Банкны үйл ажиллагаа бол итгэлцэл дээр тогтдог, эмзэг салбар юм.  Гэтэл итгэл дааж ажиллах салбарын ажилтан нь хувь хүний нууц мэдээллийг авч бусдад тараасан байна. Энэ нь өөрөө гэмт хэрэг бөгөөд энэ тухай Эрүүгийн хуулийн 13.10.2.2. - Хувь хүний нууцад халдах хэмээн зүйлчилж өгчээ.

Тэгвэл Төрийн банкны ажилтан яг дээрх зүйл ангиар ял сонсоод байна.

Хэргийг тодруулбал, С.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт тус аймаг дахь Төрийн банкны салбарт мэдээлэл судалгааны эдийн засагчаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 49 минут 51 секундээс 10 цаг 52 минут 24 секундын хооронд Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас хохирогч Ц.Б болон "Х" ХХК-ны зээлийн данстай холбоотой мэдээллийг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан байна.

Түүний энэхүү гэмт хэрэг нь

  • Монгол Банкны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-1а/1331 дугаартай “Монгол Банкны Зээлийн мэдээллийн сангаас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Х” ХХК, үүний гүйцэтгэх захиралтай холбоотой мэдээллийг Төрийн банкны cib17000ni11 кодтой хэрэглэгч 2 удаа хайж, холбогдох лавлагааг авсан байна. Эхний удаа “Х” ХХК-ий захирлын мэдээллийг иргэний регистрийн дугаараар нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 10 цаг 49 минут 51 секундэд хайсан, 10 цаг 49 минут 56 секундэд лавлагааг PDF файл хэлбэрээр авсан байна. Хоёрдох хайлт буюу “Х” ХХК-ий мэдээллийг байгууллагын регистрийн дугаараар нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 10 цаг 52 минут 22 секундэд хайсан, 10 цаг 52 минут 24 секундэд лавлагааг PDF файл хэлбэрээр авсан байна” гэх албан тоот
  • Төрийн банкны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 02а /3104 дугаартай “Төрийн банкны cib1700010ni11 кодтой Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нэвтрэх эрхтэй хэрэглэгч Төрийн банкны Увс салбарт бүртгэлтэй байна” гэх албан тоот
  • Төрийн банкны Увс салбарын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 36/544 дугаартай “cib1700010ni11 код нь Төрийн банк Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нэвтрэх код бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Мэдээлэл судалгааны эдийн засагч С.Б ашиглаж байсан болно” гэх албан тоот
  • Гэрч Т.О /Төрийн банкны Увс салбарын захирал/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Төрийн банкны Увс салбарын мэдээлэл судалгааны эдийн засагчаар С.Б 2017 оны 9 дүгээр сараас хойш тасралтгүй, ээлжийн амралт, чөлөө авахгүйгээр ажиллаж байна. Монгол банкны зээлийн мэдээллийн санд С.Б ганцаараа нэвтрэх эрхтэй. Уг санд нэвтрэх нэр, нууц үгийг зөвхөн С.Бгаас өөр хүн мэдэхгүй. С.Б Увс аймаг дахь 21 тооцооны төвийн эдийн засагч нарын байгууллагын дотоод сүлжээгээр болон бичгээр ирүүлсэн регистрийн дугаараар Зээлийн мэдээллийн санд нэвтэрч, шүүлт хийж, холбогдох мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.” гэх мэдүүлэг
  • гэрч Д.Д /Төрийн банкны Увс салбарын мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн/-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан дурын интернет орчноос холбогдох боломжгүй. Зөвхөн Төрийн банкны дотоод сүлжээнд холбогдсон компьютероос ордог. Манайд зөвхөн мэдээлэл судалгааны эдийн засагчийн компьютероос ордог болсон” гэх мэдүүлэг зэрэг бусад гэрчийн мэдүүлэг,  нотлох баримтуудаар нотлогдож байгаа аж.

Хувь хүний нууцын тухай хуульд тодорхойлсноор хувь хүний нууц нь 5 төрөлтэй байх бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2.3-т “хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйлийг ойлгоно” гэж заажээ.

Харин энэ хэргийн хохирогч нь Ц.Б гэх иргэн бөгөөд тэрбээр  Увс аймгийн ИТХ-ын гишүүн юм байна.

Хамгийн ноцтой нь хүний хувийн мэдээллийг санаатайгаар татаж авсан энэ хэргээ Төрийн банкны ажилтан С.Б нь  гэм буруугаа хүлээн  зөвшөөрөхгүй байгаа “Би энэ мэдээллийг өөрөө санаатайгаар татаж авч, бусдад дамжуулаагүй, хэн нэгний хүсэлтээр татаж авч өгсөн байх. Хэний хүсэлтээр авч, хэзээ хэнд өгсөн болохоо санахгүй байна” гэж мэдүүлгээс тодорхой болж байгаа юм.

Тиймээс Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр энэ хэргийг хэлэлцээд Т овогт Сын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т заасан “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хувь хүний нууцад халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож НЭГ ЖИЛ ХОРИХ ялаар шийтгэсэн байна.

Ингэхдээ С.Б нь 0-03 настай хоёр хүүхэдтэй болох нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулах нь зүйтэй гэж үзжээ.