Эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөлэй цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа       

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Онцгой комиссын гишүүн, Шуурхай ажлын хэсгийн дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөллийн хамт өнөөдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, зарим эм ханган нийлүүлэх байгууллагын дарга, захирал нартай уулзалт зохион байгууллаа.

Энэ хүрээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодис болон бусад эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хэрэгцээ шаардлага, хүртээмжийн талаар мэдээлэл авч,  цаашид авах арга хэмжээний талаар ярилцав.

Ихэнх эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодисын 2-4 сарын нөөцтэй байсан боловч бүгд дуусч, дахин хангалт хийхээр холбогдох байгууллагуудад нь захиалга өгснөөс гадна халдваргүйжүүлэгч бодис, дархлаа дэмжих эм, цайны хангалтыг сайжруулахаар 2-3 ээлж гарган ажиллаж  байгаа талаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, “Монос Улаанбаатар” ХХК-ийн захирал Л.Алтанцогт нар танилцууллаа.

Мөн дотооддоо амны хаалт үйлдвэрлэж байгаа “Мөнхийн тун” ХХК-ийн хувьд ээлжээ нэмж, өдөрт 30-35 мянган ширхэгийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж буйгаа танилцуулж мэдээлэл өглөө.

Уулзалтаар нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудаар зарагдаж байгаа амны хаалт, ариутгалын бодисын нөөц, хомсдол, үнийн хөөрөгдлийн талаар ярилцаж, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоон дээр 95155201 дугаарын утас ажиллуулж, иргэдээс ирж буй гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэхээр боллоо.

Мөн Эрүүл мэндийн яамнаас эм, халдваргүйжүүлэгч бодис үйлдвэрлэхэд шаардлагатай бодисын нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх, импортын зөвшөөрлийг богино хугацаанд олгох зэргээр дэмжлэг үзүүлж байгаа талаар мэдээлж, нийгмийн хариуцлагын үүднээс бүх хүчээ дайчлан ажиллахаар болсноо илэрхийлсэн байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР