Сарын дараа "Цагаан сар"-ын баяр тохионо. Уг баяраар хамаатан садандаа гарын бэлэг бэлдэхээр Монголчууд урьд хөршийг ихээр зорьдог. Тэгвэл өдгөө олон улсад дэгдээд буй коронавирусын халдвар орж ирэх магадлал тун өндөр байна.

Одоогийн байдлаар Хятадад дэгдээд буй шинэ төрлийн коронавирусын халдвараар нас барагсдын тоо зургаа болж нэмэгджээ.  Тэгвэл эл вирусын халдвар АНУ-д илэрчээ.  Өвчний голомт болсон Үхань хотоос ням гаригт тус улсад ирсэн 30 гаруй насны эрэгтэйд вирус халдварласныг тогтоож, эмнэлэгт тусгаарласан эмчилж байгаа аж. Одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 324 болоод байгаа ч зарим эрдэмтдийн үзэж буйгаар халдвар авсан гэдгээ мэдээгүй 1,700 гаруй хүн байж болзошгүй гэв.

Халдвар авагсдын ихэнх нь вирусын голомт Хэйбэй мужийн оршин суугчид бол Бээжин, Шанхай, Тяньжин, Гуандон, Зэжянь, Чончинь зэрэг томоохон хот суурингуудад ч халдвар илрээд байгаа юм. Түүнчлэн Тайвань, Өмнөд Солонгос, Япон, Тайланд, АНУ-д халдвар илэрч, Хонгконгод 118 хүнийг халдвар авсан байж болзошгүй хэмээн тусгаарлаад байна. Үхань хотын эмнэлгийн 15 ажилтан вирусийн халдвар авснаас үүдэн шинэ коронавирусийг хүнээс хүнд халдварладаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

Тэгвэл манай улсын ЭМЯ-ныхан иргэдийг амны хаалтаа сайн зүүж, дархлаагаа дэмжихэд халдвар авахгүй хэмээв. 

Монголчуудын Цагаан сарын баяртай холбоотойгоор уг вирусийн өвчлөл тархаж магадгүй гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна. Эрүүл мэндийн яамны хувьд БНХАУ-д анх коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэж ДЭМБ-аас нэгдүгээр сарын 3-ны өдөр зарласан даруйд арга хэмжээ авч эхэлсэн. Монгол Улсад шинэ төрлийн вирусийн халдвар дамжин орж ирэх эрсдэлийн зэргийн үнэлгээг гаргахад дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн орны тоонд орсон. Тиймээс Монгол Улс онц байдал зарлахгүй. Өмнө нь уг вирусийн зургаан төрөл тогтоогдсон. Эдгээрээс хамгийн хүнд нь 2002, 2003 онд дэлхий нийтэд тархсан SARS. Эл вирусээр 800 гаруй хүн нас барж, 8000 гаруй хүн өвдсөн. Ер нь дэлхий нийтээр томуу, томуу төст өвчний улирал таарч байна.Монголд ч бас томуу, томуу төст өвчний идэвхтэй үе тохиож, В вирусийн халдварын вирус тархаж байна. В вирусийн хамт энгийн коронавирус, амьсгалын замын H3N2 зэрэг зургаан төрлийн вирусээр хүмүүс өвчилж байна. Тиймээс хүүхэд, насанд хүрсэн иргэдэд энэ ханиад хүнд тусч байгаа юм. В вирус нь амьсгалын доод замыг өвчлүүлдэг, уушгины хатгалгаа болох нь их байна. Дээр нь коронавирусийн гурав дахь эрсдэл нь томуугийн улиралд дэгдэж байгаагаар онцлог байна. Гэхдээ томуу, томуу төст өвчний тархалт зургаан хувьтай буюу буурч, орны ачаалал хэвийн байна.Монголд ч бас томуу, томуу төст өвчний идэвхтэй үе тохиож, В вирусийн халдварын вирус тархаж байна. В вирусийн хамт энгийн коронавирус, амьсгалын замын H3N2 зэрэг зургаан төрлийн вирусээр хүмүүс өвчилж байна. Тиймээс хүүхэд, насанд хүрсэн иргэдэд энэ ханиад хүнд тусч байгаа юм. В вирус нь амьсгалын доод замыг өвчлүүлдэг, уушгины хатгалгаа болох нь их байна. Дээр нь коронавирусийн гурав дахь эрсдэл нь томуугийн улиралд дэгдэж байгаагаар онцлог байна. Гэхдээ томуу, томуу төст өвчний тархалт зургаан хувьтай буюу буурч, орны ачаалал хэвийн байна.

 Хоёрдугаарт, МХЕГ, ГЕГ холбогдох бүх байгууллагад анхааруулга, сэрэмжлүүлгийг албан бичгээр хүргүүлсэн. Ялангуяа хилээр орж ирж буй хүмүүсийн өвчтэй эсэхийг хэрхэн хянах вэ гэдэг зааварчилгаа өглөө. Орон нутгийн Засаг дарга нарт хилийн боомтоор орж ирэх эрүүл ахуйн халдвар судлалын хяналтаа хэрхэн тавих вэ гэдэг зөвлөмж хүргүүлсэн. Энэ мэтчилэн бүх төрлийн мэдээлэл зөвлөмжийг өгч, эрүүл мэндийн байгууллагуудад бэлэн байдалтай ажиллах үүрэг өглөө. ДЭМБ-аас зургаан чиглэлээр түр зөвлөмж гаргасны дагуу эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах арга хэмжээ авч, орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулж, иргэдэд зөвлөмж өгч байна.

Хамгийн чухал нь гаднын улс орнуудад зорчихгүй байх, коронавирус амьсгалын замаар халдаж байгаа учраас амны хаалт хэрэглэх, гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, амьтны маханд хүрэхгүй байх, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг иргэдэд өгч байна. Үүнээс онцгой анхаарч буй зүйл нь өндөг. Иргэд аль болох гаднын улс орнууд руу зорчихгүй байх, өндгийг чанаж хэрэглэх, урд хөршөөс өндөг, тахианы мах авахгүй байх нь чухал. Хэрэв ханиаж, халуурч, амьсгалахад хүнд болох гурван төрлийн шинж тэмдэг илэрч байвал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Иргэд амны хаалт хэрэглэж дадах, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хил гааль дээр бид тандалт хийж байна гэдгийг ЭМЯ-ны Дархлаажуулалтын албаны дарга Д.Нарангэрэл онцлов.

Генетикч, доктор Ж.Хулан "Бие махбодид гарч буй өөрчлөлтийг манай эмч нар, ялангуяа мэс засалчид сайн мэднэ. Гэхдээ вирусийн төрлийн өвчин дэгдэхэд нэг л учраа олохгүй байх шиг. Жишээлбэл, томуугийн вирусээс хэрхэн хамгаалахыг эмч нараас асуухад олонх нь дархлаагаа сайжруулахыг зөвлөдөг. Ачир дээрээ ингэснээр ханиад томуунаас сэргийлдэггүй. Хүн бүхний дархлаа янз бүр. Тухайн бие организмд гаднаас халдвар нэвтрэхэд өвөрмөц дархлаа буюу эсрэг биет үүсдэг. Харин халдвар аваагүй байхад дархлаагаа сайжруулахаар нөгөө эсүүд юу хийх вэ. Өвчний үед үүссэн өвөрмөц дархлаа нь хүний генээр кодлогддог. Өөрөөр хэлбэл, нүдгүй хүний харааг сайжруулж болохгүйтэй адил өвөрмөц ген үүсээгүй байхад дархлааг сайжруулах нь аюултай. Ингэсээр дархлааны эс өөрийнхөө эсрэг ажиллаж эхэлдэг. Хамгийн сүүлийн мэдээгээр корона вирусээс сэргийлэх вакциныг гаргаж авахаар хятадын мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна. Сүүлийн үеийн эбола болон зика вирусийн хувьд халуун орны өвчин буюу хүйтэнд тэсвэргүй нь цаг уурын эрт тэс уур амьсгалтай монголчуудад аз болсон. Харин урд хөршид гараад байгаа корона вирусээс болгоомжлоход идүүлэхгүй нь" гэлээ.

Ямартай ч хүнээс хүнд халдварладаг уг вирусын дэгдэлтийн үеэр урд хилээ манай улс хаах нь зөв шийдэл байж болох. Хэрвээ манай улсад энэхүү шинэ вирус нь дэгдчихвэл хэнийгээ чирээд ирлээ гэж адлаж суух вэ? Ниргэсэн хойно нь хашгирч суухаар сэрэмж, болгоомж илүүдэхгүй байлтай.