НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг саатуулан шалгаж байгаа. Үүнтэй холбоотой АН-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд асан С.Тэмүүжин дараах мэдээллийг өгөв.

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн банк гэгддэг Капитал банкыг татан буулгах шийдвэрийг Монголбанк 2019 онд гаргаж тус банкыг дампууруулсан.  Дампуурсан Капитал банкинд төрийн 31 байгууллага нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байснаас гадна Нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг 2017-2019 оны хооронд ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С Чинзориг нарын зөвшөөрлөөр НДЕГ тус банкинд хадгалуулж байгаад алдсан нь нэгэнт баримтаар тогтоогдсон.

Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр 45 тэрбум төгрөг,  2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг. Мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөгийг сайд асан Н.Номтойбаярын зөвшөөрлөөр,  одоогийн сайд С.Чинзоригийн зөвшөөрлөөр 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-нд 2.4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус, тус Капитал банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж алдсан байгаа юм.

Гэтэл Капитал банкны дампуурлаас болж Нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байна.

Сайд асан Н Номтойбаяр, С.Чинзориг нарын хийсэн үйлдлийг түүнээс өмнө ажиллаж байсан албан хаагч нарт зориуд санаатайгаар тохоон, яллаж байгааг эрх баригчдын улайрсан улс төрийн зорилго захиалгыг гүйцэтгэж байгаа онц ноцтой гэмт хэрэг. 2013-2015 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкинд хадгалуулсан гэрээ контракт нь 2017 онд дууссан бөгөөд гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй харин ч хүүгийн орлогоор нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн байдаг.

Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах түүнээс уучлал гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга Ерөнхий сайд Ухнаагийн Хурэлсүхээс хариуцлагатайгаар шаардаж байна хэмээн ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин онцолсон юм. 

Түүнчлэн Нийгмийн даатгалын хөрөнгө бол төсөв, засгийн газрын хөрөнгө биш. Энэ хөрөнгө нь  татвар төлөгчдийн гурван талын оролцоогооро төлсөн хөрөнгө. Энэ хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг  өсгөж үржүүлэх үүргийг НДЕГ-ыг удирдаж байгаа хүмүүс удирдаж ирсэн. Чөлөөтэй үлдэгдлийг өсгөж үржүүлэх ёстой удирдагчдын талаар ярьж байна. Гэтэл өсгөж, үржүүлэх үүрэгтэй албан тушаалтаны тухай энд яригдана. Банканд очиж байршаад яагаад алга болов, банк юунаас болж дампуурав. Хуульд заасны дагуу эрхээ эдэлсэн хүмүүсийг мөрдөх замаар шалгагдаад байна. Бусад харилцагч нар мөнгөө аваад гараад явчихсан уу, НД-ын хөрөнгө хаачив гэдэг ноцтой асуудлыг шалгах хэрэгтэй гэлээ.

Ц.Уртнасанг саатуулсан хуулийн заалтаа "дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй учраас" гэсэн тайлбарыг хийсэн байгаа юм. Ажлаа өгчихсөн хүмүүсийг дөрвөн жилийн дараа ингэж байгаа нь хууль зүйн хэрэглээний хувьд маш том алдаатай байна. Харин эсрэгээрээ НДГ-ын дарга Зоригт гэх мэтчлэн одоо албан тушаал дээрээ байгаа хүмүүсийг ингэж шалгасан бол хууль зүйн хувьд ярих зүйл байхгүй. Илт хуулийн хэрэглээний хувьд ийм алдаа гаргаж байгааг нь хуулиас давсан дарамт шахалт байгаа гэж үзэж байна гэв.