Реппер Г.Энэрэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Энэ хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн байна. 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Энэрэлд

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээс Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна. 

Эрүүгийн хууль 11.6 дугаар зүйлд "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж заасан болохоор хуульд зааснаар ял оноосон байна.

Шүүхээс гэр бүлийн хүнээ байнга хүчирхийлдэг гэдэг нь нотлогдоогүй гэдгээр хэрэгсэхгүй болгожээ.