УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгуулийг нийслэлд есөн тойрог, 24 мандат, орон нутагт 20 тойрог, 52 мандаттай явуулна.

Ирэх сонгуулийн хувьд эрх баригч хоёр нам уу эсвэл шинэ эсвэл, бие даагчид давамгайлсан сонголт болох уу гэдгийг сонгогч та л шийднэ. Мэдээж хэрэг өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх баригч гэх МАН, АН улс орныг удирдан тийм ч дорвитой үр дүнг гарсангүй өдийг хүрлээ. Энэ жилийн сонгуульд улс төрийн гуравдагч хүчнүүд шинэчлэлт хийхийг хүсч байгаа нь зайлшгүй. Тиймдээ ч Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ болон Монголын Социал Демократ Нам /МСДН/ нэгдэн хамтран ажиллахаа мэдэгдсэнээс гадна тус эвсэлд Электрот”, “Уухай” хөдөлгөөн нэгдэн орж хүчээ нэгтгэхээр болсноо мэдэгдсэн

Уухай хөдөлгөөний хувь намын үзэл баримтлал үл хамаарсан, зөвхөн эх орныхоо сайн сайхны төлөө гэсэн залуусын нэгдэл хэмээн өөрсдийгөө тодорхойлж байгаа бол Электрот хөдөлгөөнд DeFacto нэвтрүүлгээрээ олонд танигдсан эдийн засагч Жаргалсайхан гэх мэт нэг үгээр хэлбэр манай улсын бүхий л салбарын олны танил гэгдэх эрхмүүд цугларсан аж. Тэд харин энэ сонгуульд сонгогчдын итгэл хүлээж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тэдний хувьд эхнээсээ тойрогт нэр дэвшигчдээ тодруулаад эхэлсэн гэх яриа байгаа юм.

Жишээ нь ХҮН-ын дарга Б.Найдалаа Чингэлтэй дүүрэгт өрсөлдөхөөр төлөвлөж байгаа бол Хан Уул дүүрэгт ХҮН-ын УЗ-ын дарга Т.Доржханд яригдаж байгаа аж. Үүнээс гадна Уухай хөдөлгөөнөөс хуульч Б.Гүнбилэг, Дарханд Уухай хөдөлгөөний Б.Ганзориг, Эрдэнэтэд Уухай хөдөлгөөний зохицуулагч Д.Сайнбаяр, Сүхбаатар аймагт DeFacto Б.Жаргалсайхан нар тус тус өрсөлдөхөөр яригдаж байгаа. 

Ямартаа ч тэд сонгуулийн тойрогтоо санаа зовоод эхэлж, харин намын эв нэгдэлээ хэрхэн шийдэх нь тодорхой бус. Улс төрийн гуравдагч хүчнүүд тийм ч хангалттай биш байгаа. ХҮН л гэхэд анх УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг намын даргаараа сонгосон гэдгээ зарлаж шинэ улс төрийн хүчин хүчээ харуулах болов уу гэтэл нам доторх хагарал нь хэтэрхийдэж, хувийн амбиц хөөсөн хэдэн хүний маргаанаас болж тийм ч их нэр хүндийг ололгүй одоогийн сонгуультай нүүр тулах нь.

Монголын улс төрд гуравдагч хүчин зайлшгүй шаардлагатай болсныг цаг үе харуулж байгаа ч эдгээр нөхдүүд үүргээ үл ухамсарлан гарч ирсэн даруйдаа л хувийн амбицаасаа болж, дотроо хагаралдан замаасаа эрт гардаг. Энэ мэтээр тэдний үйл явц үргэлжилсээр байвал АН, МАН гэх хоёр намын дунд хавчуулагдсаар тэдний улс төрийн үйл явц улс оронд ч өгөөжгүй, өөрсдөд нь ч нэмэргүй дахин хэдэн арван жилийг авсаар л байх болов уу. Тиймээс улс төрийн гуравдагч хүчнүүдэд хандаж хэлэхэд улс орныхоо төлөө үнэхээр л зүтгэх хүсэлтэй бол эртнээс хувийн эрх ашгаа ардаа үлдээж, улс орны эрх ашгаа тэргүүндээ тавин ажиллах нь зүйтэй.