Шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар НМХГ, НОБГ-ын албан хаагчид мэдээлэл хийлээ.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй: Өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан өрхийн 19 хүн угаартсан хэмээн оношлуулсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүн байхгүй. Засгийн газрын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг хангуулах талаар Онцгой комисс хуралдаж, холбогдох шийдвэрийг гаргасан. Коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улаанбаатар хот руу ордог 8 пост дээр эргүүл гарч ажиллаж байна.

Нийтээр сар шинийн баярыг тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор гэр хорооллын гудамж, томоохон хотын төвүүдэд явган эргүүл гаргахаар боллоо. Уг эргүүлийн ажлыг ахмад настнууд, төрийн албан хаагчид ажиллаж, иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэх өгөх ажлыг хийнэ. Мөн нус цэр, тамхины ишээ хаясан иргэнийг торгох ажлыг хийж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай хуульд заасны дагуу нус, цэр, тамхины иш хаясан иргэдийг 10,000 төгрөгөөр торгож эхэлсэн бөгөөд 200 гаруй иргэнд дээрх торгуулийг оноосон.

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил: НМХГ, НОБГ, ЦЕГ харьяа дүүргийн цагдаагийн газрууд хамтран Улаанбаатар хот руу ордог бүх постууд дээр 24 цагийн эргүүл гарган ажиллаж байна. Энэ амралтын өдрүүдэд түүхий нүүрсийг хууль бусаар оруулах гэсэн зөрчил илэрсэнгүй. Харин ХУД-ийн 9-р хороонд нэг айл түүхий нүүрс түлж байна гэх дуудлагын дагуу очиж шалган, гурван шуудай түүхий нүүрсийг хурааж, тухайн иргэнийг 300 мянган төгрөгөөр торгосон.

НМХГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа: Томуу, томуу төст өвчний мэдээллийг хүргэхэд өнгөрсөн долоо хоногт тухайн өвчнөөр өвчлөгсдийн тоо 5.3 хувиар буурсан. Өчигдрийн байдлаар 518 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Коронавирусээр өвчилсөн 70586, нас барсан хүн 1770, хүнд байгаа хүн 11772, бүрэн эдгэрсэн хүн 10,773 хүн байна хэмээн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.