Эрүүл мэндийн яамнаас ХӨСҮТ-д коронавирусийн халдвар илэрвэл тусгаарлах зориулалттай 50 ор бүхий тусгай тасаг нээсэн аж. Гэвч тус эмнэлэг нь хотын төвд учир тусгаарлана гэдэг амаргүй асуудал. Мөн сэжигтэй тохиолдол бүртгэх төдийд л уг тасаг дүүрнэ.

Хэрэв энэ өвчнөөр монголчууд өвчилж эхэлбэл хүрэлцээтэй барилга, байгууламж, тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүд бий юү гэдэг эргэлзээтэй.  Коронавирустэй тэмцэхэд дэлхийн улс орнууд эрвийх дэрвийхээрээ зүтгэж энд ч оношлох, тэнд ч эмчлэх арга хайж байхад манай улсын Эрүүл мэндийн яам мэдээллийнхээ үнэн бодит эсэхийг нягтлахгүй, будилж сууна. Тодруулбал, ЭМЯ-ны Төрийн захиргааны газрын дарга Б.Цогтбаатар, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар өчигдөр 13.30 цагийн үед “Энэ сарын 19-нд Хятадын Гуанжөү хотоос Австралийн Мельбурн хотод очсон 34 настай Монгол Улсын иргэн халуурч, тус улсын эмнэлэгт тусгаарлагдсан. Улмаар энэ сарын 25-нд коронавирусээр халдварласан болохыг тогтоосон тухай Австралийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-д мэдэгдсэн” хэмээн мэдээлэл хийсэн. Гэвч үүнээс хоёр цагийн дараа тус иргэн халдвар аваагүй, андуурагдсан тэр бүү хэл энэ сарын 25-нд Хонконгоор дамжин Улаанбаатарт ирсэн хэмээн залруулга хийсэн юм. Тэдний энэ үйлдэл нийгэм даяараа айдаст автаж буй, түгшүүрт цаг мөчид ард иргэдийнхээ сэтгэл санаагаар тоглож буй хариуцлагагүй явдал юм. Эрүүл мэндийн яам өнгөрсөн онд 38 сая 250 мянган төгрөгөөр гар утасны зөөврийн цэнэглэгч (power bank), холбогч кабель (USB) авсан байдаг. Тэд ийнхүү төсвийн мөнгийг үрэн таран хийх зуур Хятад Улс шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн уушгины үрэвсэл дэгдээд буй Ухань хотод 10 хоногийн хугацаанд 1000 ортой шинэ эмнэлэг барьж, ирэх долоо хоногт ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн БНХАУ-д 2003 онд SARS өвчин дэгдэхэд барилгын цутгамал блокийг угсрах технологиор найм хоногийн дотор “Сяотаншань” эмнэлгийг барьж, 1000 хүнийг эмчилж байсан удаатай. Хөрш зэргэлдээ улсад жил, сард биш өдөр хоногт эмнэлгийн барилга баригдаж байхад манай улсад арван жил царцаж байна. Салбарын сайд, төрийн эрх баригчдын сэтгэл дутаж, төсөв мөнгө нь шийдэгдээгүй царцсан томоохон барилга, байгууламжууд энэ цаг үед л хэрэгтэй мэт. Тиймээс бид олон жил гацсан ч баригдаж дуусаагүй эмнэлгийн барилгуудаар сурвалжилга бэлтгэлээ. 

“ДӨНГЛӨГДСӨН” IV ТӨРХИЙН БАРИЛГА

Арав гаруй жилийн өмнө “IV төрөх эмнэлэг” нэртэй баригдаж эхэлсэн тус барилга “Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэг” хэмээн нэрээр өөрчилжээ. Баригдаж ч амжаагүй байж нэрээ сольсон тус барилгын ажил 95 хувьтай явж буй гэнэ. Эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн X хороо, Яармагийн дэнжид 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд “Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэг”-ийн шав тавих ёслол болж байлаа. Уг ёслолд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Улаанбаатар хотын удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхан болон тус эмнэлгийг барих “Нийслэл өргөө”, “ПУМА” констаркшний удирдлага, барилгачид оролцож байсан юм. Шав тавих ёслол сүр дуулиантай болж, газар шорооны ажлаа ч эрчимтэй хийж, “Энэ эрчээрээ ажиллаад байвал хугацаанаасаа өмнө хүлээлгэж өгч магадгүй” гэсэн явган яриа иргэдийн дунд гарч байсан нь саяхан мэт. Гэвч үүнээс хойш есөн жилийн хугацаа өнгөрсөн боловч тус эмнэлэг харамсалтай нь ашиглалтад орсонгүй. Анх Барилгын гүйцэтгэгчээр “Нийслэл өргөө”, “Пума” компаниуд шалгарч 18 тэрбум төгрөгийн төсөвтэй ажлыг гүйцэтгэхээр 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Барилгын ажил гурван жилийн хугацаанд үргэлжилж 2013 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусгахаар талууд гарын үсэг зуржээ. Газар шорооны ажил эхлүүлсэн эрчээрээ ажиллаж, тус эмнэлгийг ашиглалтад оруулчихсан бол өнөөдөр олон нялхсыг өлгийдөж, хүүхдэд ээлтэй эмнэлэг болчихсон байх байлаа. Гэвч тэгсэнгүй. Арав орчим жил гацахдаа тус барилга маш олон маргаан дагуулж байсан юм. Тодруулбал, зураг төслийг нь мэргэжлийн бус хүмүүс хийснээс болж зарлага ихтэй баригдах нь тодорхой болж, улмаар барилгаа бариад эхэлсэн хойно ус, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй газар болохыг мэдсэн байдаг. Нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэрээр гүйцэтгэгч компаниуд 2013 оны наймдугаар сард зэрэгцээ дөрвөн карказ босгочихоод “Төсвөөс өгсөн 19 тэрбум төгрөг барилгыг цааш үргэлжлүүлэхэд хүрэхгүй” гэсэн шалтгаанаар царцааж  орхисон байдаг.  Алсаас харахад барилга, балгас нь үл мэдэгдэх дөрвөн карказ олон жил хөсөр хаягдаж, мартагдсан байдаг. Улмаар 2017 оноос “ТомоБюлдинг” ХХК барилгын ажлыг гүйцэтгэхээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тодруулбал, тус компани 2017 оны есдүгээр сард барилгын ажлыг концессийн гэрээгээр хүлээн авч, ажлаа албан ёсоор эхлүүлсэн байна. Тэд 2019 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар гэрээ үзэглэсэн ч 2018 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар хэвлэл мэдээллийнхэнд “Өмнөх компаниуд барилгын эхлэх шатанд явж байгаад “Төсөвлөсөн мөнгө дуусчихсан” гэх тайлбар улсад өгч, барилгын ажлыг зогсоосон юм байна лээ. Тухайн үед барилгын карказны ажил дуусаад, гадна хананы өрлөг тал хийгдээд л шууд царцсан байсан. Асуудал нь одоо болтол цагдаа, шүүхийн шатанд шийдэгдээгүй яваа сураг байсан. Өнгөрсөн онд дахин концессийн гэрээгээр бариулахаар шийдвэрлэж, манай компани шалгарсан. Арван жилийн өмнө шахуу зогссон барилга учир тухайн үеийн барилгын технологиуд нь огт өөр байсан. Түүнээс гадна анхнаасаа алдаа мадаг ихтэй баригдсан, тухайн үеийн зураг төслөөр хийгдэх зэрэг олон шалтгаанаас болж багагүй хүндрэлгарч байна. Иймд холбогдох бичиг баримт, ус, дулааны асуудлаас эхлээд хөөцөлдөх асуудал их гарч ирсэн. Улсын хэмжээнд хамгийн том төрөх эмнэлэг гэдгээрээ онцлогтой учир ус, дулааны асуудалд төр засгийн туслалцаа дэмжлэг ч шаардлагатай” гэдэг тайлбар өгч байсан юм. Гэвч тэд хугацаанаасаа өмнө өгөх биш даруй нэг жилээр хоцорч байна. Энэ талаар “Томобюлдинг” ХХК-ийн ерөнхий менежер Г.Банзрагчаас тодруулахад “Манай компани 2018 оны дөрөвдүгээр сарын барилгын гүйцэтгэлийн ажлыг эхлүүлсэн. Анх авахад энэ барилга 33 хувьтай царцсан байсан. Түүнээс хойш бид тасралтгүй ажиллаж одоогийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүлээлгэж өгөхөөр гэрээнд заасан байсан. Гэвч төсөөлөгдөөгүй буюу гэнэтийн ажлууд цөөнгүй нэмэгдсэн. Тодруулбал, аль арван жилийн өмнөх зураг төслөөр баригдаж эхэлсэн болохоор шинэчлэх, өөрчлөх зүйлс тулгарсан. Тийм учраас олон улсын стандартад нийцсэн эмнэлэг болгоё гэж захиалагч, болон гүйцэтгэгч талууд шийдсэн. Үүнийгээ дагаад төсөв, мөнгө ч нэмэгдсэн. Зураг төслийн өөрчлөлтөөс болж ажил хойшлох, хийснээ буулгаж дахин эхлэх зэрэг тохиолдол цөөнгүй гарсан. 2018 оны аравдугаар сард дулаан хангамжаа авах байсан ч холбогдох байгууллагууд техникийн нөхцөл гаргаж өгөөгүй мөн дулаан авах зөвшөөрөл олгоогүйн улмаас тэр өвөлдөө ажилгүй зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл, хэрвээ дулаанаа авч чадсан бол барилга маань тухайн үедээ ашиглалтад орчих боломжтой байсан. Гадна зам, талбайн ажил 100 хувь дууссан. Ерөнхий инженерийн хувьд ирэх сардаа дуусгаж, хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв. 
Харин тэдний ажилд коронавирусийн тархалт нөлөөлж магадгүй гэдгээс эмээж байгаагаа хэллээ. Учир нь тус компани бараа материалаа импортоор оруулж ирдэг мөн ажилчид нь үр хүүхдээ харж , хандах зорилгоор чөлөө авах зэрэг олон асуудал тулгарч болзошгүй гэдгийг онцолж байсан юм. Ямартай ч тус компани 18 тэрбум төгрөгийн төсвөөр энэхүү бүтээн байгуулалтыг хийжээ. Хэрвээ Эрүүл мэндийн яам сэтгэлтэй, мэдрэмжтэй сайдтай байсан бол энэ эмнэлэг аль хэдийн үүдээ нээж, коронавирусээс урьдчилан сэргийлэх ажил илүү эергээр шийдэгдэж болох байсан аж. 

ТҮҮХ БОЛЖ МӨНХӨРСӨН  “ТҮЛЭНХИЙН ТӨВ”-ИЙН БАРИЛГА

Эрүүл мэндийн салбарын бас нэгэн чухал асуудал бол түлэгдэлт юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвд өнгөрсөн жил 5000 гаруй өвчтөн хэвтэж эмчлүүлжээ. Түлэгдсэн өвчтөний тоо буурахгүй, жил бүр өсөж байгааг эмч нар хэлж байна. Санамсар, болгоомжгүйгээс үүдэн ахуйн чанартай түлэгдэлт хамгийн их хувийг эзэлдэг аж.  Түлэгдэлт дээд цэгтээ хүрсэн энэ үед тус төвийн барилга мөн л царцсан байна. Өөрөөр хэлбэл, Түлэнхийн төв өөрийн байртай, бие даасан эмнэлэг байсан. Гэвч барилгын насжилт дууссаны улмаас айлын хаяа бараадаад найман жил болж байгаа юм. Тодруулбал, 2012 оны тавдугаар сард Түлэнхийн төв нь Гэмтэл, согог, судлалын үндэсний төвийн байранд очсон байдаг. Гэвч ачаалал нь дийлдэхгүй байсан тул хагас жил болоод “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү нүүлгэж, сарын 28 сая төгрөгийн түрээс төлж байв. Тус эмнэлгийн шаардлагаар жил гаруй болоод байрыг нь суллаж өгснөөр дахин ГССҮТ-д ирээд байгаа юм.
Одоог хүртэл ашиглалтад ороогүй түлэнхийн төвийн барилга, байгууламж мөн л 2011 оноос эхтэй. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн удаа дараагийн хяналт шалгалтаар Түлэнхийн төвийн барилгыг “Цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн” гэсэн дүгнэлт гарсны дагуу  Монгол Улсын Төрийн өмчийн хороо 2011 онд уг барилгыг актлах 358 дугаар тогтоол гаргажээ. Улмаар 2011 онд уг барилгыг нурааж, шинэ барилга барих ажилд 21 тэрбум төгрөг төсөвлөж, барилгын зураг төсөл хийх компанийг сонгон шалгаруулж байжээ. Кувейтийн сангаас Монгол Улсад Түлэнхийн төв байгуулахад зориулсан найман сая ам.долларын (20 тэрбум төгрөг) буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд 2017 онд гарын үсэг зурсан юм. Уг гэрээний дагуу Эрүүл мэндийн яам “Нутгийн зам” ХХК, “Цаст констракшн” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны наймдугаар сараас барилга, угсралтын ажлыг үргэлжлүүлсэн байдаг. Ажлын гүйцэтгэл гэрээнд заасан хугацаанд хийгдэж чадаагүй учир хэд хэдэн удаа гэрээ шинэчлэгдсэн байна. Өнгөрсөн онд багтаж ашиглалтад орох ёстой байсан тус барилга Эрүүл мэндийн яам болон “Нутгийн зам” ХХК хоорондын маргааны улмаас хойшилж буй гэнэ.   

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин