УИХ-ын гишүүн асан, сэтгүүлч, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, "MN-25-р суваг" телевизийн Ерөнхий Захирал З.Алтайтай ярилцлаа.

Та саяхан нэг телевизид өгсөн ярилцлагадаа: "Монголын төрд гадаадын тагнуул, дайснууд суудаг юм биш үү? Монголыг сөнөөе гэсэн бодолтой дайснууд яагаад бидний толгой дээр суугаад байна вэ?" гэж ярьжээ. Төмөр замын төслийг жишээ болгосон байсан л даа. Монголын төрд гадаадын тагнуул, туршуул, дайснууд байна гэдэг өөр ямар жишээ та дурьдах вэ?

 

Ер нь бол Монгол Улсын иргэн хардах эрхтэй. Би ямар нэр цохоод мөнгөний тоо хэлчихсэн биш, ерөөсөө өнгөрсөн жилүүдэд Монголын төрөөс явуулж байгаа бодлогыг харахад тийм л байна. Энэ бол хувь хүний миний л бодол. Хүн болгон бодох, хардах, үгээ хэлэх хэрэгтэй. 1990 оноос хойш Үндсэн хуулиар олгогдсон бидний ардчилал гээчийн бодит хэрэглүүр нь эрх чөлөө. Бусад нь ч мэдэхгүй дээ, юу  болж хувирсныг ард түмэн амьдралаараа өөрсдөө харж байгаа байлгүй дээ.

Яагаад гэвэл энэ гучин жил бид зах зээл, ардчилал гэдэг шинэ сонголтыг хийж ирлээ. Мэдээж энэ хугацаанд улс оронд өөрчлөгдсөн хөгжсөн зөндөө байгаа. Гэхдээ давын өмнө байх ёстой юм чинь хүний амь амьдрал. Хүний амьдралыг, ажил хийх таатай нөхцөлд амьдрах  орчинг л төр сайжруулахын төлөө нэн түрүүнд явах ёстой.Түүнээс бус статистик хэдэн тоо хэлчихээд л хошгоруулаад л,  нэг бол сонгууль дөхөхөөр баахан бэлэн мөнгө өөрийнхөө халааснаас гаргаж нигүүлсэнгүй амьтан болж байгаа юм шиг жүжиглээд л ... Тэрэнд нь манай ард иргэд хууртаад, “Ээ төрийн минь сүлд өршөө” гээд л банкаар нэг дугаарлаад л,  үнэгүй юманд нугасгүй болохоороо.

 

Гэтэл эцсийн эцэст татвар төлөн үйл тамаа үзэж хэдэн цаас бий болгож, улс орныг өдий зэрэгтэй авч явж байгаа татвар төлөгчдийн мөнгийг хэний ч зөвшөөрөлгүйгээр хулгай хийж аваад нийтэд нь тараана гэдэг чинь зөв бодлого уу? Эсвэл ер нь Монгол хүн төрд байна уу? эсвэл харь орноос даалгавар авсан  нөхдүүд бидний амьдралаар 30 жил тоглочихов уу? 

 

Би бол тэднийг Монгол хүн биш гэж хэлнэ. Гадна дотноос мөнгө төгрөг авсан, шантаажинд орчихсон ч юм уу? Ерөөсөө л Монголын төрийг бусниулдаг,  ард түмнийг нь ядуу байлгадаг, нийгэм нь тогтворгүй, хүмүүс нь ажилгүй, ажил хийх сонирхолгүй болгох л бодлого л явуулж ирлээ, энэ эрх баригчид.

 

- Хамгийн сүүлийн жишээ бол ЖДҮ-гийн зээл. Өөрөөр хэлбэл ард түмэнд оногдох ёстой мөнгийг дээгүүрээ хуваагаад авчихдаг гэх мэт энэ бүх үйлдлүүдийг л  та яг гадны тагнуулууд хийж байна гэсэн юм байна гэж ойлгож болох уу?

 

Өөр тэгээд хэн хийх юм бэ? Монгол хүн Монголын төлөө, улс орныхоо төлөө зөв бодлого барьж ажиллана уу гэхээс биш харийн хүн шиг орж ирчихээд бусниулаад өнөөгийн бидний амьдралыг ийм заваан болгочихоод байгааг өөрөөр юу гэж ойлгох юм?  Зөв хүн гэх үү, ухаантай хүн, зөв бодлого барьж байна гэх үү? ямар. Монгол хүн мөн юм уу?  хэн юм,  ер нь хэний даалгаврыг авчихаад Монголын ард иргэдийн амьдралыг ийм дорой болгож байгаа юм бэ гэж бодоод үз л дээ. 

Тэтгэврийн зээл авсан нөхдүүдэд 80 орчим тэрбум төгрөг тараагаад өгчихлөө. Таван толгойн ноогдол ашиг арван хэдэн хувь ч гэх шиг... Гэтэл өнөөдөр Сангийн сайд нь Японд айлчлаад “Азийн Хөгжлийн банк, вирус энэ тэр ч гэх шиг  яриад дөрвөн тэрбум төгрөг өгчихөөч дээ. Хүүтэй нь авъя л даа” гээд байгааг нь юу гэж ойлгох вэ?

 80 тэрбум төгрөгийг банкнаас зээл аваад хариуцлагагүй амьдраад, идээд уучихсан нөхдүүдийн мөнгийг тэглэдэг чинь зөв юм уу. 80 тэрбумыг зээл тэглэх нэрээр тарааж өгчихөөд, Сангийн сайд нь Японд очоод ичихгүй 4 тэрбум өгчихөөч гэж гуйж явааг Монголын төрийн бодлого гэх үү? ёстой ичиж үхмээр юм. Эрүүл хүн  ийм үйлдэл хийхгүй. Ийм байдлаар төрийн ажил явж байгаад би үнэхээр дургүй хүрч байгаа юм.

Гадаадын тагнуул Монголын төрөөр тоглож байна, хорлож байна  гэдгийг чинь би ч хэлсэн юм биш. Ц.Нямдорж сайд бол хэлж л байсан. Женког  Монголыг бол хорлож дууссан шүү. Монголын төрөөс явж байгаад чинь баяр хүргэе гэж УИХ дээр хэлж байсан үг.

 

Хамгийн сүүлд ЗүүнБаянгийн чиглэлд төмөр зам тавих нэрээр хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй  баахан шороо овоолоод, шулуухан хэлэхэд мөнгөөр л тоглолоо шүү дээ. Үүнийг шүүмжилж, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир чуулган дээр : “Та одоо ингэж Монголыг хорлох бодлого явуулахаа болиоч ээ” гэж хэлж л байсан. УИХ-ын гишүүд нь ингэж дуугарч байхад Монголын ард түмний нэг хэсэг болсон иргэн над мэтэд эргэлзээ төрж л таарна шүү дээ. Амьдралаа бодоод үзье, найзуудаа. Бид нарын зовлогоо зулгааж олсон татварын мөнгийг хэн юунд зараад шороо болгоод хаячихаж байгаа юм бэ? Өнөөдөр нийгэм тэр чигээрээ бухимдалтай байна . Нийгмийн олонхи нь ажил хийх сонирхолгүй байна, бэлэн мөнгө авах сонирхолтой байна. Энэ бол Манжийн л бодлого шүү, найзуудаа. Монголчуудыг зүгээр бэлэнчлэх сэтгэлгээгээр устгах бодлого. Тэд буудаад алж чадахгүй, шоронд бүгдийг нь хийж чадахгүй, тэгэхээр сэтгэл зүйг нь хорлочихьё л гэсэн бодлого.Энэ хэний бодлого юм бэ?  Монгол хүний, тэр дундаа төрд гарсан хүний ой ухаанаас гармааргүй  үйлдлийг л энэ нөхдүүд чинь хийгээд байгаа учраас Монгол хүн биш гэж байгаа юм. Монгол хүн биш бол яг хэн вэ? гэж. Гадны нөхөр юмуу эсвэл нэг бол гаднаас даалгавар авчихсан юм уу? Нөгөөтэйгүүр эд нарыг өөрсдөө төрд оруулсан  шүү, бид нар. 

 

Э.Бат-Үүл  Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нарын бодлогыг шүүмжилж, Монгол буцаад социализм руугаа орж байна, дарангуйллын тогтолцооруу шилжих гээд байна гэж олонтаа бичих болсон. Та иймэрхүү зүйл ер нь мэдэрч байна уу?

 

-Э.Бат-Үүл яахав гайгүй дуугараад байгаа юм.Хөөрхий дөө шүүхэд дуудагдаад л, торгууль төлбөрт ороод ч явах шиг. Гэхдээ Э.Бат-Үүл зоригтой л дуугарч байгаа нь өөрийнхөө үзэл бодолд үнэнч байгаагийнх гэж би дүгнэж байна. Өөр дуугарч байгаа хэн байгаа юм бэ? Хэнээс, юунаас айгаад байгаа юм бэ? Бид өнөөдөр амьдралыг сайн сайхан болгохын төлөө болохгүй байгаа юмыг зоригтой хэлж л байх ёстой.Энэ нийгэм чинь бүхэлдээ ингээд дуусна, үгүй бол. Сая манай “25-р  суваг” телевиз 1937 онд 30,40 мянган гэмгүй иргэдийг яаж хэлмэгдүүлсэн тухай сэдвээр 50 минутын түүхэн бөгөөд хагас уран сайхны хэлбэрээр нэвтрүүлэг бэлдлээ. Ингэхдээ бид төрөөс дэмжлэг гуйсан юм. Төр өөрөө  40 мянган гэмгүй иргэнээ 1937 оноос эхлээд хядсан учраас уучлал гуйгаад ийм юмыг дахин бүү давтагдаасай гэсэн үйлдэл хийх ёстой. Гэтэл “ёстой харагдаач” л гэж хариу өгсөн.

 

Яг үнэндээ бол төр өөрөө алсан юм байгаа биз дээ? Гудамжны хэдэн хулигаан алчихаагүй юм байгаа биз дээ?  Нэг иймэрхүү байдалтай, идэж уухдаа ашиглах болохоороо хэдэн тэрбум бол төрд ерөөсөө сонин биш, зүгээр л гарга, хая наадхаа, хэнээс ч бүү асуу, бид бүгдийг мэднэ, чадна гэдэг.Нийгэм ер нь явж явж айдас хүйдэстэй 1937 он руугаа орж байгаа юм биш үү? найзуудаа.

 

Өнөөдөр 1937 он шиг жалганд аваачаад дагз руу нь буудчихаж арай чадахгүй байх, гэхдээ дургүй хүргэсэн, цор цор гэсэн хэн байна? тэднийг шүүх, прокурор, цагдаагаараа дамжуулж үүрэг өгөөд наад муугийнхаа амыг тагла, хэд хоног суулга гэдэг юмыг зөндөө л хийлээ шүү дээ. Ерөнхий сайд байсан хэдэн хүнээ хийж л байна. Одоо Ерөнхийлөгч байсан хүнийг чамайг ирэхээр чинь барина аа гэж л байна. Энэ хэлмэгдэлтэнд ороогүй хэн байна, бүгдийг нь хийлээ, айлгалаа шүү дээ.Энэ чинь 1937оноос ялгаа юу байна? Ёстой нөгөө хонгил чинь байж л байна.Энэ хонгилыг бүрэн устгахгүй л юм бол, янз бүрийн даалгавартай хорон санаатай бүлэг этгээдүүдийг устгахгүй л юм бол Монгол улс бүр л харанхуй айдас  хүйдэстэй зам руугаа орно. Юу гэсэн үг вэ ? тийм юм болоосой гэж бид нар ардчилалыг гаргасан юм уу? Би Үндсэн хууль хүртэл батлалцаж явсан Ардын Их Хурлын Депутат хүн. Сайн сайхан юм мөрөөдөж түүний төлөө л АИХ-ын 430 депутат зүтгэсэн болохоос биш өнөөгийн нийгмийг айдас хүйдэстэй, гунигтай, зовлонтой болгоосой гэж бодоогүй.Тэгвэл социализмаараа л явдаг байж дээ. Би ерөөсөө энийг ойлгохгүй байгаа байхгүй юу? Хаашаа яваад байгаагаа ойлгохгүй байна. Юунд хүрэх юм бэ, Монгол улсад ямар төлөвлөгөө байна, иргэн хүн би мэдмээр байна шүү дээ. Монгол улсын иргэд мэдмээр байна шүү дээ.”Тийм зорилготой явж байгаа юм байна. Тэнд хүрэх юм байна, тэдэн жилийн дараа тэгэх юм байна.Амьдрал ахуй маань ингэж өөрчлөгдөж хөгжих юм байна” гэж. Өнөөдөр бид харанхуй явж байна. Далай дотор хаясан нэг муу ямбий модон завь хаашаа л бол хаашаа хөмрөөд далай руу ороход бэлэн байдалтай.Хаашаа чиглэж яваад байгаагаа ч мэдэхгүй.Ийм л улс орон байна шүү дээ. Ингэж болдог юм уу? Хүнд чинь итгэл үнэмшил байх ёстой биз дээ? Ийм дампуурсан зорилгогүй, хаана яваад байгаагаа мэдэхгүй  байж болохгүй. Айл гэр хүртэл төлөвлөлт хийдэг юм байгаа биз дээ. Би ерөөсөө ойлгохгүй байна.  Хаана ч ямар ч улсад амьдраад юунд ч хүрэх гээд байгаа юм?

 

-Та УИХ-д бие даан сонгогдон ажиллаж байсан. Ер нь бие даагч УИХ-ын гишүүнд үзэл санаа зорилт, мөрийн хөтөлбөрөө үйл хэрэг болгох боломж  хэр байдаг юм бэ?

 

Байхгүй ээ. \инээв. сур\  Амьд жишээ нь би байна шүү дээ. Надаас жишээ ав. Бие даах гэж байгаа улсууд минь ээ .

 

Би зүгээр хэлье. Сэтгэл чинь сайхан байна.Над шиг бухимдаад л, “Ганц дайчин ганцаардахгүй ээ, үзнэ” гэж бодож байгаа байх. Гэхдээ хамгийн гол нь үр дүн гардаггүй юм байна лээ л гэж хэлмээр байна, би.

 

Тийм учраас бол аль болох эвсэл бүлэг болж орж нэгдэж байж  чиний уурлаад хийх гээд зориод байгаа зүйлийг ажил хэрэг болгоно уу? гэхээс биш ганц хоёроороо бие даагч болчих юм бол шал дэмий л гэж хэлмээр байна. Нээрээ шүү, би үүнийг дөрвөн жил өөрийн биеэр амссан. Үр дүнд хүрээгүй.УИХ-д орж “Хулгайч луйварчингууд минь хэрээ мэдээрэй” гэж орилсон нь үнэн. Над шиг юмыг ямар ч хуулийн төслөө бариад орохоор “Өө.. чи муу хэн юм бэ” гэж шууд хэлэхгүй ч гэсэн доторх санаа нь тийм л байдаг байсан.

 

-УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөх гэж байгаа хүмүүсээс гадна бие даагч нарыг сонгодог юм уу? гэж байгаа сонгогч нарт хэлэх ёстой юм болов уу? Хамгийн сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн С.Жавхлан гишүүн байна?

 

Ямар хэрэгтэй юм бэ? С.Жавхлангийн замыг арай эрт туулчихсан хүн л дээ. Дэмий байдаг юм байна лээ л гэж хэлээд байгаа байхгүй юу.Одоо битгий тэгээ. Сонгож байгаа улсууд нь ч гэсэн наад хүн чинь сайн хүн байж болно, гэхдээ тэр хүн ганцаараа эсвэл хоёулаа, гурвуулаа ороод ч УИХ-д бол хэн ч биш гэдгийг ойлгочихооч дээ. Хайран суудал .Түүний оронд “Электорат” гэдэг  ч юмуу сайхан залуучуудтай нэгдээд нийлээд, нэгдэл болоод  орох юм бол илүү үр дүнд хүрнэ. Түүнээс биш сэтгэлийн хөөрлөөр над шиг битгий орж  хайран дөрвөн жилийг тэнд алдаасай л гэж хэлэхийг хүсч байна.

 

-Сүүлийн үед нэг бус намууд нэгдэж, эвсэл бий болж байна. Энэ тухайд?

 

 Би улс төрч биш гэдгээ хэлээд байгаа шүү дээ. Дүгнэдэг тоймч ч биш. Сэтгүүлч шүү дээ, хөөрхий амьтан. Янз бүрийн мэдээлэл дунд байдаг тулдаа л тархи толгой руу у орж ирээд “Одоо яах вэ? “25-р суваг телевиз”-ээр аль өнцгөөс нь яаж дуугарах вэ? гэдгийг л нөхөдтэйгээ ярилцаад явж нэг хүн.

Ер нь бол намууд эвсэх гэдэг  хамгийн зөв.

 

Одоо МАН, АН гэдэг мөнхийн хоёр нөхрөөр 30 жил амьдралаа тоглууллаа шүү, тийм биз? Энэ жижиг  намууд сонгууль дөхөхөөр л амь ороод, шоргоолж гэсэж байгаа юм шиг л амь орох юм.Бусад цагт нь ган гэх юм байхгүй. Одоо нэгдээ, найзуудаа.

 

Өөр гарц байхгүй.Та нарт өөр арга байхгүй. Арав хориороо нэгдээд орж үз. Хэдэн суудал авахын төлөө явж үз. МСДН, ХҮНам хоёр эвсэж байна, сайн байна. Нэр цэвэр залуучуудтай боловсон хүчний нөөц дажгүй, сайхан залуучуудтай иймэрхүү нэгдлийг л дэмжмээр байна.

 

-Гэтэл сөргүүлээд асуухад нөгөө талдаа сүүлд байгуулагдсан 10 намын эвсэл гэхэд л үнэндээ үхрийн бөөр шиг л харагдаж байгаа нь нууц биш?

 

Мэдэхгүй ээ... Та бид эвсэл дотор хэн байгааг, намын дарга нь хэн бэ гэдгийг мэднэ. Нул амбицтай улсууд л байгаа шүү дээ. Чи муу юу юм бэ? би юу билээ? гээд л заамдалцаад авахад хэзээ ч бэлэн хүмүүс. Одоо бол эвслээ л гэж байна, яг эвсээд тодорхой суудал авахаараа гахай нохой дээрээ хүрэхийг  үгүйсгэхгүй.Энэ чинь эвсэл биш. Тодорхой зорилготой программтай, зохион байгуулалттай, эвсэл болж ороод  ямар хөтөлбөр дэвшүүлэх юм? Хэрэгжүүлэх юм, бүлэг боллоо гэхэд хэн дарга нь болох юм бэ? ч гэдэг юм уу? Бүх юм наана нь тодорхой болсон байх ёстой. Гэтэл  хэдэн суудал авангуутаа чи би дээрээ тулах юм бол МАН, АН хоёроос л долоон дор болно шүү дээ. Ичгэвтэр юм болно биз дээ? Тийм учраас найзуудаа, та нарыг бол бид бүгдээрээ мэднэ ээ. Эвсэл болж байгаа нь сайхаан сайхан. Зөв байна. Эвсэл болоод хэдэн суудал авч гэмээн  дотроо ороод алалцаад эдний жишгээр битгий явчихаарай. Ганц хоёр ч гэсэн зөв аятайхан юм хийхийг оролдоосой л гэж хүсэж байна. Монгол хүний муухай зан тэр шүү дээ.

 

-“МАН, АН-аас залхаж байна, одоо болно” гэж сонгогчдын дийлэнх нь ярьдаг.Тэгэхдээ л тэдний орыг залгах шинэ тэргүүлэх хүчин, аль нэг нам эвсэл одоо бэлэн байна уу гэсэн асуулт бас байгаа?

 

Манай Монголчуудын хорь, гучин нам болдог. Бүгд намын дарга болдог, цээжээ дэлддэг, би л гэж хэлдэг, түүний  л хар гай шүү дээ. Өнөөдөр Монголд үндсэндээ лидер байхгүй байна. Аливаа юмыг хийхэд лидер гэдэг тэр сүргийн манлайд явж байдаг тэр нөхөр байх хэрэгтэй. Түүнийг дагаад сүрэг хөдөлдөг, түүний замаар явдаг. Сүрэг зогс гэвэл зогсдог, яв гэвэл явдаг.Өнөөдөр Монголд аль ч намд тийм лидер байхгүй байна.

 

МАН-д бол сүүлд У.Хүрэлсүх  гээд лидер гарч ирлээ, гарцаагүй. За энэ хүн бол лидер мөн. Сайн ч алдаатай ч юм байгаа байх, гэхдээ лидер мөн үү? мөн.

 

АН бол үндсэндээ бол ямар ч лидергүй болчихлоо. Сонгууль дөхөхөөр юу л болох бол хэдэн суудал авах бол, одоо байгаа суудлаа авч чадах ч юм уу? хэн мэдлээ. Тэгэхээр шинэ намууд дотор ихэнх нь танигдаагүй улсууд шүү дээ. Тийм хэмжээний лидер төрж байж сонгогчид тэр лидерт итгэл үнэмшлээ өгч байж юм урагшилдаг болохоос. “Цөмөөрөө би ч чи ч дарга” гээд явах юм бол итгэх итгэл муу байх болов уу л гэж бодож байна.

 

-Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи таван Ерөнхийлөгчийн хэн нь арай дөнгүүр ажилсан гэж бодож байна?

 

Уг нь бол гайгүй улсууд л гараад байх шиг байдаг, харахад. Гэтэл түүний араас хэрэг хуучирдаггүй гэдэг шиг тийм ч  юм идчихсэн, тэрийг  ч цохьчихсон гээд л идэж уусан заваан юмнууд нь гарахаар бүгдэнд нь дургүй хүрч байна шүү дээ. Тийм биз дээ? Би мэргэн хүн биш. 

Уншигчидтай санал хуваалцья л даа. Яг хэн нь юм бэ? П.Очирбат уу? Н.Багабанди уу? Ц.Элбэгдорж уу ? Женко Баттулга бол яахав хугацаа нь болоогүй байна. Ингээд дүгнэвэл бүгд бөгсөндөө баастай, гар нь өмхий үнэртсэн, Монголын төр улсаас ашигт малтмал, лиценз энэ тэр  гээд элдэв юм хусчихсан нөхдүүд л байх юм байна шүү дээ. Ганц цэвэр хүн байж болдоггүй юм уу? Ингэхээр чинь төр, хүнд итгэх итгэл чинь байхгүй болчихож байна.

Хамгийн мундаг номер нэг улсууд нь ичиж үхмээр ийм үйлдэл хийчихсэн байхаар чинь юунд итгэх юм бэ? Ард иргэдэд итгэх лидер, шүтэх зүйл байхгүй л юм бол энэ улс хаашаа явах нь ойлгомжгүй болно. Явж явж ерөөсөө ганц итгэх итгэл нь Гандан хийд болчихож.Өөр итгэх юм байхгүй юм чинь. “Ум мани бадмэ хум, амьдралыг минь сайжруулаад үр хүүхдийг минь жаргаагаад, хэдэн цаастай болгож өгөөч ээ... тийм ном уншуулъя хэдэн цаас билээ? миний хүү” гээд нэрийг нь хэлдэг, энэ чинь солиорол биз дээ?  Хүн явж явж амьдралд итгэх итгэлгүй болоод л тэнд очоод хий хоосон юманд очиж мөнгөө өгөөд нэг утаа үнэрлээд ариусаад явчихдаг байдал руу орчихлоо шүү дээ.

 

-Та УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж оролцох уу?

 

Больё оо, больё. 

 

Улс төр гэдэг чинь хамгийн заваан юм байдаг. Орж үзсэн, сууж үзсэн. Юм болгонд л цаг хугацаа гэж байдаг юм.

 

Тэр юман дээрээ та зогсох ёстой. Тэрнээс мөнхийн юм шиг авирлаж болохгүй. 

 

-Та УИХ-ын гишүүн байхдаа нэгэнтээ хэлж байсан. “УИХ-ыг гаднаас харахад нэг өөр байдаг дотор нь оронгуут бүр өөр болчихдог юм байна” гэж?

 

Ер нь бол заваан шүү дээ. Улсын Их Хурал дотор ч нэг их оруулдаггүй байлаа шүү дээ.Гаднаас нь л хардаг байлаа. Дотор нь ороод хуйвалдах, фракци болох, мөнгө төгрөг идэж уух дээрээ бол хонь чонь хоёр нэгдчихдэг юм байна лээ.Тэр ерөөсөө сонин биш. Ерөөсөө л найзалчихдаг, гэхдээ бүгдээрээ биш л дээ. Найзалдаг фракцийн цөөн улсууд хор хутгадаг, мөнгө тендер, том концесс хусдаг. Түүнийг  чинь нүдээрээ хараад .....

Тэгээд л өрөөндөө ороол коньяк задалж уугаад л , аль данс руу хийх вэ? хэдээр хуваах вэ? гэж тохирдог, үнэн балиар.Тэгэхдээ тэр балиар юм чинь нотлогдож баригддаггүй юм.Шууд гав зүүчихэд их хэцүү. Гэхдээ хүн л юм хойно тэр найрааг чинь харж л байгаа шүү дээ.Тийм биздээ? ямар муухай юм бэ гэж?

 

-Тэгэхээр ард түмний нүдэн дээр алалцаад байдаг,  араар нь бол тосоо гартал тэврэлддэг гэдэг шиг л…

 

Хонь чоно хоёр найз болчихсон л байгаа байхгүй юу. Уг нь бол найз биш биз дээ? байгаль дээрээ ч. 

 

-Та телевизийнхээ ажлаас өөр ямар нэгэн сонгуульт алба эрхэлж байна уу?

 

Байхгүй ээ. Хэдэн сэхээтнүүд “Электорат” хөдөлгөөн байгуулаад  долоо хоног болгон тэнд очиж санал солилцдог. Ер нь яах вэ? хийх ажилгүй дээ биш л дээ. Үнэхээр болохоо байлаа гэнгүүт хүссэн хүсээгүй хоёр хөл чинь гуйвагнаад цугладаг газар луугаа очих юм байна шүү дээ. Нүүр нүүрээ харах юм байна. Яах вэ? бидний хийж чадах юм юу байна? Тэнд цуглаж байгаа хүмүүс  Улсын Их Хурлаас хол хөндий хүмүүс. Ямар ч тийм хорон муу санаа байхгүй. Гэхдээ улс орон ,төр, сонгуулиар яаж гайгүй шиг зөв хэдэн хүнийг гаргаад ирэх вэ, бид яах ёстой юм бэ, нэр нүүрээ худалдах уу? Гээд л цуглана.

 

Хамгийн сүүлд та хаагуур хаагуур аялав?  Г.Ганхүү ахтай цаашид аялах уу?

 

Үгүй үгүй.

 

Г.Ганхүүгээс гадна “Инээмсэглэл”-ийн Г.Ганболд, Н.Ганхуяг  гээд гурван хүнтэй явж байлаа шүү дээ. 70,80 орноор явсан байх. Тэр яахав. Бүх юманд цаг хугацаа байдаг юм аа гэж. Бүх юмыг хийгээд дууссан бол зогсчих. Дараагийнх нь өөр залуучууд хийг л дээ.

 

-Тэгэхээр таны хувьд одоо амьдралын тань ямар цаг үргэлжилж байна ?

 

Миний хувьд бол цаг хугацаандаа. Өөрийгөө болчихсон бол боллоо гээд зогсчихдог. Манай  улс төрчид харин тэгэхгүй юм даа, тэ. Мөнхийн мотор нь ажиллаастай. Саарал ордон дотроо талийгаач болох гээд байгаа юм уу хаашаа юм бэ? Үл ойлгогдох нөхдүүд байна аа. Би боллоо гэж ерөөсөө боддоггүй юм байна лээ. Би яагаа ч үгүй байна гээд л бодоод байдаг, их сонин нөхдүүд. 

 

Миний хувьд бол болчихсон.Цаг хугацааны хувьд бол би дахин хэлмээр байна. Найзуудаа юм боллоо л гэж бодвол бодох цаг боллоо шүү дээ. 30 жил ажил амьдрал, үр хүүхэд бүх юмаараа тоглууллаа шүү дээ.

 

Бидний хувьд бол дүүрсэн хорвоо гэж бодъё. Үр хүүхэд, ач зээ, худлаа үнэн ч гэсэн эх орон гэж байдаг. Ирээдүйг сайн сайхнаар харах, хүний сайхан тэмүүлэл байна шүү дээ. Нартай жаргалтай эх орноо хармаар байна. Тийм учраас гучин жил бүрхэг байла,а найзуудаа. Одоо боллоо, цаг нь иржээ. Бидэнд ганцхан боломж байна. 6-р сарын сүүлээр ганцхан өдөр сонгуульд хуудас цаас хийх юм байна, тэрэн дээрээ бодоод өгчихье өө. Тэгэхдээ өөрсдийнхөө төлөө биш үр хүүхдийнхээ төлөө. Эх орныхоо ирээдүйн төлөө гэж бодоод л өгчих. Өөр элдэв шалдав юм битгий бод. Одоо цэг тавья гэж. Тэгвэл “Нэг гайгүй сонгууль болжээ, 76 дотроос хог новш шүүрдэгдээд гарчээ” гэх юм бол баярламаар байна шүү дээ. “Хундага юм хийчих, сэтгэл сайхан болчихлоо, сайхан цаг ирэх нь дээ” гээд  бие бие рүүгээ утасдаад “Сонгуулийн дүн харав уу.... баяр хүргэе” гэмээр байна.Өөр хүний амьдралд юу хэрэгтэй юм бэ? Цаг нь болжээ л гэж хэлмээр байна.

 

 Баярлалаа, таньд. Ярилцсанд.

 

За,зүгээр ээ

 

 

 

Сэтгүүлч Ч.Явуухүү

sonin.mn