Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өчигдөр тушаал гаргаж, сургуулийн өмнөх бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгаар теле хичээл зохион байгуулахыг холбогдох газруудад үүрэг болгосон юм.

Мөн их дээд сургууль, коллежийн захирал нарт сургалтын хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг чанартай, үр дүнтэй зохион байгуулах, соёл урлагийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг даалгасан билээ.

Тэгвэл энэ талаар тус яамны хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “Бид 10-аад телевизийн төлөөлөлтэй уулзах гэж байна. Энэ уулзалтаар яг ямар хичээлийг хэдэн цагаас заах, хэн гэдэг багшийг сонгох тухай ярилцах юм. Гэхдээ багш нарыг БСШУСЯ болон багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс сонгоно. Ямартай ч хичээлээ ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 3-наас эхлүүлнэ” гэв.