Эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байгаагүйгээс болж бага насны хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, өчигдөр 15:00 цагийн орчин бага насны  хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ. 

Тодруулбал,  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага цагдаа болон онцгой байдлын газарт 2020.02.20-ны өдрийн 15:11 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна. 

 Уг гал түймэрт С /1 нас, эмэгтэй/, У /4 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн бөгөөд хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм. 

Иймд эцэг эх  асран хамгаалагчид алхам бүртээ болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.