Өвлийн тасхийм өдрүүд үргэлжилж байна. Маргааш дөрвөн ес эхэлж, дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө. Энэ нь ид хүйтний оргил үе эхэлнэ гэсэн үг юм. Гэтэл манай улсад ханиад томуугийн дэгдэлт буурахгүй байгаа энэ цаг үед сурагчдын амралтыг дахин сунгахыг эцэг, эхчүүдийн зүгээс  хүлээж сууна.

БСШУЯ-ны сайд сурагчдын амралтыг сонгуультай жил тул аль болох сунгахгүй гэх шийдвэрийг гаргаад байсан билээ. Тэгвэл Засгийн газраас Нийслэлийн сурагчдын II улирлын амралт 2019 оны арванхоёрдугаар сарын 23-наас эхэлж 2020 оны нэгдүгээр сарын 13-ны даваа гарагт хичээл эхлэх товыг зарлаж, сунгасан билээ. Энэ үеэр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар их, дэгдэлтийн түвшинд хүрсэн гэдгийг ч ЭМЯ-наас онцлоод авсан. Харин өдгөө энэ байдал намжаагүй байгаа ажээ. Үүнээс гадна урд хөрш болох БНХАУ-д үл мэдэгдэх хатгаа өвчин дэгдсэн.  Анх тус улсын Хэйбэй мужийн Үхань хотод илэрсэн тус вирусын эх үүсвэр, тархалт зэргийг бүрэн шинжилж тогтоогоогүй байгаа ч ДЭМБ-аас урьдчилсан байдлаар коронавирус байж болзошгүй хэмээн үзэж байна. Коронавирус нь 2002 онд мөн л Хятадад анх дэлгэрч, дэлхийн 40-өөд оронд тархан 8000 орчим хүнд халдварласан амьсгалын замын цочмог хамшинж (SARS)-ийн бүлгийн вирус юм. Тухайн үед SARS-ын халдвар авсан хүмүүсээс 700 гаруй нь нас барж байжээ. Халуурах, амьсгал давчдах шинж тэмдгээр эхэлдэг уг вирус нь энгийн ханиаднаас эхлээд үхэлд хүргэх боломжтой аюултай өвчин гэдгийг сэрэмжлүүлж байна. Гэтэл эл вирус манай улсад ч нэвтрэхгүй гэх баталгаа алга. 

Энэ жил манай улсад томуугийн B вирус давамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар эргэлтэд байна. Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг өвөрмөц онцлогтой гэдгийг эмч мэргэжилтнүүд тодотгосон. Хүйтний эрч улам чангарч байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ халдвар авах вий хэмээн "айж байна". 

Сурагчдын амралтыг өмнөх жилүүдэд тухайн үеийн ханиад томуугийн дэгдэлтээс хамаарч сунгаж ирсэн. Хүүхдүүдийн эрүүл мэнд нэн тэргүүний асуудал учир эцэг, эхчүүд сошиалд сунгахыг уриалж байна. Тухайлбал,  “Утааны эсрэг ээж аавууд” хэмээх цахим ертөнцийн олон гишүүнтэй томоохон группт “Сурагчдын амралтыг сунгахгүй бол ханиад их байна. Вирус гадуур их тархалттай байгаа гэж эмч нар болгоомжлуулж байна. Ядаж долоо хоног л сунгачихаасай” хэмээж байна. Мөн зөвхөн ээжүүд байдаг Mom группт ч дээрхтэй утга бүхий пост оруулан, санал хураалт явагдаж байх жишээтэй.