НАМЗХ-ны дэргэдэх Бриллиант клубын бүсгүйчүүд саяхан эмэгтэйчүүдийн эмнэлгийн чанар, стандартын хангалтгүй байдлыг хөндөж салбарын мэргэжилтнүүд болон 250 орчим эмэгтэй оюутан оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулсныг мэдээлж байсан.

Харин өнгөрөгч Баасан гаригт тэд "A hundred brilliant ladies" гэж нэрлэсэн нэгэн арга хэмжээг явуулжээ. Арга хэмжээнд салбар салбарын зуун эмэгтэй дуртай ном, нэрийн хуудсаа бэлдэж ирсэн байв. Тэд хоорондоо танилцаж  нэрийн хуудсаа солилцсоноос гадна авчирсан номон дээрээ гарын үсгээ зурж арга хэмжээг зохион байгуулагчдад бэлэглэв.

Харин  зохион байгуулагчид бэлгэнд ирсэн номнуудаас өөртөө таалагдсан өөр нэг номыг худалдан авах боломжийг зочдод олгосноор зочид ховор сайхан номтой, Бриллиантын бүсгүйчүүд "ганзага хоосонгүй”, сэтгэл дүүрэн өндөрлөжээ. Зуун ном, зуун нэрийн хуудсаар чимсэн уг  арга хэмжээний орлогоо тэд нийгэмд чиглэсэн дараагийн ажил үйлстээ зориулахаа ч зарласан байна. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийг танилцуулж, найз нөхдийн хүрээ, холбоо харилцаагаа өргөжүүлэхэд том алхам боллоо гэж зочид онцолж байв. НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Нямжаваар ахлуулсан залуу бүсгүйчүүд цаашдаа нийгэмд чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа ба хийсэн ажил, зарцуулсан мөнгөний тайлангаа нийгмийн сүлжээний сувгуудаар олонд тайлагнаж байх гэнэ. Энэ нь тэдний энэ онд хийсэн 3 дахь том ажил юм байна.