Надаас хүмүүс “сонгуульд аль нам ялах бол ?” гэж асуух. Энэ нь яах аргагүй “сонирхолтой” асуулт боловч мөн чанараараа тэнэг асуулт юм.

Хэрэв өөрийн ухамсартай, ямар нэг хэмжээний боловсролтой, тавьсан зорилготой хүн бол: “Ирэх дөрвөн жилд Монгол Улсад юу болох бол, миний амьдралд ямар өөрчлөлт гарах бол?” гэж асуух ёстой. Гэтэл манайхан асуултын байрыг сольж, зөвхөн сонгуулийн магадлалт үр дүнг сонирхож, бараг 30 жил “бөхийн таавар” хийж байна.

Үнэндээ сонгууль бол алив иргэн дөрвөн жилийн багцаанд өөрийн болон улс орны ирээдүйгээ сонгох сонголт мөн. Иймээс сонгуульд ялах, ялагдах нь чухал биш, харин сонгуулийн дараах дөрвөн жилд юу болохыг системийн түвшинд ойлгох нь чухал гэдгийг ухааруулах зорилгоор эл товч өгүүллийг тэрлэв. Мөн энд би ганц ч “онол” яриагүй гэдгээ онцлон дурдаж байна…

 

Аль нам ялах бол ?!

 

Эхлээд “онолын” боломжит хувилбаруудыг авч үзье:

1. МАН ялж дангаараа Засгийн Газраа бүрдүүлэх.

2. АН ялж дангаараа Засгийн Газраа бүрдүүлэх.

3. Хоёр намын хүч тэнцэж, Эвслийн Засгийн Газар байгуулах

4. Шинэ эвсэл, бие даагчид амжилт олж, МАН, АН хоёрын аль нэг нь тэдэнтэй эвсэх.

Үүнээс өөр ямар ч хувилбар байхгүй. Тэгээд ч эдгээр бүх хувилбарыг бид туршиж үзсэн. МАН, АН хоёр дангаараа ялж үзсэн, мөн хэд хэдэн удаа эвсэж үзсэн, мөн өөр нам, хүчинтэй хэд хэд эвсэж үзсэн.

Ингээд 30 жил болжээ. Үр дүн нь Монгол Улсын системийн хямрал, сүйрэл. Системийн хямрал нүүрлэж байгааг би аль дивангалавт буюу 1998 оноос эхлэн үглэж байсан (бүр ном болгож тараасан гээд бодчих) бол саяхнаас МАНАН-гийн удирдагчид албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Үүнийг тэдний албан ёсны илтгэл, айлтгалаас шалгаад үзсэн ч болно.

Ямар ч гэсэн системийн хямралд орсон гэдгээ дээр доргүй хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт системийн хямралд орсон бол түүнээс зөвхөн системийн өөрчлөлт, шинэчлэл хийж баймаажин гарч чадна.

 

 

 

Харамсалтай нь, гачлантай нь МАНАН системийн өөрчлөлт шинэчлэл хийх нь байтугай, бүр урвуугаар үйлдэж, МАНАН системийг бэхжүүлэх, мөнхжүүлэх, үүрд хадгалах илт зорилго бүхий Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүч түрэмгийлэн батлав. МАНАН-гийн шинэчлэл ердөө л энэ. Шинэ Үндсэн Хууль батлаад МАНАН-г засарна, сайжирна, хүмүүжнэ гэж горьдох нь усан тэнэгийн ажил.

 

 

 

Та бидний “аль нам ялах бол ?” гэсэн асуулт энэ хүрээд зогсоно. Дээр дурдсан 4 хувилбарын аль нэг биеллээ гэхэд МАНАН ирэх 4 жилд сайжрах уу ?! МАНАН сайжирч, засарч, хүмүүжнэ гэж найдах нь огтоос боломжгүй гэдгийг бид 30 жилийн туршлагаасаа мэднэ. 30 жил тасралтгүй хулхидуулсан гашуун түүхээсээ сургамж авах болоогүй юу?! Залхах, хашрах болоогүй юу ?!

МАНАН бол биднийг 30 жил хулхидсан, хэзээ ч засаршгүй, огт сайжрахгүй, хэзээ ч хүмүүжихгүй адгийн хулгайч, дээрэмчид гэдгийг ганц бид мэдээд байгаа юм биш, манай ард түмэн бүгдээрээ мэдэж ойлгож байгаа. Үүнийг манай ард түмний дургүйцэл, жигшил, үзэн ядалт хөдөлшгүй нотолно.

Тэгээд яагаад харсаар, мэдсээр байж адгийн новшнуудыг дахин дахин сонгоод байдгийм ?! Одоо яах гэж дахиж сонгох гээд бэлтгээд байгаам юм ?! гэсэн асуулт зүй ёсоор гарна. Үүнд монголын ард түмэн тэнэг гэсэн хариулт өгчих шиг амархан ажил гэж үгүй. Ухаандаа: боловсролгүй, эв нэгдэлгүй, үнэт зүйлгүй, зорилгогүй, залхуу, бэлэнчилдэг, бэртэгчин, идэвхигүй гэх мэт ард түмнээ “хязгааргүй” муулж болно. Манай сэхээтэн нэрт новшийн лаларуудын хийж чадах цорын ганц дүгнэлт нь энэ юм. Ингэлээ гээд юу ч өөрчлөхгүй, юу ч өөрчилж чадахгүй…

Асуудал манай ард түмэн “мэдэхгүй”, “ойлгохгүй” байгаад биш, харин МАНАН Монголын ард түмний эрх ашгийн эсрэг ажиллаж, тэдний сонгох, сонгогдох эрхийг бүх талаар (улс төр, хөрөнгө мөнгө, үзэл санаа, хуулийн хувьд) хаан боогдуулж, тэдний ёонголт хийх боломжийг үгүй хийсэнд байгаа юм.

Яагаад?! Иймээс Монголын улс төрийг ойлгохын тулд МАНАН системийг системийн хувьд шинжлэх ёстой.

 

Монгол истеблишментийн тухай

 

Бас юун гадаад үг гаргаад ирэв гэж гайхах хэрэггүй. Монголоор бол эрх баригч, олигархи, МАНАН, дарга нар, томчууд, 30 гэр бүл хэмээн янз бүрээр ярьдаг цөөнхи, явцуу бүлгийг “истеблешмент” (“establishment”- суурь, үндэс гэсэн утгатай) гэж шинжлэх ухаанд нэрлэдэг.

Истеблешмент гэдэг бол: нийгэм-улс төрийн системд голлох байр суурь эзэлж, оршин буй нийгмийн байгууллын тулгуур болж, олон нийтийн санал бодлыг төлөвшүүлдэг хүмүүсийн нийлбэр, түүнчлэн оршин буй нийгмийн дэг журмыг тэтгэн дэмжиж байдаг нийгмийн институтын цогц нийлбэр. Юу ч гэсэн тогтоогоод авчихгүй юу…

Энэ тогтсон нэр томъёог манайхан хүлээн авч хэрэглэх нь юу л бол ?! Иймээс дассан сурснаараа “эрх баригч” болон “МАНАН” гэдгээрээ цааш явна. Уг нь истеблешмент юм л даа…

Дэлхийн аль ч улсад эрх баригч, элит гэж нэрлэгдэх цөөнхи бүлэг төр барьдаг. Тэд өөрийн эрх ашгийг бодох нь мэдээж хэрэг. Гэхдээ л улс орон, ард түмнийхээ эрх ашгийг давхар бодож, заавал харгалздаг ба ингэснээр улс орон нь цэцэглэн хөгждөг.

Монголд эрх баригч МАНАН бүлэг бий болсонд би, бид дургүйцээд байгаа юм биш, харин монголын эрх баригчид мулгуу тэнэг, ухаангүй үйлдлээрээ улс орноо сүйрүүлээд байгаад дургүйцээд байгаа юм.

Иймээс дэлхийн болон монголын эрх баригчдын ялгааг авч үзэх шаардлагатай:

Нэг. Монголын эрх баригчид “капиталын анхдагч хуримтлал”, “зэрлэг капитализм” үеийн дүрэмгүй тоглолтын “үр могой” юм. Иймээс тэд бэлэн баялгийг хулгайлан, дээрэмдэх ганцхан аргатай байдаг бөгөөд бүтээн байгуулна гэдгийг огт мэддэггүй. Үүнээсээ болж улс орноо сүйрүүлж, системийн хямрал, задралд оруулсан.

Хоёр. Дэлхийн аль ч улсын эрх баригчид үйл ажиллагаандаа эрх ашиг, зарчим, үнэт зүйлс гэсэн гурван зүйлийг зөв хослуулахыг эрмэлздэг бол монголын эрх баригчид зарчим, үнэт зүйлс хоёрыг “хасчихаад” зөвхөн эрх ашиг гэсэн ганц зүйлийг удирдлага болгодог. Энэ нь байн байн шинэ зарчим, чингэхдээ эсрэг тэсрэг зарчим тунхагладгаар тод илэрдэг. Зарчим олдвол завхрал болдог.

Гурав. Монголын эрх баригчид мөнгөний болон таваар шүтэх үзэл буюу фетишизмд хэт автсан учир үндэсний эрх ашгийг үл ойшоодог. Үүнээсээ шалтгаалж Монгол Улсын биш, монгол үндэстний биш, харин гадаадын эрх ашгийг шууд хамгаалдаг.

Дөрөв. Дэлхийн эрх баригчдын боловсрол, соёл, мэдлэг нийгмийнхээ дунджаас ямагт илүү байдаг бол монголын эрх баригчдын дийлэнхи нийгмийн дундаж буюу түүнээс доош мэдлэг боловсролтой. Иймээс тэдний тархи толгой, үйлдлийг гадаадаас удирдан зохицуулдаг. Монголын томоохон төсөл, түүний ТЭЗҮ-ийн дийлэнхийг ямагт гадаадад хийдгээр үүнийг хялбархан нотолж болно.

Тав. Гадаад эрх баригчид цаг ямагт шинийг эрэлхийлж, бүрэлдэхүүнээ байнга шинэчилж байдаг бол монголын эрх баригчид огт солигддоггүй, мөн “цусаа” сэлбэдэггүй. Дэлхийн улс төрийн дундаж “нас” 8, их л сайндаа 10 орчим жил байдаг бол монголын төр 20-30 жил ажилласан музейн үзмэрүүдийн “удирдлагын дор” ажилладаг. Тэд улс орноо сүйрлийн байдалд оруулснаа “төр барих туршлага” гэж эндүүрэх болтлоо гажигтдаг.

Зургаа. Гадаад эрх баригчид арга барилаа байнга өөрчилдөг бол монгол эрх баригчид хулгай, дээрмийн аргаа халах солихыг огт боддоггүй. “Онолын” хувьд улс орны гадаад, дотоод бодлого 12-15 орчим жилд зарчмын шинжтэй өөрчлөлт ордог бол монгол эрх баригчдын бодлого, үйлдэл 30 жил огт өөрчлөгдөөгүй. Угаасаа бодлого байхгүй юм чинь үүнээс өөрөөр байх аргагүй. Монголын төр гадаад орчин, дотоод нөхцлийн алив өөрчлөлтийг хүлээн авах, харгалзах, өөрчлөгдөх чадвараа бүрэн алдсан.

Долоо. Гадаад эрх баригчид их л сайндаа 1-2 салбарыг хянаж, энэ хүрээндээ байр сууриа бэхжүүлэхийг оролддог бол монгол эрх баригчид эдийн засгийн бүх салбарт “мал малын зах” эзэмшиж, өрсөлдөн тэмцэлддэг ба шийдвэрлэх гэсэн асуудал болгон дээр хэрүүл, тэмцэл өрнүүлдэг. Энэ нь тэдний зөрчил, тэмцлийг арчаагүй, адгийн доод түвшинд аваачиж, улмаар төрийг болон төрийн удирдлагыг сулруулан доройтуулдаг.

Эрх баригчдын дээр дурдсан 7 шинжийг би тэнгэр харж байгаад бичээгүй, олон жилийн системийн анализаас гарсан дүгнэлтийг дурдаж байна. Гэвч энэ нь тодорхойгүй, нэн бүрхэг санагдаж болох. Үүнийг тодруулах боломж бий юу ?! Байлгүй яахав, энэ бол Та бидний “сайн мэдэх” УИХ. Учир нь УИХ-ын үе үеийн бүрэлдэхүүн, түүнд гарсан өөрчлөлт нь Монголын эрх баригчдын нүүр царайг харуулах хамгийн тодорхой толь юм.

Унхиагүй төр

Одоо УИХ, түүний бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөнийг товч дүгнэе. Надад дэлгэрэнгүй судалгаа байгаа боловч энэ удаад дэлгэрүүлж бичих боломж, цаг зав хомс байна.

Нэг. УИХ-д ЗХУ-д сургууль төгссөн хүмүүсийн хувь байнга бөгөөд эрчимтэй буурч, тэдний орыг “баруунд сургууль төгссөн” хүмүүс эзлэх болов. Баруунд 1, 2, 3, 6 сар, 1 буюу 2 жилийн курс төгссөн баагийнууд анкетан дээрээ сургууль “дүүргэсэн” гэж бичдэг “ёс заншил” нэгэнт тогтжээ. УИХ-ын зарим гишүүн баруунд 5 сургууль “төгссөн” рекорд гэх мэт инээдэмтэй жишээ ч бий. Ухаандаа Ц.Элбэгдорж Харвард төгссөн гэж онгирдог боловч түүнд Харвардын диплом байхгүй гэдэгт би огт эргэлздэггүй. Яахав, ямар нэг дамжаа дүүргэсэн сертификат байж болох л юм. Энэ бол УИХ-ын гишүүдийн боловсролын түвшин хийгээд чанар эрс муудсаныг гарцаагүй нотолно. УИХ-ын гишүүдийн мэддэг хэл, төгссөн сургуулийг шалгавал хөгийн үр дүн гарах нь эргэлзээгүй.

Хоёр. УИХ дахь төрөл бүрийн мэргэжлийн төлөөлөл ихээхэн явцуурч, хуульч, эдийн засагч гэсэн 2-хон мэргэжил голлох болов. Мөн УИХ-ын гишүүд хуульчийн мэргэжил давхар эзэмших явдал “моод” дэлгэрэв. Хүмүүнлэгийн болон инженер, технологийн мэргэжилтэн УИХ-д байхгүйтэй адил болов. Монголын хуульчид өөрийгөө “бүх мэргэжлийн хаан”, бүх шинжлэх ухааны “төлөөлөгч” гэж үздэг гачлантай тэнэглэл дэлгэрэв. Улмаар УИХ-ын шинжлэх ухааны түвшин навс унаж, сэтгэлгээ царцанги байдалд оров. Энэ нь тэнэг тэнэг шийдвэр гаргах, гэнэт бөгөөд нууцаар шийдвэрлэх, гаргасан шийдвэрээсээ эргэж буцах, будилах, ямар ч төлөвлөгөөгүй амлах, үйлдэх зэргээс тодорхой харагддаг.

Гурав. УИХ-д нийгмийн анги давхарга болон салбарын төлөөлөл эрс багасч, тэдний оронд том бизнесийн шууд төлөөлөл дангаар ноёрхох болов. Том бизнес бол жижиг, дунд бизнесийг хэзээ ч төлөөлж байгаагүй, харин ч түүний дайсан юм. Өнөөгийн УИХ-ын гишүүдийн 80 гаруй хувь нь том бизнесийн шууд төлөөллөөс бүрдэж байна. Өнөөгийн УИХ бол монголын баялгийн бялууг хэрчин хуваах зөрчилт асуудлаа “энх тайван” замаар шийдвэрлэх гэсэн том бизнес бүлгүүдийн системт, байнгын зөвлөгөөн юм.

Эндээс МАНАН-гийн ямар ч УИХ Монголын ард түмнийг төлөөлж чадахгүй, төрийг удирдах ямар ч чадваргүй, ердөө л том бизнесийн баялаг булаалдах хэрүүл зодоон, том гэмт хэргийн талбар мөн гэсэн дүгнэлтийг бүрэн итгэлтэй хийж болно.

Манай ард түмэн “Тэгвэл яагаад МАНАН хүчтэй, хэн ч дийлэхийн аргагүй болоод байна вэ?” гарцаагүй асууна. Зарим новшийн лаларууд нь: “Би битгий худлаа “онолдоод” бай. Г.Уянга Та хэд яаж ч тэлчигнэсэн МАНАН-г дийлэхгүй, бүхнийг мөнгөөрөө худалдаад авчихна” гэж бах таваа хангах нь гарцаагүй. Энэ нь дэндүү үнэмшилтэй сонсогдоно…

Гэвч тийм биш, МАНАН хүчтэй харагдаж байгаа болохоос биш, хамгийн сул дорой, үхээнц систем. Үнэхээр Г.Уянга бид хэд МАНАН-г яаж ч оролдоод шууд дийлэхгүй. “Тэгээд дийлэхгүй байж өвчигнөх хэрэг юун?” гэсэн дараагийн баалалт цуврана. Үгүй л дээ, МАНАН-гийн хэзээ ч дуусахгүй, мөн хэзээ ч эвлэршгүй дотоод өрсөлдөөн тэмцэл, алалцаан, дайн гэж “нэг сайхан юм” бий. МАНАН энэнээсээ болж тун удахгүй өөрөө задран унана. Үүний илт тодорхой шинж одоо ч ажиглагдаж буй. Г.Уянга бидний үүрэг бол МАНАН дотоод дайн байлдаанаасаа болж нуран унах үйл явцыг хурдасгах л үүрэгтэй. Тэр үүргээ хэзээд биелүүлж ирсэн. Энэ нь нэг их хүнд, холын зорилт биш нь мэдрэгдэж л байгаа биз дээ?

Сүүлийн 30 жилийн монголын түүх бол МАНАН-гийн дотоод дайны түүх мөн. Иймээс МАНАН-гийн дотоодод ирэх 4 жилд болох дайныг авч үзэх нь зүйд нийцнэ.

 

Ирэх жилүүдийн зодоон

 

Төрийг нам удирддаг, намыг сүлжээ удирддаг, сүлжээг намын цөөн эрх баригч удирддаг гэсэн бодит үзэгдэл, үнэнийг үгүйсгэх ямар ч боломжгүй. Тэгвэл МАНАН-гийн явцуу бүлгүүдийг хэн удирддаг вэ ? Энд олон хүчин зүйл дурдаж болох боловч манай нөхцөлд Монголын улс төрд нөлөөлөгч 2 том хүчин зүйл байдаг бөгөөд энэ нь гадаадын эрх ашгийн нөлөөлөл, бизнес бүлгийн эрх ашгийн нөлөөлөл юм.

Гадаад хүчин зүйл. ОТ-н болон Дубайн гэрээг гадаад хүчин зүйл гэхээс өөрөөр нэрлэх боломжгүй. МУ-ын удаа дараагийн Ерөнхийлөгчид Солонгосын шашин нэвтрүүлж, газар нутгаа далдуур зарсныхаа хариуд тэднээс улс төрийн болон санхүүгийн дэмжлэг авч байсныг гадаад хүчин зүйлийн нөлөө гэхгүй өөр юу гэх юм?! Салхитын мөнгө, холимог металлын ордыг хоёр хятад хэрэлдэж, 10 гаруй шүүгч авилга авсны дараа хэзээ хойно ард түмэн мэдэж авсан нь мэдээж гадаад хүчин зүйлд хамаарна.

Хятадын нөлөөг бол ярих ч юм биш, Монгол дахь тэдний нөлөө хурдан бөгөөд эрчимтэй нэмэгдэж байна. Харин Ши Жинпин дарга хоёр хятадад “тусгай үүрэг” өгч, Монголын Салхитын мөнгөний ордыг авах гэж монголын төрийн байгууллага, шүүгчдийг нь бөөнөөр нь авилгалгадсан гэдэгт би хэзээ ч үнэмшихгүй. Ийм хачин тэнэг “адал явдал” гарах бүх талын нөхцлийг МАНАН бүрдүүлсэн. Гэхдээ л энэ бол яахын аргагүй гадаад нөлөөлөл мөн. Гадаадынхан Монголын улс төрд нөлөөлөх оролдлого өнөөдөр эхэлж байгаа юм биш л дээ. Бүр 1992 оноос эхэлсэн.

Шинэ Үндсэн Хуулиа монголчууд өөрсдөө “зохиосон” гэж бодож байвал тун их эндүүрэл. 1996 онд БНОУХ, “Конрад Аденауэрийн сан”, АНУ-ын Тагнуулын Төв Газраас санжүүждэг “Азийн сан” зэрэг гадаад байгууллагууд Монголын ардчилагчдад ойролцоогоор 1 тэрбум илүү долларын мөнгөн тусламж үзүүлж, УИХ-ын сонгуульд шууд хутгалдан оролцсон. Тухайн үед Ц.Элбэгдорж: “Бидний энэхүү ялалт бол мөн БНОУХ-гийн их ялалт мөн” гэж мэдэгдэж байв. Гадаадынхан Монголын улс төрд нөлөөлөх явдал одоо ч хэвээрээ, гэхдээ улам хүчтэй, эрчимтэй хэлбэрт орсныг нотлох ноцтой баримтууд бий…

Бизнес бүлэглэлүүд. Монголын улс төрчид нэн тодорхой том банк, том концерн, группийн эрх ашгийг шууд болон шууд бусаар төлөөлж байдаг. Үүнийг манайхан надаас “хамаагүй илүү” мэдэх учраас нэмж тайлбарлах шаардлагагүй. Харин банк санхүүгийн болон үйлдвэрийн капитал нэгдэн нийлэх, төвлөрлийн үйл явц болж байгааг дурдах ёстой.

Гадаадын болон бизнес бүлэглэлийн эрх ашиг олон талаар давхцдаг ба энэ утгаар нь тэднийг нэг том хүчин зүйл гэж үзэж ч болно. Учир нь Монголын банк, санхүүгийн том том бүлэглэлүүд Монголдоо л томроод байдаг болохоос үндсэндээ гадаад хамтрагчдынхаа заавраар явдаг гэхэд хилсдүүлсэн хэрэг болохгүй. Наад зах нь монголын том компаниудын гадаадад тавьсан өр зээл гэж танагаа алдсан. Энэ нь Монголд л “нууц“ байдаг болохоос биш, гадаадад ил тод байдаг. Энэ мэдээллийг олж авах нь цаг л их шаардахаас өөрөөр онцын хүнд асуудал биш л дээ…

Гагцхүү гадаад улсуудын эрх ашиг, сонирхол нийлнэ, нийцнэ гэж хорвоод байхгүй. Ухаандаа АНУ, ОХУ, Хятад, Япон, Солонгос, Турк гэхчлэн гадаад улсуудын эрх ашиг байнгын зөрчилтэй, бас эвлэршгүй. Үүнийг дагалдан МАНАН-гийн бүлэглэлүүдийн эрх ашиг хоорондоо нийцнэ гэж бас л номонд хазгай. Энэ зөрчлийн толин тусгал нь монголын улс төр бөгөөд энэ нь монголын эрх баригчдын зодоон нүдээн, зөрчил тэмцлээр илрэн гардаг. Иймээс монголын эрх баригчдын хэрүүл тэмцэл мөддөө дуусахгүй, бас зогсохгүй. Харамсалтай нь эрх баригчдын өрсөлдөөн тэмцлийн улмаас Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг суларч, хохирч байна. Шууд хэлэхэд манай тусгаар тогтнол тун эмзэг, нэн эргэлзээтэй болсон…

Юунаас болж хэрэлдэж зодолдох гэж ? зарим “гэнэн” асуух нь лавтай. Монгол орны баялгаас болж хэрэлдэнэ, зодолдоно, энэ бол гарцаагүй… Ямар баялаг ?! ОТ вандан пад. Үүнийг дүүрч гэж бодсон ч цаад асуудал нь нээлтэй гэдгийг л дурдая. “Гацуурт”-ыг “аз болоход” буцаагаад авчихсан. Үнэндээ “Ноён уул” хөдөлгөөнийхөн, тэргүүн Цэрэннадмид, Уянга, гишүүн Болорчулуун нар, зарим үндэсний үзэлт тууштай залуус дэлхийд рекорд тогттол хойшилсон олон шүүх хурлыг давж авч үлдсэн.

Ирэх 4 жилд ТТ-н ээлж ирж байна. Түүнчлэн Асгатын мөнгө – холимог металл, Салхитын мөнгө – холимог металл, Цагаан-Эргийн вольфрам, Хармагтайн зэс-алт, цаашилбал, нефть, хий, уран болон газрын ховор элемент гэхчлэн Монголын баялгийн жагсаалтыг “хязгааргүй” үргэлжлүүлж болно.

Үүнээс болж зодолдохгүй юм бол өөр юунаас болж зодолдох юм?! Зодолдох зодолдохдоо нармайгаа нээлцэх юу ч биш, жинхнээсээ алалцаж өгнө. Харж л байгаарай. Энэ тохиолдолд хэн нь түрүүлж, хэн нь сүүлдэж “үхэхийг” МАНАН өөрөө шийддэг юм биш, харин Г.Уянга бид нар шийддэг юм !!!

Энэ нь улс төрийн талбайн (шинжлэх ухааны ойлголт шүү) аль ч байрлалаас МАНАН болон түүний дурын удирдагчид “үхлийн цохилт” өгөх, эсвэл “түр аврах” хүч боломж, мэдлэг мэдээлэл бидэнд хангалттай байгаа гэсэн хэрэг юм. Иймээс бид МАНАН-гаас хүчтэй, түүндээ итгэдэг…

Цаг өөр болж байна…

Саяхан болтол эрх баригч бүлэглэл Монголын баялгийг өм цөм, дураараа идэж уудаг байсан бол эдүгээ олон түмний хяналт, шаардлага чангарч, нөгөө талаас өрсөлдөгч бүлэглэлийн тоо болон хүч ойролцоогоор тэнцэж, эсэргүүцэл нэмэгдэв. Идвэл найзан дундаа ид, үгүй бол зайл… Найзан дундаа идье гэхээр цаад эрх ашиг нь үл нийцнэ…

Төр сулраад байгаагийн шалтгаан нь МАНАН үхээнц болоод байгаад оршино. Эдүгээ МАН дотор өрсөлдөөн ширүүсч, хэзээ ч эвлэршгүй эрх ашиг бүхий гжрван том бирд бүлгээс тогтох болов. Одоо гэхэд л МАН дотор Ерөнхий сайдад горилогч таван баагий бэлэн сууж байна. Дотоод дайны явцад энэ тоо өснө үү гэхээс буурахгүй нь лавтай. Үүнийгээ МАН “дайн”-аас өөр аргаар шийдвэрлэх боломжгүй…

АН бол бол бүр авахын танаг байхгүй, АН-ын гурван ч бүлэглэлийн боловсон хүчний чадавхи суларч байхгүйгээс ялгаагүй болов. Ц.Элбэгдорж “надад боддог хүн биш, гүйцэтгэдэг хүн хэрэгтэй” гэсэн хорлогчин лоозон хэрэгжүүлж АН-аас “овойсон оцойсон” болгоныг “алсаар” байгаад сүнсгүй болгочихсон юм. С.Эрдэнэ сүнсгүй болсон АН-ыг аваад сэргээх гэсэн биш, гурван зомби бүлэг төрүүлжээ.

 

 

МАН-ын 3 бирд бүлэг, АН-ын 3 зомби бүлгээс утга учиргүй, энэрэлгүй, Монголыг хорлох дайн гарна уу гэхээс “энх тайван” бол санасны гарз. Харж л байгаарай, 4 жил үхэн хатан дайтана, дайны хөл ард түмэн нэрвэгдэнэ.

 

 

Ялагдсан намын дарга мэдээж үсгүй арчуулна, ялсан намын дарга Ерөнхий сайд болж болох авч дайны явцад удахгүй унана. Хамтарсан тохиолдолд хоёулаа зэрэг “шаалгуулна”. Дэс дараа нь юу юм гэхээс нэг ч их том ялгаа биш л дээ…

Энэхүү шинэ нөхцөл нь тоглоомын шинэ, шударга дүрэм бий болгохыг гарцаагүй шаардах бөгөөд энэ нь системийн шинэчлэл юм.

Энэхүү дайн, холион бантангийн учир начрыг шинжлэх ухааны үндэстэй, сайтар бодсон стратеги, хаосын удирдлагын тусламжтайгаар л олж, нөлөөлж болох бөгөөд харамсалтай нь ингэж чадах боловсон хүчин МАНАН ба түүний ойр хүрээнд үзээд өгье гэсэн ч байхгүй…

 

 

МАНАН-гийн бүлэглэлүүд далдуур тохиролцон нууц эвсэл байгуулан сонгуулийн “эв нэгдлээ” хангаж, нэг удаадаа амжилт олох л байх. Гэвч энэ нь түр зуурын бөгөөд хуурамч үзэгдэл бөлгөө. Тэдний “эв нэгдэл” сонгуулийн маргаашаас эхлэн задарч, бие биенээ хулхидаж, улмаар “тангараг нь там болох” нь бас л гарцаагүй.

 

 

 

Дээр дурдсан бүхэн ирэх дөрвөн жилийн өнгө төрхийг тодорхойлсон системийн анализ юм. Энэ бичвэрийн дүгнэлтүүдтэй санал нийлэх, эс нийлэх нь Таны л хэрэг. Гагцхүү эрэгцүүлэн бодъё, сэтгэе гэж бодож байвал задлаг шинжилгээний энэ түвшинг л хадгалах ёстой. Учир нь Та системийн түвшинд өөрийн гэсэн анализаа хийчих юм бол аль нам ялах, ялагдахыг тун амархан мэдэж, түүнд оролцсон ч болно, эсэргүүцсэн ч болно. Үгүй гэвэл “бөхийн таавраа” хийгээд сууж байсан нь дээр байх. Ямар ч гэсэн ирэх 4 жилд олигтой юм болохгүй…

Энэ аюулаас зайлсхийе гэвэл дээрээс, доороос нь хамаагүй улс төрийн системийн шинэчлэл зайлшгүй хийх ёстой. Яахав, 4 жил хойшлоо л биз, хувьсгал, шинэчлэл, реформ, өөрчлөлтийн зам, түүний дотор Үндсэн Хуулийн өөрчлөлт ч нээлттэй байгаа. Учир нь 30 жил гар хүрээгүй гадаадынхны боловсруулж өгсөн Үндсэн хуулиндаа өөрсдөө гар хүрчихсэн шүү дээ!

 

 

 

 

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

 

2020 оны 01 дүгээр сарын 20.