Монголчууд бид хэдий болтол социализмын үеийн сэтгэлгээгээр амьдрах ёстой юм бэ. Хуучин нийгмийн үеийн сэтгэлгээ гэж төрсөн үрсээ төл малнаас дор үзэж ирсэн үнэн бодит байдлыг хэлж байна.

Засгийн буюу ялтай мал маллаж байсан тэр цагт төрсөн үрээс нь илүү төлийн тоо, малын эндэгдэл чухал байсан нь гарцаагүй. Улс нийгмээрээ малын тоо толгойн тухай, төлийн хорогдлын тухай ярьж малчдын үр хүүхдүүдийг эцэг эхээс нь салган сумын төвд дотуур байр хэмээх боловсон шоронд хорьж цагдах болсон юм. Төл малыг эхээс нь салгаагүй хэрнээ төрсөн үрийг эцэг эхээс нь салган хорьж өлөн зэлмэн, хараа хяналтгүй өсгөх эх суурийг бүрэн утгаар нь тавьсан тийм л бүдүүлэг нийгэм байлаа.

Одоо эргээд бодоход хамгийн хатуу харгис ёс суртахуун тэндээс ноёрхлоо тогтоож, монголчуудын сэтгэлгээнд үр хүүхэд, хойч үеэ хайхардаггүй, тэдний өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг мэддэггүй ийм харалган байдал баттай суусан байдаг.

Энэ талаар өмнө нь “Өдрийн сонин”удаа дараа бичсэн. “Хонины хурга зутарна гээд хоньчны хөвгүүн бэтгэрэх ёсгүй” гээд бичиж байсныг уншигч олон санаж байгаа байх. Дэлхийн улс орнууд хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр сахин хамгаалж хүнээ хайрласан, иргэнээ дээдэлсэн нэг үгээр хэлбэл хүн ёсны эрин зуунд аж төрж байна. Гэтэл бид аль хорьдугаар зууны эхэн хагасын хатуу харгис бодлого болох хүнээс нь илүүтэйгээр малыг нь анхаарч үздэг тогтолцоогоор явж ирлээ.

“Дотуур байрыг эсэргүүцлээ, шорон гэж үзлээ. Болоод ирсэн юмыг буруутгалаа. Бид чинь бүгд л дотуур байрны бүтээгдэхүүнүүд” гэж зэвүүцэх хүмүүс байдаг. Тухайн үедээ болж байсан бол өнөөгийн нийгэмд энэ тогтолцоо болохгүй байна. Учир нь гэр бүлийн халуун уур амьсгалыг тэгтлээ мэдрээгүй гэрээсээ хол, аав ээжээсээ хөндий өсчихсөн хүүхдүүд амьдрал дээр гэр бүл зохиож ижий аав болоод явахаараа үр хүүхдийнхээ өмнө тэгтлээ хариуцлага хүлээхгүй, өө яахав болоод ирсэн, болох л байлгүй гэсэн бодолтой байдаг. Энэ нь бодит амьдрал дээр олон зүйл дээр анзаарагдах боллоо. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд Монгол Улсад нялх балчир үрс амиа алдсан тохиолдол хэрээс хэтэрсэн. Дайн дажинтай улсаас илүү айхавтар юм дуулдах боллоо. Хүүхэд хамгийн аюулгүй орчин болох гэртээ, сургуулийнхаа гадаа, хтоглоомын талбайд харамсалтайгаар амиа алдах болсон. Сэтгэл шимшрүүлсэн тэрхүү хэргүүдээс зарим нэгийг нь эргэн сөхье.

Хоёр жилийн өмнөх судалгаанаас харахад, 2018 оны зургадугаар сард гэхэд бараг л өдөр дараалж хүүхдүүд амиа алдсан харамсалт мэдээ дуулдаж байсан. Зургадуур сарын 15-нд БЗД-ийн Дарь-Эхийн шинэ эцэст хичээлээ тараад тоглохоор гарсан 11 настай хүү тогтоол усанд эндэж амиа алдсан. Зам гүүрний бүтээн байгуулалтын ажил явагдаж шороогоор далан босгосон нь цүнхээл үүсэх нөхцөл болж түүнийг мэдээгүй хүү амиа алдсан нь өөрийнх нь хохь болоод өнгөрсөн. Тэгвэл ердөө гуравхан хоногийн дараа мөн БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглохоор очсон тавдугаар ангийн хүү хөлбөмбөгийн талбайн төмөр хаалганд даруулж амиа алдсан.Тухайн үед шуугиан болж байсан ч сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг ажлаас нь халснаар хөлбөмбөмгийн талбайд амиа алдсан хүүгийн хэрэг замхарсан. Сургуулийн захирал нь амиа алдсан хүүг зорилтот бүлгийнх, ээж аав нь салсан, аав нь архины хамааралтай гэж есөн шидээр хэлж байсан нь аймшигтай. Тоглоомын талбайд тоглохоор очоод эрдэнэт амиа алдсан хүүг захирал нь өнгөрснийх нь дараа ингэж элдвээр хэлэхээр юу болох уу.

Монгол Улс үр хүүхдэдээ хайртай, тэдний өмнө хариуцлага хүлээдэг орон мөн үү. Хөлбөмбөгийн талбайд хүүхэд амиа үрэгдсэнээс ердөө долоохон хоногийн дараа Сүхбаатар дүүргийн 11 хорооллын долдугаар байрныхаа гадаа тоглож байсан хүү “Эко шинэс” эмийн сангийн тогтой төмөр утсанд цохиулж тэр дороо амьсгал хураасан. Уг хэргийн ул мөрийг хөөгөөд үзэхээр эмийн санг нь нүүлгэх шийдвэр гарснаар хүүгийн амь настай холбоотой асуудал замхарсан байдаг. Хүүхэд байрныхаа гадаа тогонд цохиулж өнгөрсөн хэргээс хэдхэн хоногийн дараа буюу 2018 оны долдугаар сарын 05-нд Налайх дүүрэгт долоо настай хүү мөн тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Зайрмаг авахаар аавасаа мөнгө аваад гарсан ах дүү хоёр хоёулаа зам дээр машинд дайруулсан, аав ээж нь голын эрэгт хөзөр тоглож байх хойгуур нялх хүүхэд нь мөлхөж яваад ус руу орж эндсэн гээд хүүхдийн эндэгдлийг хэлээд барахгүй. Өнгөрөгч онд улсын хэмжээнд 1692 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байдаг. Түүнээс 127 хүүхэд амь насаараа, 745 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон судалгаа байна. Мөн сэтгэл санааны хүчирхийлэлд 424, бэлгийн хүчирхийлэлд 187 хүүхэд өртсөн гэх судалгаа байна.

Увс аймгийн Цагаанхайрхан суманд тэр жилийн Цагаан сарын өмнө ямар харуусалт хэрэг гарч байв. Аав ээж нь айлд Цагаан сарын бууз хийхээр явсан хойгуур гэртээ үлдсэн хоёр жаалхан амьтан аав ээжийнхээ араас явахдаа цасан шуурганд төөрч, долоон настай охин таван настай дүүдээ дээл хувцсаа бүгдийг нь тайлж өгөөд өөрөө осгож амиа алдсан байдаг. Долоон настай охин голоо тасартал дүүгийнхээ төлөө зүтгэсэн сэтгэл шимшрүүлсэн мэдээ хүн бүрт нэгийг бодогдуулж байсан. Үр хүүхдээ харгалзагч хүнгүйгээр гэрт нь үлдээгээд явж болохгүй юм байна гэх ойлголт хүмүүст төрж байсан. Гэвч манайхан зүгээр л яриад өнгөрсөн. Дараа нь үр хүүхдээ гэрт нь түгжиж орхиод л гэртээгээ шатсан тохиолдол зөндөө гарлаа. Баянхонгорын Баян-Овоо суманд 3-5 насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж эндсэн. Аав нь сумын төв, ээж нь малдаа явсан байсан. Өвөрхангайн Арвайхээрт бага насны хоёр хүүхэд мөн л гэртэйгээ шатсан. Ховд аймагт 3-9 насны нэг айлын таван хүүхэд гэртэйгээ шатаж харамсалтайгаар амиа алдсан. Улаанбаатар хот болон Багануур дүүрэгт ийм хэргүүд удаа дараа гарсан. Сэтгэл сэрдхийлгэсэн ийм мэдээг хүн бүхэн цочирдон хүлээж авдаг ч эцэг эх, харгалзагч хүмүүст нь үүрэх хариуцлагын тухай хэн ч ярьдаггүй. Монголд ийм байдал үргэлжид давтагдсаар, нялх балчир үрс томчуудын буруугаас болж амиа алдсаар байх болно. Тэгэхээр одоо хуультай болъё. Дөнгөж саяхан Дархан хотод нэг айлын гурван хүүхэд гэртээ цоожлуулж үлдээд паар нь хагарснаас цахилгааны саатал гарч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Бид бүхэн хэд хоногийн туршид цахим орчинд энэ тухай бичлээ.

Эрхэм төрийн түшээд минь Хүүхэд хамгааллын тухай хуулийг эргэн харж, эцэг эх болоод асран хамгаалагч нарт оногдуулах үүрэг хариуцлагыг маш тодорхой болгох хэрэгтэйг сүүлийн сэтгэл шимшрүүлсэн хэрэг харууллаа. Миний бие үүнд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Харин Монголын ирээдүйн сайн сайхны төлөө, цаашдын элэг бүтэн амьдрал, айл өрх бүрийн аз жаргал, баяр баясгалангийн тухай өгүүлж байна. Замын хөдөлгөөний тухай хуулинд эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж зааж өгснөөр бага насны хүүхдийн авто замын осол харьцангуй буурсан. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь заавал хүргэж өгдөг жишиг тогтсон. Яг үүн шигэцэг эх болон асран хамгаалагч нарт зориулсан хуультай болбол гэртээ харгалзах хүнгүйгээр бага насны хүүхдүүдийг орхидог байдал үгүй болж, ямар нэгэн осол эндэгдэл гарах нь багасна.

Нэгэнт л хууль хэрэгжээд эхэлбэл дээр доргүй хуулийн тухай ярьж, нэг нэгэндээ хараа хяналт тавиад бүгдээрээ цахим хэрэглэгч учир цахимаар шуугиад эхлэх нь мэдээж. Мөн үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуулийн дагуу ийм хариуцлага хүлээнэ гэдгийг ой тоонд нь суутал ойлгуулах хэрэгтэй. Ингэж монголчууд бид төрсөн үрсээ төл малнаас дор үздэг социализмын үеийн араншингаасаа салснаар үр хүүхэд улс орны хамгийн эрхэм баялаг гэдгийг жинхэнэ ёсоор ухаарна.Хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласнаар амьдралын шинэ хэв маягт шилжиж, улс орны хөгжил дэвшлийн ирээдүй ч гэрэлтэй болоод ирнэ.