пост руугаа явахад эх баригч Н С-ын зүрхний цохилт нэг л биш болоод байна эмчээ нэг л сайн болохгүй байна гэж надад хэлсэн ба шууд хяналт 1 өрөө рүү ороод үзэхэд ургийн зүрхний цохилт бүдгэрсэн байсан. Доошоо цус гарч эхэс нь ховхорч байна яаралтай хагалгаанд оруулъя гээд шууд бэлтгэл хийгээд тэргэн дээр түрээд хагалгааны өрөө рүү орсон. Хагалгаанд гэдсийг нээхэд тэр чигтээ умай байдаг бөгөөд хийсвэр хагалгаа хийгээд ургаа гаргасан ураг бол нилээн хүнд бүтэлттэй байна уу даа гэмээр гарсан. Ургаа гаргахад араас нь эхэс ховхорсон шинжтэй гарч ирсэн. Эхэсээ гаргаад умайгаа шалгасан. Ураг гараад эхэс гарч байгаа учир умай жижигрээд харагдах боломжтой болж байгаа юм. Тэгээд харахад умайн баруун тал руу нилэнхүйдээ хөхөрч цус нэвчсэн, цүлхийсэн, умайн булчин маш нимгэн байна уу даа гэмээр байсан. Тэгээд ямар ч байсан би эхэсээ гаргаад умайгаа хаагаад шархнаас дээшээ гаргаж ирэхэд умай ямар ч агшилтгүй уут шиг хажуу хана руу нилэнхүйдээ цус нэвчсэн байдалтай байсан. Умайг агшаах оролдлого хийсэн умайд оёдол тавьсан агшаах массаж хийсэн тэгтэл ерөөсөө агшихгүй байсан учир зөвлөх эмчийг дуудаж хэлэлцээд энэ умайг авахгүй бол болохгүй, умайг үлдээвэл эхийн амь нас хохирно. Амь насны заалтаар их цус алдаж байгаа учир яаралтай умайг тайрч авсан нь дээр гэдэг шийдвэр гаргаад хагалгаан дээр умайг авсан байгаа. Энэ үйлдэл нь С-о гэдэг эхийг аврах амь насны заалтаар хийгдсэн ажилбар байсан. Ер нь бол онош нь дээр Атони буюу умай агшилтгүй болсон байна гэсэн оношийг тавьсан. Тэгээд умайгаа аваад хэвлийгээ цэвэрлээд хэвлийд хяналтын гуурс тавиад алдсан цус 2 литрээс дээш гэж тооцоод эхийг сэхээнд шилжүүлсэн. Умай нь агшихгүй болох сулрах гэсэн 2 төрөлтэй байдаг. Умай сулрах тохиолдолд оёдол тавиад агшааж болдог. С-ын умайны хувьд ерөөсөө агшихгүй болсон учир авсан. Умайд их хэмжээний соривжилт өөрчлөлт байна гэж эдийн шинжилгээгээр батлагдсан байгаа...” гэж мэдүүлсэн байна

Харин энэ хэргийн хохирогч Д.С: “...эмнэлэгт очиход 24 цаг ус гараад маргааш өглөө гэхэд нь ус дууссан байсан. Юу ч гарахгүй тэгээд намайг плат 5 гээд хамгийн мухрын өрөөнд аваачаад хийсэн би тэр шөнөдөө гайгүй хоносон. Эмчдээ ус гараад байна гэсэн чинь ус хамаагүй 2 устай байдаг. 1 ус нь дууссан ч гэсэн 1 ус нь байдаг гэж хэлээд байсан. Тэгээд эм тавих үйл ажиллагаа хийгээд өглөө болсон чинь хүйснээс татаад өвдөөд байсан, тэгээд ямар ч тэнхэлгүй болохоор нь Б эмчид би хийсвэр хагалгаа хийлгэмээр байна та цааш нь дамжуулаад өгөөч гэсэн Б эмч дамжуулаагүй байх. Би өөрийнхөө биеийг мэдээд байна шүү дээ явж ч чадахгүй болчихоод цаад талын мухрын өрөөнд ганцаараа үлдчихсэн. Уг нь 4-лээ байсан чинь төрөх гэж байсан 3 хүнийг нь плат 1 өрөө рүү аваад явсан. Би тэрүүгээр явж байсан эмч нараас ч гуйгаад Б эмчээс гуйгаад хийсвэр хагалгаа хийлгэмээр байна гэхэд заавал заалттай хийдэг гэсэн. Би бас хүн шүү дээ гэхэд ийм ч хүнд хүн байсан тийм ч хүнд байсан гээд намайг мухрын өрөөнд ганцааранг нь аваачиж хаячихаад тэгээд нэг дусал залгана гэж байгаад тэр дуслыг нь залгасан чинь би таталт өгөөд тэгээд утас аваад өгөөчээ би нөхөртөө хэлмээр байна гэхэд утас авч өгөх хүн олдохгүй. Хүүхдийн зүрхний бичлэг хийсэн чинь 7 секунд хийгээд дууссан цаашаа ахиж бичлэг хийгээгүй. Сувилагч нь ч мэдэгдэхгүй дадлагын хүн нь ч мэдэгдэхгүй нэг охин би тэнд үхэх гэж байхад бичлэг хийх гээд оролдоод байсан. Өөр нэг ч хүн байхгүй. Тэгээд бичлэг хийнэ гээд ургийн бичлэгийг хайгаад зөндөө удсан сүүлдээ судсаар 10 граммын шипризээр тариа хийгээд ямар тариа хийж байгаа юм бэ гэсэн чинь бүтэлтийн тариа гэсэн. Би тэнд босож явж чадахгүй, сууж чадахгүй хэвтчихсэн хаашаа ч хөдөлж ч чадахгүй, хэцүү байна хамаг хөлс гоожоод шөрмөс татаад ямар ч хөдөлгөөнгүй болсон байхад чинь би би гээд л байх юм би тэнд хүн төрүүлөх гээд байна гэсэн. Энэ хүн хэрвээ намайг төрүүлж чадахгүй төрүүлэх сонирхолгүй бол өөр хүн төрүүлэх гээд байгаа бол өөр эмч тусламж дуудаж болно шүү дээ. Энэ эх нялхас гэж байгууллага ямар ч багийн ажиллагаа байхгүй. Тэгээд намайг цус алдаад эхлэнгүүт 7, 8 эмч шавсан. Тэгээд тэнд би босч чадахгүй сууж чадахгүй юм хэлэх гэсэн чинь чадахгүй хамаг бие татчихаад тэгээд байж байхад одоо бол шал ондоо юм яриад байна. Харин сүүлд нь 1 эмч ирээд намайг ЭХО-д үзэж өгсөн. Тэр аягүй сайн эмч байсан би нэрийг нь мэдэхгүй байна. Тэр эмч цаашаа дамжуулж байж хагалгаанд орох болсон. Сүүлд нь Э эмч ирээд намайг тэргэнцэр дээр дамжилж суулгаад авч явсан. Тэгээд тэнд би биеэ захирч чадахгүй хамаг бие салгалаад байсан чинь чи одоо салгалахаа больчих гээд ерөөсөө ямар ч хүн чанар байхгүй. Би Э эмч Б эмч нарт гомдолтой байна. Би 100.000 төгрөг өгөөгүйгээсээ болоод саваа авхуулаад хүүхдээ алдчихаад байж байна. Эх нялхас гэдэг эмнэлэг чинь цохолтын хүмүүс гээд 100.000 төгрөгөөр харьяа бус хүмүүсээ авдаг юм байна лээ. Ахиж хүүхэд төрүүлэх боломжгүй болсондоо эмнэлэг эмнэлэгийн ажилтан 2-ланд нь гомдолтой байна...” гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид хэрхэн дүгнэлт гаргав?

2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1130 тоот:  1. Д.Сд төрөхөөс өмнө үеийн хяналт бүрэн хийгдээгүй ургийн бүтэлтийг эрт оношлоогүйн улмаас ураг дотроо эндсэн болон эх Д.С нь ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй болсон нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2 болон 3.5.3 –д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна гэх дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 729 тоот: Ураг эхийн хэвлийд байх үедээ хэвийн тээлттэй байжээ. Эмч нар нь үзлэг хяналт хангалтгүй хийж ургийн бүтэлт, ихэс ховхролтыг хожуу оношилсон байна. Хэн буруутай эсэхийг шинжээч эмч тогтоохгүй. Ураг эх дотроо эндсэн учир амьдрах боломжгүй. Төрөхөөс өмнөх үеийн хяналт дутуу хийгдсэн нь ураг эх дотроо эндэх, эхэс төвөөс ховхорч Кувлерийн умай үүсч Д.С-ын умайг авах хагалгаа хийх шалтгаан болжээ. Д.С-д хийсэн кесар мэс засал зохих журмын дагуу хийгджээ. Умайн баруун хажуу доод хананд бэхлэгдсэн, богино хүйтэй эхэс төвөөс ховхрох үед их хэмжээний бүлэгнэлтгүй (фибрингүйжсэн) болсон цус умайн булчин, умайн гуурс, өндгөвч рүү алддаг тул цусыг тогтоож, эхийн амь насыг аврахын тулд умайг авах шаардлагатай байдаг. Төрөхөөс өмнөх үеийн хяналт бүрэн хийж, ургийн бүтэлтийг эрт оношилсон бол хүндрэлээс сэргийлэх, ураг эндэхгүй байх боломжтой гэж тус тус дүгнэжээ.

Шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэв?

Ж.Э, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм.

Яагаад ийм шийдвэр гаргаан талаараа шүүхийн зүгээс : “Тус гэмт хэрэг нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан бөгөөд шүүгдэгч Д.Б, Ж.Э нарын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж, дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх...”-ээр хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасанд хамаарч байх тул эмч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.  Шүүхээс ЭХЭМҮТ-ийн эмч нар болох  Д.Б, Ж.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заасныг баримтлан шүүгдэгч Ж.Э, Д.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.” Гэж тайлбарласан байна.