Улсын  хэмжээнд 0-18 хүртэлх насны нэг сая 150 мянган хүүхэд бий. Үүнээс нийт хүүхдийн 85  хувь нь шалгуурын дагуу хүүхдийн 20 мянган төгрөг авч байсан. Харин энэ сарын 1-нээс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт  энэ мөнгийг нь олгоно гэсэн шийдвэр гарсан билээ. Тэгвэл улсаас сар бүр олгодог 20 мянган төгрөгийг авахаар хүсэлт гаргасан бүх хүүхдүүдэд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн олгохоор болжээ.

Энэ талаар ХНХЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга "УИХ-аас хүүхдийн мөнгөний тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоол гарсан байдаг. Тус тогтоолоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрхийн 0-18 хүртэлх насны хүсэлт гаргасан хүүхэд бүрт  өгөх үүргийг Засгийн газарт даалгасан. Энэ дагуу Засгийн газраас 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 470 дугаар тогтоолоор Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт оруулсан. Журмаар хүүхдийн мөнгөн  тэтгэмжийг олгохдоо амьжиргааны түвшний үнэлгээг үл харгалзан, судалгаанд хамрагдсан бүх хүүхдэд өгөх шийдвэр гарсан юм.  2019 оны гүйцэтгэлээр нэг сая орчим хүүхдэд 20 мянган төгрөгийн тэтгэмжийг олгосон.

Улмаар 229.4 тэрбум төгрөг зарцуулсан. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүх хүүхдэд тэтгэмж олгох болсонтой холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд иргэдийг  тухайн оршин сууж байгаа хорооны нийгмийн ажилтнаар дамжуулж 20 мянган төгрөг авах хүсэлтийг нь авч байгаа. Нэгдүгээр сарын 1-нээс энэ мөнгийг олгоно" гэлээ.