Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэдгээрээ олон нийтийн танил болсон хүн бол Г.Дэнзэн. Түүний гэм буруутай нь тогтоогдсон ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Тэгвэл хүргэн хүү Г.Дэнзэнгийн гэм бурууг тогтоосон хэргийн нотлох баримтуудаас хүргэж байна. Үүнийг хүргэж байгаагийн учир нь хүргэн хүү Г.Дэнзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн ч улсад учруулсан хохирлоо төлөх ёстой болохыг нэхэн сануулж байгаа зорилготой болно.

Г.Дэнзэн нь Монгол улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз Н.Энхболд нарын нэр дээр үүсгэн байгуулсан өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 135.292.300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үнийн дүнг өсгөж, 199.792.300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээг байгуулан уг хэмжээний санхүүжилтийг “Эн Ай Ди Би” ХХК-иар дамжуулан авч, улмаар 62.676.000 төгрөгөөр чанар, ашиглалтын шаардлага хангахгүй авто пүүг Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт барьж байгуулан, 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ахалсан ажлын хэсгээр акт үйлдэн хүлээн авч, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албанд хүлээлгэн өгч, улсад 137.116.300 төгрөгийн хохирол учруулсан юм. Түүнийг шүүхээс гэм буруутайд тооцсон ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Тэгвэл хүргэн хүү Г.Дэнзэнгийн гэм буруутай болох нь дараах баримтуудаар тогтоогддог.

  1. гэрч Н.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг ...Үйлдвэрийн дадлага хийх үед буюу 2008 онд Г.Дтэй багшийн хувьд зөвлөлдөхөд Хөдөлмөрийн яаманд дадлага хийх саналыг тавьж, холбож өгч байсан. Ингээд тус яаманд Г.Дгийн тусламжтайгаар дадлага хийсэн, 2008 онд сургуулиа төгссөн. Хэсэг хугацааны дараа Г.Д надтай холбогдож уулзаад цаашид юу хийх талаар зөвлөлдөж улмаар Ардчилсан намд ажиллах санал тавьсан. Үүний дагуу би намын байранд очиж хүний нөөцийн дарга Ургамалцэцэг гэж хүнтэй уулзаж, ярилцлаганд орж, улмаар улс төрийн бодлогын хэлтсийн ажилтнаар ажилласан. Энэ үеэс л Г.Дтэй харилцаж, холбогдож эхлэсэн. 2009 оны эхээр Г.Д хамтарч компани байгуулъя гэдэг санал тавьсан. Г.Д хэлэхдээ би эгч Улзмаагийн нэр дээр компани байгуулах гэсэн юм гэж байсан. Ингээд Г.Дгийн хэлсний дагуу би 35 хувь, эгч Улзмаа нь 65 хувь эзэмшихээр болж, Г.Дгийн бэлдсэн материалыг авч УБЕГ-т түүний хэлсэн хүнд аваачиж өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа УБЕГ-аас над руу ярьсаны дагуу очиж, компаний гэрчилгээг авч, улмаар тамга, тэмдэгийг нь захиалсан. Миний хувьд тус компанийг үүсгэн байгуулахад нь ямар нэгэн хувь, хөрөнгө мөнгө гаргаагүй. “Эн Ай Ди Би” ХХК-нийг 2009 онд үүсгэн байгуулчихаад бүтэн жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд 2010 онд Г.Д намайг дуудаж, тендерт орох болсон гээд өөрөө урьдчилан бэлдсэн бичиг баримтууд дээр надаар гарын үсэг зуруулж авч байсан. Ингээд хэсэг хугацааны дараа тендер авчихсан гэж хэлсэн. Ингээд Г.Дгийн хэлсний дагуу БНХАУ-ын Бээжин зэрэг хотуудад очиж автопүүний үнэ, чанарын талаар судалгаа хийж, түүнд авчирч өгсөн. Тухайн үед компаний Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд санхүүжилт орж ирсэн байсан бөгөөд энэ мөнгөнөөс Г.Дгийн зөвшөөрлөөр гарын үсэг зурж, авч ажлын хэрэгцээгээр зарцуулдаг байсан. Миний хувьд гүйцэтгэх захирал буюу 1 дүгээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд байсан боловч Г.Дгийн зөвшөөрлийн дагуу л гүйлгээ хийдэг байсан. Г.Д өөрөө эгчийнхээ нэрээр тус компанийг удирддаг байсан гэж ойлгож болно. Ингээд автопүүг БНХАУ-аас захиж авчруулсан бөгөөд пүүлэгчийн байр, пүү суурьлуулах, гэрэлтүүлэг зэрэг ажлыг би хариуцаж хийлгэсэн. Энэ ажилд зарцуулагдсан мөнгийг Г.Дгийн зөвшөөрлөөр авч зарцуулдаг байсан. Хийх ажлын талаар түүнд танилцуулж, зөвшөөрөл авч хийдэг байсан гэж ойлгож болно. Бараа, материал татаж, худалдаж авах үед компаниудын үнийн саналыг Г.Дд хэлж, түүний сонгосон компани аж ахуйн нэгжээс худалдан авалтыг хийдэг байсан. Үндсэндээ Г.Дгийн гарын үзүүрт тус компанийн үйл ажиллагааг явуулж байсан. Миний хувьд хөрөнгө мөнгө оруулаагүй учир, ямар нэг эрх эдлэхийг санаархаагүй. Ингэж ажиллах хугацаандаа тус компаниас болон Г.Дгээс цалин хөлс авч байгаагүй. Харин ч бүр бараа, материалаа урдаас татахдаа аавынхаа автомашинаар үнэгүй тээвэрлэж оруулж ирж байсан удаатай. Ингээд автопүүг Г.Д нарын оролцсон улсын комисст хүлээлгэж өгсөнөөр уг ажил дууссан. Тус компани нь Худалдаа хөгжлийн банкинд төгрөг болон валютын харилцах данстай байсан. Данснаас мөнгө гаргах эрх нь гүйцэтгэх захирлын хувьд надад байсан. Тус компаний дансны хуулгыг үндэслэн зарцуулалтын талаар яръя. Үүнд 2010.08.10-ны өдөр 67.646.150 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд тухайн өдөр нь миний бие бэлнээр авч, Г.Дд хүлээлгэн өгсөн. 2010.10.12-ны өдөр 112.166.920 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд маргааш өдөр нь буюу 2010.10.13-ны өдөр миний бие бэлнээр авч, Г.Дгийн 10 дугаар хороололд байдаг байранд нь очиж унтлагын өрөөнд нь орж хүлээлгэж өгсөн. 2010.12.08-ны өдөр 19.979.230 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд уг мөнгийг тухайн өдөр нь миний бие бэлнээр авч, Г.Дд өгсөн. Дээрхи санхүүжилтээс хэдийг нь юунд зарцуулсаныг тодорхой санахгүй байна. Бүх мөнгийг Г.Дд аваачиж өгсөн бөгөөд түүнээс ажлын хэрэгцээ, шаардлагаар авч зарцуулж байсан. Одоо бодоход ойролцоогоор 70-80 сая төгрөгийн зардал гарсан байх гэж тооцоолж байна. Нарийн тооцоо бол байхгүй. Г.Д өөрөө мөнгөө авчихаад надад бага, багаар өгдөг байсан учир тооцох боломж байгаагүй. Г.Д надад хэлэхдээ Кристал таунд байрлах орон сууцыг худалдаж авах гэж байна, энэ мөнгөө тийш нь оруулна гэж байсан. Санхүүжилтээс орж ирсэн мөнгөнөөс надад 20 сая төгрөг өгөөд чи дансандаа хадгалчих гэхээр нь надад урамшуулал өгч байгаа юм байна даа гэж бодож байтал хэсэг хугацааны дараа “мөнгөө аваад ир” гэхээр нь “яах гэж байгаа юм” гэхэд “би нөгөө Кристал таун дахь байраа худалдаж авч байгаа” гэж хэлж байсан. Тэгэхээр энэ мөнгөнөөс байр авахдаа зарцуулсан байх ёстой. Тус компаниар Пүүний ажил хийж дууссаны дараа Г.Д дуудаж компаний бүх хувийг чамд өгнө гэхээр нь явж очиход бичиг баримтаа бэлдчихсэн байсан. Ингээд Г.Улзмаагийн 65 хувийг авсан. Ингээд хэсэг хугацааны дараа наад компаниа манай ахад өг гээд Болдбат гэж хүнд шилжүүлж байсан. Ийм л асуудал болсон. Нэмж ярихад компаний бичиг баримтанд миний нэр байсан хэдий ч би үйл ажиллагааг нь явуулж, мөнгө захирах эрх байгаагүй, Г.Дгийн хэлсний дагуу л удирдаж байсан. Сүүлд Г.Дгийн нөлөөллөөр Алтанбулаг чөлөөт бүсийн ерөнхий менежерийн албан тушаалд томилогдож, ажилласан бөгөөд захирагч Сэмэрийн эзгүйд миний бие хэсэг хугацаанд түүнийг орлох үед Г.Д илтэд байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцож, хүн халах солихыг хүртэл зааварчилж байсан бөгөөд арга буюу би ажлаа өгсөн. Үүнээс хойш түүнтэй харилцаагүй...”
  2. гэрч Х.Норовын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие “Эн Ай Ди Би” /NIDB/ ХХК-д ямар нэгэн оролцоо байхгүй. Энэ компанийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дгийн компани гэж ойлгож байсан. Компаний ерөнхий захирлаар нь Н.Энхболд гэж Г.Дгийн найз ажиллаж байсан. Ер нь бол цаасны компани буюу ямар ч үйл ажиллагаа явуулаагүй компани гэж л ойлгож байсан. Миний бие 2008 онд УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын дарга Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байгаад Г.Дтэй танилцаж байсан. Тэгээд тэр 2010 онд над руу ярьж, уулзахад “чи их давгүй залуу байна гэж бодлоо, хамтарч бизнес хийе” гэж санал тавьсан. Ингээд хамтарч компани байгуулахаар шийдвэрлэж “Эм Эн Ди Пи Констракшн” ХХК-ийг байгуулж 65 хувийг Г.Улзмаа, 35 хувийг миний бие эзэмшсэн. Энэ компанийг үүсгэн байгуулаад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа уулзахад Г.Д нь “үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай компани ол” гэхээр нь өөрийн найз Дашдаваагаас түүний үүсгэн байгуулсан “Парадайз Бизнес” ХХК-ийг худалдан авч нэрийг нь “Хар-Арслан” гэж өөрчлөн 100 хувь нэр дээрээ авсан. Энэ үйл явц өрнөж байх үеэр мөн Г.Д над руу ярьж Зам-Үүд яваад ирье гэхээр түүнтэй хамт явсан.Г.Дгийн хэлснээр “Эн Ай Ди Би” ХХК нь Замын-Үүдийн чөлөөт бүсэд автопүү хүлээлгэн өгч байгаа, одоо хүлээлгэж өгөхөөр явж байна, чи хүлээлцэхэд тус компаний ерөнхий менежер мэтээр оролцоод хүлээлгэж өгөөч” гэж хэлж байсан. Г.Д нь ярихдаа “энэ ажлыг авсан, өөр ч ажил авна, гол нь ашиг л олж байвал юу ч хийж болно” гэх утга бүхий зүйл ярьж байсныг нь санаж байна. Ингээд Замын-Үүд суманд Чөлөөт бүс гэх газарт нь очиход пүүний барилга гэж Дөрвөлжин путка хэлбэрийн байшин баригдаж байсан ба автопүү нь суурьлуулагдаагүй, суурийг нь цутгачихсан байсан. Тэгээд Энхболд бид 2 Г.Дгийн хүсэлтээр тус ажилд нь туслалцсан бөгөөд барилгын ажил дуусч, пүүг суурьлуулсан. Энэ үеэр пүүний мэргэжилтэн гэж хүн авчирч пүү тохируулж байсан. Энэ үйл ажиллагааг Г.Д, Энхболд нар л удирдан зохион байгуулж байсан. Ингээд Замын-Үүдээс хэсэг хүмүүс ирж уг ажлыг хүлээж авсан. Миний хувьд Г.Дгийн хүсэлтийн дагуу пүүний ажил хүлээлцэх явцад “Эн Ай Ди Би” ХХК-ийг төлөөлж хүлээлгэн өгч байгаа дүрд тоглон, пүүг барилгын хамт хүлээлгэн өгч гарын үсэг зурсан. “Эн Ай Ди Би” ХХК-ийг хэн хэрхэн үүсгэн байгуулсан талаар нь мэдэхгүй. Гэхдээ Г.Д нь Энхболдод багахан хувь өгөөд өөрөө ихэнхийг нь аваад надтай адилхан компани байгуулаад явж байсан юм болов уу л гэж ойлгосон. “Эн Ай Ди Би” ХХК-ыг Замын үүдийн чөлөөт бүсэд пүү нийлүүлэх ажлыг авах тендер сонгон шалгаруулалтанд ямар байдлаар оролцсон талаар огт мэдэхгүй байна. “Эн Ай Ди Би” ХХК-д орсон санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаар би мэдэхгүй. Замын-Үүд явсаны хөлсөнд тодорхой юм өгөх болов уу гэж бодож, горьдож байсан боловч огт мөнгө өгөөгүй, ийм их мөнгө авсан гэдгийг нь ч мэдэхгүй. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд пүү нийлүүлэх ажлыг хүлээлцэх явцад ямар нэгэн бичиг баримт хөтлөгдөөгүй санагдаж байна, урьдчилан бэлдсэн зүйлүүд дээр л гарын үсэг зуруулаад байсан. “Эн Ай Ди Би” ХХК-ийн захирал Н.Энхболдыг Г.Дгийн их сургуулийн ангийнх нь хүүхэд гэж сонсч байсан. Бас л миний адил Г.Дгийн гар хөлийн үзүүрт зарагдаж байсан байх. Г.Дгээр дамжуулж л танилцаж байсан...”
  3. Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга С.Мөнхтөрийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тус чөлөөт бүс нь төрийн захиргааны байгууллага гэсэн статустай бөгөөд Тэргүүн шадад сайдын ажлын алба, Ерөнхий сайдын ажлын алба, Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус харъяалагдан үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай байгууллага нь Замын-Үүд чөлөөт бүсийн газарт байрлах барилга байгууламж, 2 ширхэг авто пүү, пүүнүүдийн байр, талбайн хашаа, тодорхой тооны автомашин, оффисын тавилга, хэрэгсэл зэрэг үндсэн хөрөнгүүдтэй. Эхний автопүүг 2010 онд Тэргүүн шадар сайдын ажлын албанаас тендерийг нь зохион байгуулж, худалдан авч өгсөн гэх мэдээлэлтэй байгаа. Төсөв хөрөнгө нь мөн тэргүүн шадар сайдын ажлын албанаас гарсан. 2 дахь автопүүг 2013 онд Худалдан авах ажиллагааны газраас тендерийг зохион байгуулж, хэрэгжүүлсэн байдаг. Эдгээр пүүнүүдийг ашиглан одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байна. Эхний пүү буюу Тэргүүн шадар сайдын ажлын албанаас 2010 онд хүлээлгэн өгсөн пүү нь Стандартчилал хэмжил зүйн газраас албан ёсоор тохиргоо, баталгаажилт хийгдээгүй, дагалдах тоног төхөөрөмж нь бүрэн бус, ажиллагаагүй, бэлэн бус байдалд байгаа. 2 дахь буюу Худалдан авах ажиллагааны газраас 2013 онд хүлээн авсан автопүү нь холбогдох баталгаажилтыг хийгдсэн, үйл ажиллагаа явуулахад бэлэн автопүү юм. Уг худалдан авалтыг Тэргүүн шадар сайдын ажлын албанаас зохион байгуулсан учир тендерийн баримт бичиг нь манайд байх ёсгүй. Манай байгууллагад уг ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцэл, шийдвэрийн хувь зэрэг бичиг баримтыг нэг хавтсанд үдэж хавтаслаж хадгалагдаж байгаа. Харин үнэлгээний хорооны хурал, шийдвэр, зохион байгуулалтын бусад бичиг баримтууд нь манайд байхгүй. Ажлын албанаас нь асуух хэрэгтэй. Замын-Үүд чөлөөт бүсийн нутагт байрлах Нэг цэгийн үйлчилгээ буюу хил, гааль, мэргэжлийн хяналт, татвар, улсын бүртгэл, иргэний харъяаллын байгууллага зэргийн үйл ажиллагааг дагаж орж гарч буй автотээврийн хэрэгслийг хэмжих автопүү зайлшгүй байх ёстой. Тус чөлөөт бүсийн хашаанд байгаа 2 пүү нь орох, гарах тээврийн хэрэгслийг хэмжих зориулалттайгаар орох газар зурвас газарт байрлаж байгаа. Өөрөөр хэлбэл 2010 онд хүлээн авсан пүү нь гарах, 2013 онд хүлээн авсан пүү нь орох машиныг жинлэх зориулалттай юм. Нэг автопүүг орох эсхүл гарах, эсхүл орох гарахад техникийн хувьд ашиглах боломжтой. Гэхдээ ажлын ачаалал, орж гарч буй тээврийг хэрэгслийн тоо хэмжээ, өсөн нэмэгдэх хэрэглээнээс шалтгаалаад нэг пүүг өөрөөр хэлбэл 2010 онд хүлээлгэн өгсөн пүүг орох, гарах гэсэн 2 зориулалтаар зэрэг ашиглах боломжгүй. Мөн Стандартчилал хэмжил зүйн газраас баталгаажилт хийгдээгүй учир ашиглах боломжгүй. Нэгэнт тус байгууллага баталгаажилт хийхгүй байгаа учир чанарын шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. 2013 онд хүлээн авсан пүүг баталгаажилт хийлгэх үеэр 2010 оны автопүүнд баталгаажилт хийлгэхээр хүсэлт тавьсан боловч баталгаажилт хийгээгүй байдаг...”
  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5189 дугаартай “...“Эн Ай Ди Би” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан Галсангийн Улзмаагийн Аж ахуй нэгж байгууллагын гишүүний анкетэнд бичигдсэн гар бичмэлийг Г.Д бичсэн байна. “Эн Ай Ди Би” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Эн Ай Ди Би” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэрт бичигдсэн гар бичмэлийг Г.Д бичсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Энхболдын ажил” гэсэн гарчигтай гар бичмэлийг Г.Д бичсэн байна...” гэх дүгнэлт
  5. Төрийн сангаас “Замын үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд пүү байрлуулах ажлын санхүүжилт” хэлбэрээр 2010.08.04-ны өдөр 67.646.150 төгрөг, 2010.10.11-ний өдөр 112.166.920 төгрөг, 2010.10.27-ны өдөр 19.979.230 төгрөгийг тус тус Эн Ай Ди Пи ХХК-д шилжүүлсэн тухай төлбөрийн баримт, Эн Ай Ди Пи ХХК-ийн нэхэмжлэхүүд
  6. Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Г.Дгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нэрээр Сангийн яамны хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлсэн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн х/499 дугаартай “...Комисс авто тээврийн хэрэгсэлийг жинлэх 150 тонны даацтай орох, гарах пүүг цаашид ажиллах бүрэн боломжтой гэж үзэн дүгнэлтээ гаргасан. Бусад ажлын хувьд ажлын гүйцэтгэл өндөр хувьтай байгаа бөгөөд энэ ондоо багтаан улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. Иймд хөрөнгө оруулалтын эрхийг нээж, санхүүжилтийг олгож өгнө үү” гэсэн албан бичиг
  7. Шинжээч Б.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шинжээч томилох тухай тогтоолыг үндэслэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод байрлах 150 тонны автопүү, автопүүний барилга, холбогдох тоног төхөөрөмжид үзлэг хийж, үнэлгээний тайлан гаргасан. Үнэлгээг 2010.12.31-ний өдрийн болон 2015.12.31-ний байдлаар тус тус гаргасан. Үнэлгээг өртгийн хандлагын бүрэн орлуулалтын өртгийг тооцох аргаар хийж гүйцэтгэсэн. Уг авто пүү, барилга, холбогдох тоног төхөөрөмжүүд нь 2010.12.31-ний өдрийн байдлаар 62.676.000 төгрөг, 2015.12.31-ний өдрийн байдлаар 70.265.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Бүрэн орлуулах өртөгийг нь тухай хугацааны зах зээлийн үнийн мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэсэн. Үнэлгээний ажлын зорилго нь зах зээлийн үнийн баримжааг тогтоох байсан. Замын-Үүд чөлөөт бүсийн хүрээнд импортлож байгаа аливаа бүтээгдэхүүнээс гаалийн татвар авдаггүй юм байна лээ. Тийм учраас эдгээр бараа, бүтээгдэхүүн нь татваргүй орж ирсэн учраас татварыг тооцоолоогүй. Харин автопүүнд тээвэрлэлт, суурьлуулалтын зардлыг тооцсон. Мөн барилга барихад гарах бүхий л зардлыг барилгын нормативаар гарч байгаа зардал тооцогдсон байгаа. Тийм учраас нийт үнэлгээнд бүхий л зардал орж тооцогдсон...”
  8. Стандартчилал хэмжил зүйн газрын улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2016-002 дугаартай “...Дорноговь аймгийн Замын үүд чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод 2010 онд суурилуулсан хүнд даацын автомашиныг жинлэх 150 тн хүртэл хэмжих зориулалтын жингийн чанар, ашиглалтын байдлыг тогтоох шинжилгээг хийхэд тухайн хэмжих зориулалтын жинг суурилуулсан зураг төсөл, ажил гүйцэтгэх гэрээ байхгүй байсан ба шалгах үед жингийн тавцан руу автомашин гарч, орох зам хийгдээгүй, элс шороо овоолон дээр нь бетон хашаа тавьсан нь автомашин орж гарахад хагарч бутрах, осол гарах эрсдэлтэй байна.Зүй нь хүнд даацын автомашин байнга орж гарахад эвдрэхгүй байхаар тооцоолж бат бэх зам цутгах ёстой. Тухайн жинг суурилуулснаас хойш огт ашиглаагүй, жингийн ачаалал хэмжих тензо датчик нь загварын туршилтанд хамрагдаж, Монгол улсад ашиглах хэмжих хэрэгсэлийн жагсаалтад бүртгэгдээгүй, заагч индикатор Х3190-А30 нь хэмжих хэрэгсэлийн бүртгэлд ороогүй, хятад үсгээр тэмдэглэгдсэн байгаа зэрэг нь мөнгөн тооцооны хэмжих хэрэгсэлд тавигдах журмын шаардлагыг хангахгүй байна. Энэ жинг суурилуулсан “Эн Ай Ди Би” ХХК нь хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болохыг тогтоов. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тэргүүн шадар сайдын ажлын албанаас зарласан “Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэлийг жинлэх 150 тн даацтай хэмжилтийн пүүг худалдан авах суурилуулах ажлын тендер”-т шалгаран гүйцэтгэхдээ хэмжих хэрэгсэлийн загварын туршилтад орж Монгол улсын хэмжих хэрэгсэлийн жагсаалтад бүртгэгдээгүй жингийн ачаалал хэмжих тензо датчик 30 т, хятад үсгээр тэмдэглэгдсэн заагч индикатор ХК3190-А30 ашиглан холбогдох хууль, журмыг зөрчиж улсын комисст хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхдөө тухайн жинг улсын баталгаажуулалтад хамруулсан талаарх баримт хавсаргаагүй байна. Өнөөдрийн байдлаар энэ жинг ашиглах боломжгүй байна. Учир нь суурилуулаад огт ашиглаагүй, хэмжлийн элементүүд нь элсэнд булагдсан, эд ангиудыг нь холболт хийгээгүй, улсын баталгаажуулалт хийгдээгүй. Тухайн жинг ашиглалтанд оруулахад нийт 19.476.776 төгрөгний зардал гарах тооцоог хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Эталон хэмжүүр” ХХК гаргасан болох нь баримтаар тогтоогдов...” гэсэн дүгнэлт

Энэ мэтээр түүний үйлдсэн гэмт хэргийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Бид маргааш Г.Дэнзэнгийн Эрдэнэс таван толгой Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа  ж, “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит хувьцаат компанид нийт 5.388.482.022 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар мэдээлэх болно.

Бэлтгэсэн А.Баярмаа 

Холбоотой мэдээлэл

Г.Дэнзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн ч улсад учруулсан 17 тэрбум төгрөгийн хохирлоо төлөх ёстой